• Home
  • ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын Холбооны эрхэм гишүүд, энэ салбарт хамтран ажиллаж ирсэн    нийт мэргэжилтэнгүүд, байгууллагууд та бүхний амрыг эрин мэндчилье.

2019 онд ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 445.2 тэрбум төгрөгөөр буюу 34.7 хувиар өсч, харилцагчдын тоо өмнөх оноос 78.2% хувиар нэмэгдэж 2.8 саяд хүрсэн, олон талаараа нийгэм эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсан санхүүгийн зах зээлд улам хүчирхэг салбар болжээ.

2019 онд Холбоо нь эрхэм зорилго, чиглэлийнхээ хүрээнд төлөвлөсөн ажил болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг амжилттай шийдвэрлэж, гишүүдээ чадавхижуулж, нийгмийн хариуцлага, комплаенс, ёс зүйг дээшлүүлж, тогтвортой эрх зүйн орчинтой хөгжлийн асуудлуудад голлон анхаарч ажилласан байна. Үүний хүрээнд, гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж холбогдох төрийн захиргааны байгууллагууд,  хуулийн этгээдүүдэд дангаар болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөж шийдвэрлүүлэх, хууль журмуудын төслүүдэд санал хүргүүлэх ажлуудыг шуурхай гүйцэтгэлээ.

Мөн нийт ББСБ-ын холбогдох ажилтнуудад “Комплаенс ба ёс зүй” сертификатжуулах онлайн сургалтыг амжилттай хүргэж, гишүүддээ мэргэжлийн сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, салбарын холбогдох мэдээллээр тогтмол хангаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажилсанг дурдахад таатай байна.

Дэлхий даяар санхүүгийн технологийн шинэ үе хөгжин тэлж байгаагийн хэрээр холбоо холбогдох хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, харилцагчийн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл технологийн компани болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж гишүүддээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний боломжуудыг нээн ажиллаж байна.

Холбоо ББСБ-уудын ёс зүйтэй үйл ажиллагааг дэмжин гишүүн байгууллагуудын баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн баталж, ажилласан нь ахиц дэвшил авчирч байгааг харах таатай байна.

Нийт гишүүдийн сэтгэл ханамжийн судалгаагаар 2019 оны Холбооны үйл ажиллагааг өмнөх жилээс мэдрэгдэхүйц өндөрөөр үнэлсэн нь Удирдах зөвлөл болон Ажлын албыг улам ихийг хийж бүтээхийн урам өглөө.

Холбоо цаашид эрхэм зорилгынхоо хүрээнд эрх тэгш хүртээмжтэй үйл ажиллагааг эрхэмлэн ажиллах болно. Харилцагчийн эрэлтэд нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн шийдлүүд, бичил санхүүгийн хүртээмжийг улам ихээр дээшлүүлэх ажлуудыг гишүүд болон хамтран ажилладаг байгууллагуудтайгаа мэргэжлийн ёс зүйтэй, зөв засаглал болон комплаенстайгаар хамтдаа шийдвэрлэх болно.

Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж, эрч хүч бэлгэлж ирсэн эрхэм холбооны гишүүд, хамт олон, хамтран ажилладаг байгууллагууддаа чинь сэтгэлийн талархал дэвшүүж ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!

                                                        Хүндэтгэсэн,      Монголын ББСБ-уудын Холбооны                              ерөнхийлөгч  З.Алтанзул