ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож бүртгэл болголоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 4-р сарын 01, Мягмар гариг, 09:48

Төрийн байгууллагуудаас олгодог зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, шат дамжлагыг энгийн, хялбар болгох хоёр түвшний ажлын хэсэг Засгийн газарт ажиллаж байна. Яам, агентлагуудаас олгож буй бүх төрлийн зөвшөөрөл, лицензийг нэг бүрчлэн судлаад тэдгээрийг хүчингүй болгох эсвэл хэвээр үлдээх талаар анализын баг санал дүгнэлт боловсруулдаг. Хууль эрх зүйн үндэслэлтэй эсэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд болон тухайн салбарт бизнес эрхлэхэд ээлтэй эсэх гэсэн үндсэн шалгуураар дүгнэсэн анализын багийн саналыг дараагийн шатанд Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг хэлэлцдэг юм.

Энэ ажлын хэсгийн тав дахь удаагийн хурал 2014.03.26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар НБОНХГазар, НӨХГазар, СЗХороо гэсэн 3 байгууллагаас олгож буй тусгай зөвшөөрлүүдийн талаар хэлэлцлээ. Ажлын хэсгийн хуралд дээрх ажлын хэсгийн гишүүд, яам төрийн байгууллагууд, СЗХ, МББСБХолбоо, Даатгалын холбоо, ҮЦАЭХолбоо, ББСБ-уудын төлөөлөл оролцож санал бодлоо хэллээ. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Бямбацогт, Д.Зоригт, Д.Сумъяабазар нар байр сууриа илэрхийллээ.

Хурлын хоёрдугаар хэсэгт СЗХ-с ББСБ-ын үйл ажиллагаанд мөрддөг 16 тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцэж, ББСБ-н үйл ажиллагааны чиглэлээр олгогддог 11 төрлийн тусгай зөвшөөрлийг нэгтгэж 1 тусгай зөвшөөрлөөр олгохоор боллоо. Мөн дараах 5 зөвшөөрлийг хүчингүй болгон бүртгэл болгохоор шийдвэрлэснийг дуулгахад таатай байна.

  1. ББСБ-ын гаргасан хаалттай өрийн бичиг бүртгэх тухай журмыг хүчингүй болгох
  2. ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, дүрмийн сангийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай – СЗХ-нд дээр бүртгүүлж байх
  3. ББСБ-ын хоёрдогч өглөгийн зөвшөөрөл олгох, татгалзах тухай журмыг хүчингүй болгох
  4. ББСБ-ын салбар, нэгж байгуулахыг зөвшөөрөх – хүчингүй болгох
  5. ББСБ-ын оноосон нэр өөрчлөхийг зөвшөөрөх журмыг Бүртгэлийн хуулиар зохицуулахаар боллоо.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан энэхүү ажлын хэсэг төрийн 54 байгууллагаас олгож байгаа 914 зөвшөөрлийг ийнхүү ээлж дараагаар хэлэлцээд, гаргасан санал дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 01, Мягмар гариг, 09:59
 

Гишүүний хэсэг