ББСБ-ын тоог нэмэх бус, одоо байгааг нь чадавхижуулах хэрэгтэй байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 08:36

Санхүүгийн зохицуулах хорооны Зохицуулалтын байгууллагуудын чуулга уулзалтын үеэр Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (МББСБХ)-ны ерөнхийлөгч А.Алтансүх “ББСБ-ын салбарын нийгэмд гүйцэтгэх үүрэг, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ. МББСБХ-ны тухай товч танилцуулсныхаа дараа тэрбээр энэ салбарын хууль эрх зүйн орчны талаар илтгэлийн эхэнд хөндөв. “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг анх батлахдаа эдийн засгийн, нийгмийн шилжилтийн он жилүүдэд тодорхой хуримтлал бүхий иргэдийн явуулж буй үйл ажиллагааг аж ахуйн хэлбэрт оруулан, төрийн хяналт зохицуулалт, татвар, тайлан тооцоололд хамруулах, тэдгээрийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтад оруулах зорилготой байсан. Ийнхүү тухайн үед төдийлэн санхүүгийн үйлчилгээг авч хөгжиж чадахгүй байсан бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч, өрхийн аж ахуйтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангаж, тэдэнд санхүүгийн үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх тэр арга механизмийг тодорхойлж, томъёолж чадсанд энэ хуулийн гол ач холбогдол оршдог. Өөрөөр хэлбэл хувиараа санхүүгийн үйл ажиллагаа явуулж байсан иргэдийг мэргэжлийн санхүүгийн байгууллага болгож, бичил, жижиг бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүргэснээр ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар бичилээс жижиг, жижгээс дунд ААН-ыг бий болгох, татварын бааз суурийг нэмэгдүүлэх гээд хэд хэдэн чухал үүргийг нийгэмд гүйцэтгэх зорилготой байсан ББСБ-ууд маань өнөөдөр энэ үүргээ зөвхөн өөрсдийнхөө хөрөнгийн хүрээнд хангалттай сайн гүйцэтгэж ирлээ. Өнөөдөр ББСБ-ын үйл ажиллагаа эрхэлж байгаа салбар нь 500 тэрбум төгрөгийн активтайгаар, нийтдээ 527 мянган (давхардсан тоогоор) харилцагчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнд голлон банкны шалгуурыг давж чаддаггүй, санхүүгийн үйлчилгээ авах бололцоогүй орлого багатай, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг. Барьцаа хөрөнгийн шаардлага хангадаггүй, үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа иргэн, өрхийн аж ахуйтнуудад санхүүгийн үйлчилгээг хүргэх замаар ядуурлыг бууруулж, ажлын байрыг шинээр бий болгож, хөл дээр нь босгож байгаагаараа ББСБ-ын салбарын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө асар их юм” хэмээн А.Алтансүх ерөнхийлөгч онцлов.
Түүнчлэн ББСБ-ын хууль эрх зүйн орчны үзэл санаа төрийн үйл ажиллагаанд тусгалаа олохгүй, тэндээс олгодог төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт бага орлоготой иргэд, бичил, жижиг бизнес эрхлэгчдэд хамгийн ойроос үйлчилдэг ББСБ-уудаар огт дамждаггүйг ч шүүмжилсэн. Учир нь зөвхөн Дэлхийн банкны БСХС-ын санхүүжилт л ББСБ-уудаар дамждаг байна. Мөн ББСБ-ууд нь санхүүгийн үйл ажиллагааг хүргэхдээ нийгмийн хариуцлагын чиг үүргүүдийг хамтад нь авч хөгжих Олон улсын чиг хандлагад орж байгааг энд онцлон тэмдэглэмээр байна. Үүнд харилцагчийг хэт өрийн дарамтаас хамгаалах, хэрэгцээнд нь тулгуурласан санхүүгийн үйлчилгээг хүргэх, харилцагчийн гомдол саналыг цаг хугацаанд нь барагдуулах, хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлэх, нээлттэй ил тод, ойлгомжтой байдлаар хүнд сурталгүй ажиллах зарчмуудыг баримталдаг болоод багагүй хугацаа өнгөрч буйгаа ч хэлсэн. Гэвч сүүлийн хоёр жилд ББСБ-уудын тоо хурдацтай өсөж байгаа учраас энэ нь эргээд өрсөлдөөнийг улам ширүүн болгосноор тэд иргэд, бичил аж ахуй нэгжүүдийн төлбөрийн чадварт үл нийцсэн барьцаа хөрөнгөнд тулгуурласан зээлийг давхардуулан олгох, харилцагчийг хэт өрийн дарамтанд оруулах, ёс зүй алдагдсан санхүүгийн үйл ажиллагаа руу түлхэж байгааг сануулав.
“Өнөөдөр зөвхөн цэвэр ашгийн төлөөх зорилготой гадаад, дотоодын ББСБ-ууд зах зээлд орж ирсээр байна. Энэ нь нэгэнт зах зээлд оршин тогтносон ББСБ-ууд зах зээлээ хамгаалж үлдэх, харилцагчаа алдахгүйн тулд ямар нэгэн нөхцөл шаардлагүйгээр судалгаагүй зээл олгоход хүргэж байна. Олон улсын жишигт өрсөлдөөн их байгаа газар харилцагчийн өрийн дарамт бий болж, салбар нь бүхэлдээ эрсдэл дууддаг. Бичил санхүүгийн салбарт нийгмийн хариуцлага, санхүүгийн үйл ажиллагаа хоёр эн тэнцүү явах ёстой байтал хэт өрсөлдөөн нэмэгдэх нь ёс зүйн хэм хэмжээг алдагдахад хүргэж байна. Тиймээс ББСБ-ын тоог нэмэх бус, одоо байгааг нь чадавхижуулах, дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Олон улсад бол эдийн засгийн хямралын үед санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг төрийн байгууллагаас тавьдаг. Гэтэл манайд эсрэгээрээ дүрмийн санг нэмэх бус, ББСБ-уудын өөрийн хөрөнгөнд тавих шаардлагаа өөрчлөхгүй байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна” хэмээн Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны тэргүүн дээрх илтгэлээрээ анхаарууллаа. Мөн хэд хэдэн зүйлийг онцгойлон тэмдэглэв. Үүнд:
Цаашид ББСБ-ыг үйл ажиллагааны чиглэл зэргээс шалгаалан ялгавартайгаар төрөлжүүлэн хөгжүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэн яаралтай УИХ-аар батлуулах шаардлагатай төдийгүй хуулийн шинэчлэлтийг дагаад хуулийн хэрэгжилтэнд шаардлагатай дүрэм журмыг шуурхай гаргаж, амьдралд хэрэгжүүлэх, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санхүүгийн бизнесийн онцлогт тохируулан шийдвэр гаргах хугацааг богиносгох, гүйцэтгэлийн ажиллагааг хурдавчилж, хариуцлагажуулах шаардлагатай байна.
Мөн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг салбарт нэвтрүүлэх үүднээс ББСБ-ууд нээлттэй хувьцаа, бонд гаргаж үнэт цаасны зах зээл дээр ажиллах, Монголбанкны дуудлага худалдаанд ББСБ-ууд шууд оролцох боломжтой болох, Монголбанктай своп, форвард хэлцэл хийх, Төв банкны үнэт цаас худалдан авах, төсөл хөтөлбөрт хамруулах зэрэг нэн тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх шаардлагатай байгааг илтгэлийн төгсгөлд танилцууллаа.
Эх сурвалж: Өнөөдөр сонин 2014.11.26 Лхагва, №283 (4923) дугаар

 

Гишүүний хэсэг