Бичил зээлийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан олгоно
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 4-р сарын 08, Даваа гариг, 09:46

Хөдөлмөрийн яамын Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалангаас жижиг, дунд үйлдвэрийн зээлийн талаарх зарим зүйлийг тодрууллаа.

Жижиг, дунд үйлдвэрүүдэд энэ жил хэдий хэмжээний зээл олгох вэ?

Жижиг, дунд үйлдвэрт олгох зээлийн мөнгийг энэ оны төсөвт суулгаагүй. Өмнөх жилүүдэд жижиг, дунд үйлдвэрүүдэд нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн хүүгийн эргэн төлөлтөөс 10 гаруй тэрбум төгрөг төвлөрөөд байгаа. Энэ оны аравдугаар сар хүртэл зээлийн хүүгийн эргэн төлөлтөөс нийт 40 тэрбум төгрөг төвлөрнө. Тэгэхээр энэ жил жижиг, дунд үйлдвэрүүдэд ийм хэмжээний зээл олгох боломжтой гэсэн үг. Одоогоор аймаг, дүүргүүдэд жижиг, дунд үйлдвэрийн зээл хүссэн төслийг хүлээн авч байна.

Зээлийн эх үүсвэр хангалтгүй байгаа. Тэгэхээр ямар салбарыг онцлон санхүүжүүлэх вэ?

Жижиг, дунд үйлдвэрлэл нь нийт аж ахуйн нэгжийн 92 хувийг эзэлдэг. Зээлийн эх үүсвэр хязгаарлагдмал учраас хүссэн хүн бүрт хүрэлцэхгүй. Тиймдээ ч гомдол санал, хүлээлт дагуулах байх.

Тиймээс тэргүүлэх салбараа тодорхойлох шаардлагатай. Манай яам Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр боловсруулж байгаа. Аль салбарыг түлхүү дэмжих нь уг хөтөлбөрөөс тодорхой болно.

Жижиг, дунд үйлдвэрийн зээлийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан олгохоор болж буй гэсэн. Энэ үнэн үү?

Хуульд жижиг, дунд үйлдвэрийн зээлийн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан олгохыг зөвшөөрсөн заалт бий. Сая жижиг, дунд үйлдвэрийн зээлийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж олгоно гэсэн журам баталлаа. Иймээс манай яам бичил зээлийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан олгохыг дэмжиж байгаа. Хүмүүс банк бус санхүүгийн байгууллагыг хадгаламж зээлийн хоршоо шиг дампуурна гэж болгоомжилдог. Гэтэл манай банк бус санхүүгийн байгууллагууд 150 тэрбум төгрөгийн дүрмийн сантай болсон, одоогийн байдлаар нэг нь ч дампуураагүй. Банк бус санхүүгийн байгууллагууд өөрсдийнхөө найдвартай байдал, хөрөнгийн чадавхийн талаар иргэдийн итгэлийг төрүүлэхүйц танилцуулгыг хийж, сурталчилгаагаа зөв явуулах хэрэгтэй.

Жижиг, дунд үйлдвэрийн зээлийг том компаниудад их хэмжээгээр олгосон гэх шүүмжлэл байдаг. Энэ гажуудлыг хэрхэн засах вэ?

Жижиг, дунд үйлдвэрийн зээлийг зориулалтын бусаар, том компаниудад өгөөд байна гэсэн гомдол ирдэг. Үндэсний аудитын газар жижиг, дунд үйлдвэрийн зээлд шалгалт хийж байгаа. УИХ-д шалгалтын үр дүнгээ танилцуулна. Жижиг, дунд үйлдвэрийн сангаас бүс нутгийн шинж чанартай том төсөлд 1.5 тэрбум төгрөгөөс дээш зээл олгохгүй байх журам батлая гэсэн саналыг ярилцаж байгаа. Нэг компанид олон тэрбум төгрөгийн зээл олгодог явдлыг зогсоох нэг арга нь энэ. Ингэвэл жижиг, дунд үйлдвэрийн зээлийн хүрэлцээ ч өснө.

http://vip76.mn/content/17382

 

Гишүүний хэсэг