А.Алтансүх: Бичил, жижиг бизнес эрхлэгчдийг ББСБ-ууд санхүүгийн үйлчилгээгээр хангаж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 6-р сарын 16, Мягмар гариг, 03:34

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч А.Алтансүхтэй "Бичил жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүжилтийг оновчтой хүргэх арга зам"-ын талаар ярилцлаа.

-ББСБ-уудын өнөөгийн байдлын талаар ямар байна вэ. Эндээс яриагаа эхэлье?

-“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хууль 2002 онд гарснаас хойш ББСБ-ууд санхүүгийн зах зээлд 11 төрлийн тусгай зөвшөөрөл бүхийажил үйлчилгээг эрхлэн явуулж байна. Нийт ББСБ-ын 85 хувь буюу 323 ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. ББСБ-ууд нь нэг зээлдэгчид дунджаар таван сая төгрөг буюу 2.5 мянган ам.долларын зээл олгож байгаагаас харахад санхүүгийн үйл ажиллагаанд бичил, жижиг зээлийн үйл ажиллагааг голлон хүргэж байгаа нь харагдаж байна. Өнөөдөр голчлон өөрийн хөрөнгөөрөө үйл ажиллагаа явуулдаг ББСБ-ын салбар нийт 500 тэрбум төгрөгийн активтай, 360 гаруй тэрбум төгрөгийн зээлийн багцтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол бага тоо биш юм.

-ББСБ нь бичил, жижиг бизнес эрхлэгчдэд голлон үйлчилдэг гэлээ. Уг зах зээлийн хэдэн хувьд нь хүрч үйлчилдэг вэ?

-Судалгаанаас харахад бичил, жижиг бизнес эрхлэгчдийн 60 хувийг ББСБ салбар хангаж байна гэсэн тоо байдаг. ББСБ-уудын үндсэн хэрэглэгчид нь дөнгөж аж ахуй, бизнесээ эхэлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон бичил, жижиг дунд бизнес, үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, аж ахуйтнууд байдаг. Богино хугацаатай санхүүгийн хэрэгцээгээ хангах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд ихэвчлэн үйлчлүүлдэг бөгөөд тэдгээрийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан санхүүгийн үйлчилгээгээ үзүүлж байна.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 113.6 мянган аж ахуй нэгж байгаагаас 59.8 мянган аж ахуй нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байдаг. Эдгээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн 85 хувь нь 1-9 ажилтантай буюу бичил, жижиг бизнес эрхлэгчид байдаг. Эндээс манай аж ахуй нэгжийн дийлэнх нь бичил, жижиг аж ахуй нэгжүүд байна. Аливаа хөгжингүй улсын түүхийг авч үзэхэд хөгжлийн гол нууц нь бичил жижиг аж ахуй, хувиараа бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжиж хөгжүүлэх асуудлыг эн тэргүүнд тавьж тэдгээрт чиглэсэн санхүүгийн үйлчилгээг голлон анхаарч ирсэн бодлого байдаг. Монгол Улсын хувьд бичил жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих тэдгээрт хөнгөлөлттэй зээл, дэмжлэг үзүүлэх бодлого тун хангалтгүй явж ирсэн. Нийт аж ахуй нэгжийн 85 хувь болох бичил жижиг аж ахуй нэгжүүдийн татвар төлөлтийн байдлыг сүүлийн гурван жилээр харахад өсөлт ажиглагдахгүй байгаа нь үүний нэг нотолгоо юм. Харин ББСБ-ууд өөрийн хөрөнгөөрөө эрсдэл хийн бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж байгаа нь нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа том үр нөлөө гэж үздэг.

-Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах гээд олон төсөл хөтөлбөр үе үеийн төр, засгийн газар хэрэгжүүлж байдаг. ББСБ-ууд хэр хамтарч ажилладаг вэ?

-Хамгийн анхны ББСБ 1999 онд байгуулагдсан цагаас хойш өнгөрсөн 15 жилийн хугацаанд ББСБ-ууд Төрөөс бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжсэн санхүүжилтэд ерөөсөө хамрагдаж, хэрэгжүүлж байсангүй ээ. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл төсөл хөтөлбөрийн үр дүнгүй явж ирсэнийг төрийнхөн “Банк, санхүүгийн байгууллагаар дамжуулахаар үр дүнгүй байдаг” гэж зөвхөн банкаар хэрэгжүүлсэн мөртлөө биднийг оролцдог мэт ойлголттой байдаг. Гадаад орны туршлагыг харсан ч жижиг бичил аж ахуй, иргэдэд чиглэсэн төрийн санхүүжилтийн бодлогыг ББСБ-аар дамжуулан хэрэгжүүлэх нь хамгийн зөв оновчтой арга юм.

Өрхийн аж ахуйтнууд болон бичил жижиг дунд бизнес эрхлэгчид нь анхлан ББСБ-аас зээл авч үйл ажиллагаагаа тогтворжуулан өсч хөгжиж, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлснээр банкны үндсэн харилцагчид болж өөрчлөгддөг. Энэ нь нэг ёсондоо ББСБ-ууд эдийн засагт инкубаторын үүргийг өөрийн хөрөнгийн хэмжээнд гүйцэтгэж ажиллаж байна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль шинэчлэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан санал байна уу?

-МББСБХ (Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо), Санхүүгийн зохицууулах хороотой хамтарсан төлөөлөгчид Японы бичил санхүүгийн үйл ажиллагааны талаар танилцаж, судалгаа хийгээд ирсэн. Эндээс харахад тус улсын бичил санхүүгийн салбарын онцлог монголын санхүүгийн салбарын үйл ажиллагаанаас их өөр дүр зураг байгаа харагдсан. Өнөөдөр Монгол Улсын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сан хуулиараа 199 ажилтантай аж ахуй нэгжид төрийн хөнгөлөлттэй дэмжлэгийг олгохоор хуульчилж, санхүүжилтийг олгож байгаа нь бодлогын эрс ялгаатай байдлыг харуулж байна. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй Япон улс дөрвөөсдоош ажилтантай аж ахуйгаа харж үздэг байхад Монгол 199 ажилтантай аж ахуйдаа дэмжлэг үзүүлж байгаа нь Монгол Улс их хөрөнгөтэй баян чинээлэг улс шиг харагдаж байгаа юм. Гэтэл Японы санхүүгийн зах зээл дээр 15 их наяд ам.доллар эргэдэг бол монгол 10 тэрбум доллар буюу 1500 дахин бага байж 150-199 ажилтантай аж ахуйгаа төр дэмжиж байдаг. Харин Япон төрийн хөнгөлттэй санхүүжилтээ ББСБ-аар дамжуулан дөрвөн ажилтантай аж ахуй нэгжүүдээ дэмжин хөл дээр нь босгосоор байна. Хөгжлийн гол түлхүүр нь нийтээрээ ажил хөдөлмөртэй, орлоготой, чинээлэг байх явдалд оршихыг бид бүгд мэддэг.

Саяхан болсон жижиг дунд үйлдвэрийн чуулга уулзалтан дээр бодлого тодорхойлогчид маань жижиг дунд үйлдвэрлэлээ олон улсын зах зээлд гаргах асуудлыг гол чиглэлээ болгон авч үзэж байлаа. Нэг талаар зөв мэт боловч зааланд ихэнх аж ахуй нэгжүүд гадаад улсад гарах нь битгий хэл дотооддоо амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй, хэзээ мөдгүй хаалгаа барих тухай ярилцаж төрийн хөнгөлөлт, чөлөөлөлт, санхүүжилтийг горьдон оролцож байлаа. Дахиад л нөгөө дунд, том аж ахуй нэгжүүд төрийн хайр энэрэлээ авах очерт эхний эгнээнд зогсоод жижиг, бичил нь олж авч чадахгүй дүр зураг хэвээр явах нь ээ.

Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд заримзөв зүйтэй саналууд тусгагдсан байна лээ. Энэ нь юу гэхээр нийт аж ахуй нэгжүүдээ ажилтны тоо болон хөрөнгийн хэмжээнээс хамааруулан 1-9 ажилтантай бол бичил, 9-50 хүртэл ажилтантай бол жижиг, 50-100 ажилтантай бол дунд гэж ангилсан байна. Энэ ангилал бол өмнөх хуулийн үзэл санаанаас эрс сайжирсан, зөв бодлого болсон гэж Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны зүгээс үзэж байгаа.

Өнөөдөр аж ахуй нэгжүүдийн ялгаа болон иргэдийн баян хоосны ялгаа маш их болж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд та том болон дунд аж ахуй эрхэлдэг бол төрийн дэмжлэг нөөлөгт хамрагдах боломжтой болж, харин бичил жижиг бизнес эрхэлдэг бол хамрагдах боломжгүй байдалтай явж ирлээ.

-Та бүхэн саяхан Нийслэлийн удирдлагатай уулзсан гэж байсан. Уулзалтын үеэр бичил жижиг дунд бизнесийн санхүүжилтийг ББСБ-аар олгохоор яригдаж байна гэсэн энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ. МББСБХолбооны удирдлагууд хотын даргатай уулзсан байгаа. Энэ уулзалтаар маш зөв зүйтэй санаачлагууд их гарсан. Ерөөсөө Монгол Улсын аж ахуй нэгжийн хөгжлийг бичил аж ахуй нэгжийг бага анги, жижиг аж ахуй нэгжийг дунд анги, дунд аж ахуй нэгжийг ахлах анги, том аж ахуй нэгжийг их сургуулийн гэж үзэж томьёолж хөгжүүлэхээр болсон. Цаашдаа ч нийслэлтэй хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа. Ер нь тэгээд улс орны хөгжлийн үндэс бол Солонгос, Сингапур улсын жишээнээс харахад бичил болон жижиг бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг хэр дэмжиж байна, тэдгээрийн санхүүгийн үйлчилгээг хэр хүртээмжтэйгээр зөв сувгаар хүргэж байгаа зэргээс улс орны цаашдын хөгжлийн суурь болох татварын бааз суурийг өсгөх, нийт иргэдийг ажилтай, орлоготой байлгах зэрэг зөв бодлогын эхлэл гэж харж байна.

Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль гарч, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байгуулагдаж, журам гарснаас хойш нийтдээ 570 гаруй тэрбум төгрөгийг 6600-хан удаагийн зээлийг аж ахуй нэгжүүдэд олгосон статистик байдаг. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт гэж харж байна. Одоожижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн бодлого, төрийн бодлогоо өөрчлөх цаг нь болсон. Нэг бол жижиг, дунд аж ахуй нэгжүүдээ дэмж эсвэл томоохон аж ахуй нэгжүүдээ дэмжих гэсэн энэ 2 чиглэлд л явна. Өнөөдөр ЖДҮХСан бодлогын түвшинд илүү тодорхой болгож явуулах шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд ЖДҮХСангаас олгосон санхүүжилтийг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх тохиолдолд 5 сая төгрөгөөр 100 мянган жижиг дунд аж ахуй нэгжид хүргэж, тэдгээрийг хөгжүүлэх боломжтой байсан. Монгол Улс үнэхээр хөгжие л гэвэл дийлэнх байгаа эдгээр бичил, жижиг бизнесүүдээ хөл дээр нь босгох, санхүүжилтээр дэмжих шаардлагатай.

Өмнө төрөөс бичил, жижиг дундад зориулсан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтүүд банкаар дамжиж явагддаг байсан. Гэвч өнөөдөр Банкууд бичил жижиг бизнест хүрч үйлчлэх байгууллага мөн үү? Гэтэл ББСБ-ууд бол үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа, бизнесийн түүхгүй эдгээр бичил, жижиг бизнес эрхлэгч нарт хамгийн ойроос хүрч үйлчлэх боломжтой байгууллага байдаг. Банк бол институтийн хувьд том, хяналт, шийдвэр гаргалтын хувьд нүсэр, олоншатлалтай болчихсон. 5-хан сая төгрөгийн зээл авахын тулд олон хоног хөөцөлдөх шаардлага гардаг. Гэтэл банкуудаар дамжуулан бичил, жижиг аж ахуй нэгжийн санхүүжилтийн дэмжлэгийг олгож байгаа нь өөрөө их оновчгүйнь харагдаж байна. Бичил, жижиг бизнес эрхлэгч нарын санхүүжилтийн60 гаруй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлдэг, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ББСБ-ын салбарыг ашиглах нэн шаардлагатай байна.

-Цаашид бичил, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг хүртээмжтэйгээр хэрэгжүүлэхэд бодлогын ямар арга хэмжээ авах вэ?

-Өнөөдөр ажилгүйдэл, ядуурал гаарлаа, ядуурлын түвшин 40 хувиас давлаа. Сүүлийн 20 жилийн хугацаанд бид ядуурлаа бууруулж чадсангүй. Ажилтай орлоготой болгоно гээд янз бүрийн төсөл хөтөлбөрүүд явлаа. Эдгээр нь үр дүнгээ өгч чадсангүй ээ. Бид хямралтай, эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед томоохон аж ахуй нэгжүүдийг харж суухаасаа урьдаар төрөөс ямар ч дэмжлэггүй бор зүрхээрээ яваа бичил, жижиг бизнес эрхлэгч нарыг дэмжих, ажлын байрыг хадгалан үлдэх, татварын бааз суурийг тэлж урт хугацааны найдвартай эх үүсвэрээ бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэхийн тул санхүүжилтийн бодлогоо эрс өөрчлөх ёстой юм байна. Ер нь бол ЖДҮХСан, сангийн зээл зорилтот сегментдээ хангалттай хүрэхгүй байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 6-р сарын 16, Мягмар гариг, 03:36
 

Гишүүний хэсэг