З.Алтанзул: Үл хөдлөх хөрөнгөгүй ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бичил бизнес эрхлэгчдийг ББСБ-ууд дэмждэг.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 6-р сарын 16, Мягмар гариг, 03:36

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Транскапитал” ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзултай уулзаж, ББСБ-ын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, олон улсын бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн талаар ярилцлаа.

-Ер нь анзаараад байхад ихэнх хүмүүс мэдээлэл хомс байгаагаас ББСБ гэдгийг ХЗХ-той андуурах тохиолдол их байдаг шүү дээ. Иймээс ер нь ББСБ гэж юу вэ гэдгээс яриагаа эхэлье?

-ББСБ-ыг ХЗХ-той андуурах явдал их гардаг. Төрийн өндөр албан тушаалтан ч эндүүрсэн тохиолдлууд байдаг. Уг нь бол ойлгоход их энгийн, тэс өөр зорилготой байгууллагууд байгаа юм. “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуульд зааснаар зээл, итгэлцэл, факторинг, төлбөрийн баталгаа, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх гээд 10 төрлийн санхүүгийн үйл ажиллагааг СЗХ-ны зөвшөөрлөөр явуулдаг. ББСБ нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс бүрдсэн өөрийн хөрөнгөтэй байгууллага ба мөнгөн хадгаламжийн үйлчилгээ үзүүлдэггүй. Зарим тоон үзүүлэлт дурдахад, Монголын санхүүгийн зах зээл дээр 2014 оны эцсээр нийт 378 ББСБ төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээг эрхэлж байгаагаас зээлийн үйл ажиллагаатай 323 ББСБ байна. Валютын арилжааг дангаар нь эрхэлдэг 53 ББСБ байна. Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгдөг 29 байгууллага байна. Гэхдээ ББСБ-ууд зээл, валютын арилжаа болон мөнгөн гуйвуулга зэрэг үйлчилгээгээрээ банктай өрсөлдөхүйц буюу түргэн шуурхай, хүнд сурталгүй үйл ажиллагаа явуулж зах зээл дээр өөрийн байр сууриа олж чадсан байна.

ХЗХ бол үйл ажиллагаа нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг хүргэдэг ашгийн төлөө бус хуулийн этгээд байдаг. Монгол Улсад 2014 оны эцсээр 207 ХЗХ үйл ажиллагаа явуулж байдаг. Иймээс ч ББСБ-ын харилцагчийн тоо нь 663.098 байдаг бол ХЗХоршооных зөвхөн гишүүддээ үйлчилдэг гэдэг утгаараа 30.698 харилцагчтай байна. Тэгэхээр энэ хоёр байгууллага бүтэц, үйлчилгээ, зорилгоороо тэс өөр байгууллагууд юм.

-Банк бус санхүүгийн салбар нь Монгол Улсын санхүүгийн салбарын багагүй хувийг эзлэдэг. Иймээс ББСБ-ын нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг танилцуулбал...

-Одоогоор ББСБ нь санхүүгийн зах зээл дээр банкны салбартай харьцуулахад нийт активаараа 2.25 хувийг эзэлж байна. Харин нийт хувьцаат капиталаараа банкны салбартай харьцуулахад маш их хөрөнгө төвлөрсөн байдаг (65.6 хувь).

Хэдий актив хөрөнгөөрөө бага ч ББСБ-аар үйлчлүүлэгчид нь олон байдаг. Дийлэнхдээ бичил, жижиг бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгч, иргэд ББСБ-аар үйлчлүүлж бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх боломжоор хангагдаж байдаг. Ер нь бичил жижиг бизнес эрхлэгчдэд банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө хангалтгүй, бичиг баримт бүрдүүлэлт муу, бизнес нь шинэ, яаж зээл авах мэдлэг муу гэх мэт бэрхшээлүүд байдаг.Барьцаа хөрөнгө гэхээр шууд л орон сууц, үл хөдлөх хөрөнгө гэж ойлгогддог. Гэтэл үл хөдлөх хөрөнгөгүй ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бичил бизнес эрхлэгчдийг ББСБ-ууд дэмжин ажиллаж байна. Мөн шуурхай, найрсаг үйлчилгээ үзүүлдгээрээ зах зээл дээр хүмүүст танигдсан байдаг. ББСБ-ууд эдгээр харилцагчдыг бизнесээ өргөжүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь бодитой хувь нэмэр оруулж байна гэж би хувьдаа үздэг.Нийт зээлдэгч 2014 оны эцэст 60 мянга гаруй байсан гэж үзэхээр тэдгээр зээлдэгчдийн ар гэрт дунджаар 80 мянга гаруй хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчин сайжирч, 200 мянга гаруй өрхийн гишүүдийн орлогын түвшинг өсгөсөн, 330 гаруй мянган ажлын байр бий болгосон гэж харвал маш чухал үзүүлэлт юм. ББСБ-ын зээл, валютын арилжааны үйл ажиллагаанаас бусад үйлчилгээнүүд ч мөн адил санхүүгийн салбарт хөрөнгийг зохистой удирдах, эдийн засгийн эргэлтэнд оруулахад чухал үүрэг гүйцэтгэдэгч манай зах зээлд бодит утгаараа хөгжих боломж нь дутмаг байна.

-Банк бус санхүүгийн салбарын цаашдыг хөгжлийг та хэрхэн зураглаж байна вэ?

-ББСБ бол өмнө дурдсан олон төрлийн санхүүгийн үйлчилгээг хүргэгч, хөрөнгийн зах зээлийн брокер гэж ойлгогдож болно. Өөрөөр хэлбэл банкны үйлчилгээ хүрдэггүй зах зээлд хүрч ажиллахаас гадна, бусад санхүүгийн үйлчилгээгээр зах зээлд буй хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, ирээдүйтэй салбар гэж би хардаг. Монгол Улс хөгжихийн хэрээр ББСБ-н үйлчилгээний эрэлт ихсэж, эрх зүйн орчин нь ч сайжраад явах нь гарцаагүй.

Яг өнөөдөр бол ББСБ гэхээр бичил санхүүгийн байгууллага гэдэг ойлголт их газар авч байна. Энэ нь одоогийн дийлэнх ББСБ-уудын явуулж буй үйл ажиллагаанаас үүдэн гарч байгаа ойлголт байх. Бичил санхүүгийн хувьд бол банк болон ББСБ хүрээгүй зах зээл хангалттай байна гэж харагддаг. Жишээ нь, зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ сайжрахад л банк санхүүгийн байгууллагуудын итгэлтэйгээгээр зээл олгох харилцагч нар нэмэгдэж байгаа юм. Мэдээллийн болон мобайль технологио сайжруулахад л, урьд өмнө хүрч чаддаггүй байсан харилцагч нартаа үйлчилгээг хүргэх гэх мэт. Ийм байдлаар ББСБ-ууд зах зээлд өөрийн гэсэн байр сууриа улам бэхжүүлэн томрох хандлага байна. Өнгөрсөн 2014 ондзээлийн үйл ажиллагааны зөвшөөрөлтэй ББСБ 323-т хүрч өмнөх оноос 104-өөр нэмэгдсэн байна. Ирээдүйд ББСБ тоогоор хөгжих бус харилцагчдад хүргэж байгаа үйлчилгээний чанар, төрлөөрөө хөгжих нь илүү тогтвортой хөгжил байх болно.

-Олон улсад бичил санхүүгийн салбар хэрхэн хөгжиж байгаа вэ?

-Олон улсад Бичил санхүүгийн салбар жилд дунджаар 20 хувийн өсөлттэй хөгжиж байна. Хөгжиж байгаа орнуудын эдийн засагт бодит нөлөө бүхий салбар болон өргөжин тэлж, тухай орны хөгжлийн бодлогын нэгэн хэсэг болж байна. Зарим тоо дурдвал, дэлхийн хэмжээнд 2.5 тэрбум хүний эрэлт хэрэгцээ энэхүү салбарт бий гэсэн судалгаа байдаг бол нийт 10.000 бичил санхүүгийн байгууллага 175 сая хүнд хүрч ажилласан байдаг. Тэдний 500-гаад байгууллага л олон улсын шаардлагад нийцсэн байгууллагууд байдаг ба тэдгээр байгууллагуудад санхүүжилт олгодог олон улсын байгууллагуудын нийт хөрөнгө оруулалт дүн нь 7.5 тэрбум ам.доллар байна.Үүнээс харахад улам их хөгжих боломж ирээдүйд харагдаж байна, гагцхүү хөгжиж буй орнуудын хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн таатай нөхцөлөөс хамаарч байдаг. Жишээлбэл, зээлийн мэдээллийн сан, мобайл технологи, хадгаламж, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хөгжүүлэх, дэмжих гэх мэт.

Сүүлийн үед олон улсын санхүүгийн байгууллагууд зөвхөн бичил бизнесийн салбарт зээл олгохоос гадна жижиг бизнес эрхлэгч нарт анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ нь нийгмийн хариуцлагын хувьд олон ажлын байр бий болгох, тухайн жижиг бизнес өсөн торниход дэмжлэг болох зорилгыг агуулж байдаг.

-Өнөөдөр Монголын бичил санхүүгийн салбар олон улсын бичил санхүүгийн салбартай харьцуулахад ямар шатанд хөгжиж байна?

-Монголын бичил санхүүгийн салбар нь 1998 онд байгуулагдсан“Хөгжлийн Алтан сан” ББСБ-аас гараатай гэж хэлж болно. Өнөөдөр бичил санхүүгийн салбарт цөөн тооны банкны багцын тодорхой хувь, ББСБ-ууд болон ХЗХоршоод голлох үүрэг гүйцэтгэдэг ба хэдий хүн амын хувьд бага ч дэлхийн бичил санхүүгийн салбарын хөгжилтэй нягт уялдаатай хөгжиж ирсэн.

Энэхүү салбар нь нийгмийн хариуцлагыг тэргүүн зорилгоо болгож, зорилтот зах зээл болох ядуу болон бага орлоготой иргэдэд хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээг хүргэж ирсэн. Жишээ нь, манайд бүлгийн зээл, барьцаагүй, эргэлтийн хөрөнгө болон тоног төхөөрөмж барьцаалсан зээлийг санхүүгийн байгууллагууд гадны болон дотоодын зарим эх үүсвэрээр олгож байна. Ийм зээл олгох нь эрсдэлтэй мэт боловч, зөв засаглалтай, эрсдэлийн удирдлага сайтай байгууллагуудад амжилттай хэрэгжиж байна. Мөн бичил даатгал, хадгаламж, иргэдийн гадаадад хөдөлмөрлөж ар гэртээ мөнгө гуйвуулах боломжтой мөнгөн гуйвуулга хийх үйлчилгээгч зах зээлд сайн нэвтрүүлж чадсан гэж боддог.

Гэвч зарим тал дээр бид хоцорч явна. Манайд бичил болон жижиг бизнесийг дэмжих төрийн бодлого дутмаг, эсхүл эзнээ олохгүй байна. Бидний олон жил ярьж буй мега төслүүд хэдий ажлын байр болон дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх хэдий ч, одоо яг байдал дээрээ ядуурлаараа 29 хувьтай, хүйсийн тэнцвэргүй байдлаараа дэлхийд 103-т жагсаж байдаг. Ийм орны хувьд бичил жижиг бизнес эрлхэгч нараа огт дэмжихгүй байгаа нь хачирхалтай. Жишээ нь “Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-г эс тооцвол, өнөөдрийг хүртэл ББСБ-уудаар дамжуулж бичил болон жижиг бизнесийг дэмжих зээл олгогдоогүй байна. ББСБ-уудын өөрийн хөрөнгийн чадамж өндөр, олгож байгаа дундаж зээлийн хэмжээ нь 4.8 сая төгрөг байгаа нь нөгөө 1-9 ажилтантай Монголын 51.000 аж ахуйн нэгжүүдэд хүрч ажиллах бүрэн боломжтой байгаа юм. Гэтэл энэ боломжийг дэмжихгүй, ашиглахгүй, хэрэгцээгүй мэт байсаар байна. Аливаа амжилттай хөгжсөн орнуудын жишгээр бол бичил болон жижиг бизнес эрхлэгчдээ бодлогын түвшинд байнга дэмжиж явдаг. Тухайн улсын ирээдүйн том бизнесүүдийг бичил болон жижиг бизнес эрхлэгчдээсээ эрж, хайж, тордож байдаг. Иймд ч төрийн бодлого нь тэр зах зээлийг дэмжих, хууль журмаа цаг үедээ уялдуулж шинэчлэх, санхүүжилтээр дутаахгүй байх бодлогыг барьдаг. Манайд зөвхөн томоохон аж ахуйн нэгжүүдэд тэр боломжуудыг олгож байна.

Мөн бичил санхүүгийн байгууллагуудыг эрхзүйн орчноор дэмжих нь дутагдалтай байна. Жишээлбэл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг 2006 онооос хойш шинэчлээгүй өдийг хүрлээ.Энэхүү хуулийг хөгжлийн цаг үетэйгээ уялдуулж шинэчлэх шаардлагатай гэж яригдаад гурван жил, хуулийн төслийг боловсруулаад батлуулах гэж хоёр жилийн нүүр үзлээ. Өөр нэг жишээ бол, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль эрхзүйн орчинг сайжруулах асуудал удааширсаар байна. Өнөөдөр санхүүгийн байгууллагууд барьцаа хөрөнгийг гурван шатны шүүхээр шийдвэрлүүлж, хугацаа алддаг, улмаар эдийн засгийг эргэлтэнд байхуйц зээлийн хөрөнгө, иргэдийн хөрөнгийг гацаанд оруулж байгаа нь зээл олгох зардлыг өсгөж, иргэдэд очих зээлийн хүү тодорхой хэмжээгээр өндөр байхад нөлөөлж байна.

Цаг хугацаатай байнга уралдаж, байнга шинэчлэгдэн хөгжиж байх ёстой салбаруудын нэг бол гарцаагүй санхүүгийн салбар. Үүнийг шийдвэр гаргагч төрийн албан хаагчид маань ойлгох цаг ирнэ гэдэгт найдаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 6-р сарын 16, Мягмар гариг, 03:47
 

Гишүүний хэсэг