Өндөр босготой банкийг ББСБ орлох болжээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 10-р сарын 01, Пүрэв гариг, 11:35

Үндэсний шуудан сонины 2015.10.01-ны өдрийн дугаар дээр ББСБ-ын харилцагчдын өгсөн "Өндөр босготой банкийг ББСБ орлох болжээ." гарчигтай ярилцлагыг толилуулж байна.

Өндөр босготой банкийг ББСБ орлох болжээ.

Шинэ бизнес санаа өвөртлөн яваа хүн санхүүжилт хаанаас эрэлхийлдэг вэ. Магадгүй уншигч та ч ямар нэгэн бизнес эрхэлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зориглосон ч санхүүгийн эх үүсвэргүй өнөөдрийг хүрсэн байж болох. Тэгвэл зураг дээрх бүсгүй санхүүгийн бэрхшээлийг хоёр жилийн өмнө туулжээ. Тэрбээр баярын ширээний чимэг амтат бялуу урладаг “Хатан жүрж” компанийн захирал. нарийн боов үйлдвэрлэлийн салбарт 20 жил ажилласан С.Цэрэндулам  өөрийн гэсэн жижиг бейкери нээх мөрөөдлөө найман  жилийн өмнөөс дотроо тээсэн. Гэвч сарын цалин нь хэрэгцээнээс хэтэрдэггүй учир бараг боломжгүй мэт санагддаг байсан талаараа хуучилсан юм. Харин одоо үндсэн 17 ажилтантай, сард 400-600 сая төгрөг эргэлдүүлдэг үйлдвэрийн эзэн болжээ.

Анх 2013 онд жижиг гэлгүй торт, нарийн боовны цех нээхээр төсөл боловсруулан санхүүжилт хайсан ч арилжааны банкны даваг­дашгүй өндөр босготой тулгарч, жижиг зээлийн хоршоо­ныхон багахан хэмжээний зээл санал болгосон байна. Улмаар арилжааны банкнаас зээл авах зорилгоор барьцаа хөрөнгө хайж багагүй цаг алджээ. Тэр үед “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-аас уян хатан нөх­цөлтэй 25 сая төгрөгийн зээл авснаар дүүгийн хамтаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь тус компанийн суурь болжээ. Түүнтэй ярилцлаа.

-25 сая төгрөгийн санхүү­жилт бизнес эрхлэхэд бага сонсогдож байна. Анх яаж үйл ажиллагаагаа явуулж байв даа?

-Анх 25 сая төгрөгийн санхүүжилт аваад, 18 саяд тоног төхөөрөмж, гуравт нь сав баглаа боодол захиалсан. Үлдсэн хэсгээр нь материалаа бага багаар авч байсан юм. Одоо сард 100 сая төгрөгөөр материал бэлтгэдэг. Санхүүгийн хувьд тогтворжсон гэж болно. Ажилчдынхаа нийгмийн даатгалд сар бүр 1.5 сая орчим төгрөг төлж, 10 гаруй сая төгрөгийн цалингийн сантай ажиллаж байна.

-Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд?

-Манайх ид ачааллын үеэр мянга гаруй торт гаргадаг. Энгийн өдөр 200 торт, мөн тооны нарийн боов үйлдвэрлэдэг. Бүх сүлжээ дэлгүүртэй гэрээтэй учраас өдөр тутмын норм байдаг.

-ББСБ-аас зээл авахад ямар шаард­лага тавьсан бэ?

-Манай гэр бүлийн хүн 2011 онд барилгын цутгалтын төхөөрөмжөө  “Транскапитал” ББСБ-аас 10 сая төгрөг зээлж босгож байсан. Тиймээс нөхрийнхөө компанийг үйл барьцаалсан. ББСБ барьцаа хөрөнгийг уян хатан нөхцөл­тэйгээр өндөр үнэлж авдаг нь энэ боломжийг олгосон.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гэхээр хамгийн түрүүнд арилжааны банк санаанд буудаг. ББСБ-ын үйлчилгээ, арилжааны банкныхаас ямар ялгаатай байдаг вэ?

-Анх зээл авахаар хэд хэдэн арилжааны банкинд хандсан. Арилжааны банкны зээл бол барьцаалах үл хөдлөх хөрөнгөтэй, эсвэл үйл ажиллагаа нь тогтворжсон компаниудад зориулагдсан байдаг юм билээ. Мөн сараас хоёр сар орчим бичиг баримт бүрдүүлэх гэж цаг алдсан. Товчхондоо  шалгуурт нь бараг нийцээгүй. Өмнө нь бизнес хийж байгаагүй, туршлагагүй гэсэн. Мөн дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд хандаад ч дэмжлэг авч чадаагүй. Тиймээс шантарч эхэлсэн юм. Тухайн үед “Транскапитал” ББСБ маш хөнгөн нөхцөлтэйгээр хурдан хугацаанд зээл олгож байна гэж сонсоод очсон юм. Тэгээд очиж уулзаад санхүүжилт авах боломжтой гэдгээ мэдсэн. Юм бүтэх болохоороо хурдан байдаг юм билээ. Ердөө хоёрхон хоногт утсаар ярьж байгаад зээлээ бүтээсэндээ их баярлаж байсан юм.

-Сард хэдэн төгрөг төлдөг вэ?

-Манай компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш гурван удаа зээл авч байна. Шинэ жилийн үеэр баярын бялууны эрэлт нэмэгддэг учраас эхлээд 60, дараа нь 45 сая төгрөгийн зээл авсан. Одоо сар бүр 2.5 сая төгрөг төлдөг. Дахиад нэг жил төлөөд зээл дуусна. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагатай харьцаад сурчихсан. Анх зээл авахад 2.8 хувийн хүүтэй зээл авч байсан бол одоо 2.6 хувийн хүүтэй зээл авч байгаа. Энэ шинэ жилээр захиалга их байвал, дахиад зээлнэ дээ. Хүүгийн хувьд ч дахиад буурах боломжтой талаар эдийн засагч нь хэлсэн.

-Тэгэхээр дахин зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр шийджээ?

-Мэдээж, боломж болол­цоогоо харж байгаад, өөрийн гэсэн байртай болохын төлөө ажиллана. ББСБ-ын хүү ч буурч байна. Манай үйл ажиллагаа ч харьцангуй тогтворжсон. Ер нь хүн бүрийн баярын ширээний бялууг гараа гарган урлаж, аз жаргалыг нь хуваалцана гэдэг сэтгэлд өег байдаг юм. Тиймээс үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө ажиллаж байна даа. Тэрээр ингэж ярилаа.

“Хатан жүрж” компаниас гадна банк бус санхүүгийн байгууллагын тусламжтай бизнесээ босгосон тохиолдол цөөнгүй байдаг аж. Одоогоор улсын хэмжээнд 423 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээр байгууллага нийт 545.5 тэр­бум төгрөгийн хөрөнгөтэй гэж Санхүүгийн зохицуулах хорооны судалгаанд дурджээ. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд хангалттай нөөц бололцоо байгааг илтгэж буй. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагын харилцагчид сүүлийн жилүүдэд огцом өсч байгаа аж. Тухайлбал, арван жилийн өмнө банк бус санхүүгийн байгууллага 100 гаруй мянган харилцагчтай байжээ. Харин энэ онд 500 гаруй мянга байгааг санхүүгийн тайлан нь харуулж байна. Үүнээс харахад, банк бус санхүүгийн байгууллагын харилцагч арван жилийн дотор тав дахин өсчээ. Харилцагчдынх нь олонх арилжааны банкны үйлчилгээнээс гадуур орхигддог бизнесийн гараагаа эхэлж буй, эсвэл жижиг бизнесмэнүүд байдаг аж. Энэ утгаараа төрийн бодлогын хэмжээнд яригдах болсон тогтвортой ажлын байрыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа юм. Зөвхөн “Хатан жүрж” компанид л гэхэд үндсэн 17, туслах таван ажлын байр бүрдүүлсэн байна. Тус компанийн туслах ажилтан 19 настай С.Шинэцэцэг Увс аймагт ерөнхий боловсролын сургууль төгсөөд, нийслэлд ирсэн ч дээд боловсролгүй гэдэг шалтгаанаар ажилгүй уджээ. Улмаар зарын дагуу “Хатан жүрж” компанид ажилд ороод байнгын орлоготой болсон талаараа өгүүлэв. Тэрбээр “Хотод ирээд хаана ч хамаагүй ажилд орохоор удаан хугацаанд хайсан. Ажилд орно гэдэг хэцүү, их өрсөлдөөнтэй юм билээ” хэмээн ажлын байрны эрэлт ямархуу байгааг тодорхойлсон юм. Мөн 51 настай Б.Лхамхүү тус үйлдвэрт ажилд ороод хоёр жил болж байгаа бөгөөд “Олон ажил хийж үзсэн. Энэ компанид ороод байнгын орлоготой, нийгмийн даат­галаа ч таслахгүй төлж байгаа. 50 гарсан намайг ажилд авах газар олддоггүй байсан” гэв. Тиймээс болж өгвөл энэ үйлдвэрээсээ тэтгэвэрт гарах бодолтой байгаагаа ч нуусангүй. Ер нь ажилд ороход ийм хүндхэн байхад шинээр бизнес эрхэлнэ гэдэг бас хэлж мэдэхгүй зүйл бололтой. Наад зах нь арилжааны банкны өндөр шалгуур хамгийн том гацаа. Улсаас хэрэгжүүлсэн жижиг дунд бизнесийг дэм­жих бодлого байгаа онох­гүй байгаа нь ч үүнээс харагдсан юм. Харин эдгээрийг орлох банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа ийнхүү үр дүнгээ өгч байгааг “Хатан жүрж” компанийн жишээ харуулав. Өөрөөр хэлбэл, мөрөөдлөө ажил хэрэг болгосон С.Цэрэндулам, янз бүрийн шалтгаанаар ажлаас гологдсон 20 гаруй иргэний амьжиргаа дээшилсэн нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн юм. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих олон төрлийн төсөл, хөтөлбөрийг хэдхэн арилжааны банкаар бус 500 орчим ББСБ-аар дамжуулан хэрэгжүүлэх нь илүү хүртээмжтэй байж болох юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 10-р сарын 01, Пүрэв гариг, 11:41
 

Гишүүний хэсэг