Санхүүгийн зохицуулах хороо, Чингэлтэй дүүргийн хамтарсан ажлын хэсэг Валют арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
2013 оны 11-р сарын 14, Пүрэв гариг, 06:49

Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр /Төмөрчний гудамж, Найман шарга, Их найман шарга, Цэцэг төв, Ард кино театр орчим/-т гадаад валютын арилжаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, гадаад валютын хууль бус ажиллагааг таслан зогсоох зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/320 тоот захирамжаар Санхүүгийн зохицуулах хороо, Чингэлтэй дүүргийн хамтарсан Байнгын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томиллоо.

Ажлын хэсгийн 11 сарын 11, 12, 14-ний өдрүүдэд гаргасан гүйцэтгэх ажлын төлөвлөгөөт ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтран баталсан удирдамжийн дагуу 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төв, Ард кино театр орчим болон Төмөрчний гудамж буюу олны нэршиж заншсанаар Найман шаргад гадаад валютын арилжаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд газар дээрх хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтын 4 ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагчид, 1, 2, 3 дугаар хорооны цагдаагийн болон олон нийтийн байцаагч нар багтаж ажиллалаа.

Шалгалтын зорилго нь валютын арилжаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн талаарх холбогдох бүртгэлийг цэгцлэх, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй валютын арилжаа эрхлэгчдэд тавигдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй этгээдэд захиргааны арга хэмжээ авах болон холбогдох татвар, хөлс хураамжийн төлөлтөд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах явдал юм.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан, дүгнэлтийг ирэх 7 хоногт багтаан гаргаж, олон нийтэд мэдээлэхээр ажиллаж байна.

 

Гишүүний хэсэг