А.Даваахүү: Хэрэглэгчид өнөөгийн хямралд илүү өртөж байна
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 11-р сарын 17, Мягмар гариг, 07:53

Үндэсний шуудан сонины 2015.11.09-ны өдрийн дугаар дээр ББСБ-ын харилцагчдын өгсөн "А.Даваахүү: Хэрэглэгчид өнөөгийн хямралд илүү өртөж байна" гарчигтай ярилцлагыг толилуулж байна.

А.Даваахүү: Хэрэглэгчид өнөөгийн хямралд илүү өртөж байна

Банк бус санхүүгийн байгууллагуудын сүүлийн дөрвөн жилийн дунджаас харахад нийт хөрөнгийн хэмжээ 40.6 хувь, зээлийн үлдэгдэл 41.7 хувиар тус тус өсчээ. Үүнээс харахад, иргэд арилжааны банкнаас илүү банк бус санхүүгийн байгууллагатай харилцах нь нэмэгдсэн гэсэн үг. Сүүлийн жилүүдэд төрөөс үйлдвэржилтийг дэмжих бодлого баримтлах болсон ч жижиг дунд бизнес эрхлэгчид арилжааны банкны өндөр босгыг давахгүй буцсан тохиолдол цөөнгүй. Давсан нэгэнд нь хүртээмж муутайхан байгаа юм. Үүний нэг жишээ нь “Хос шугам” компани юм. Тус компанийн захирал А.Даваахүү банк бус санхүүгийн байгууллагын дэмжлэгээр бизнесээ босгосон олон эрхмийн нэг. Тэрбээр бизнесийнхээ талаар бидэнтэй хуваалцлаа.

-Бизнесийн гараагаа хэдэн онд, ямар санхүүжилтээр эхэлсэн бэ?

-Анх 2009 онд “Хөгжил финанс” банк бус санхүүгийн байгууллагатай холбогдож зээл авснаар одоогийн үйлдвэрийнхээ суурийг тавьсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд манай компани 28 удаа зээл авсан байдаг юм. Нийтэд тооцох юм бол 1.4 тэрбум төгрөг авч ашигласан. 80-170 сая төгрөгийн шугамын зээл дийлэнхийг нь эзэлнэ.

-Уг зээлийн үр дүнд ямар амжилтад хүрсэн нь манай уншигчдад сонин байх?

-Монголд дутагдаж байсан барилгын материалын үйлдвэрлэлтэй болсондоо баярладаг.

-Одоо хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

- Бетонон хашаа, явган замын хавтан, хөөсөнцөр гэх мэт. Хялбар, итгэлтэй зээлийн хүрэээнд жилээс жилд үйлдвэрлэлээ өргөтгөж байна. Нэмж хэд хэдэн бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байгаа.

-Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахын давуу тал гэвэл?

-Бизнесийн нэн тэргүүний шаардлага болох шуурхай байдаг юм. Дээр нь уян хатан бөгөөд арилжааны банк шиг өндөр шалгуур тавьдаггүй. Өнөөдөр арилжааны банкнаас хэн зээл авч байна. Бололцоотой гар хөлөө олчихсон компаниуд авдаг юм. Гэхдээ зохих шаардлага байдаг. Хамгийн гол нь банк бус санхүүгийн байгууллага тоног төхөөрөмж барьцаалж зээл олгодог. Энэ нь манай компани шиг жижиг дунд үйлдвэрлэлд шууд дэмжлэг болж ирсэн.

-Хэдэн хувийн хүүтэй зээл авч байсан бэ?

-Хүүгийн хувьд арилжааны банкнаас арай өндөр байсан юм. Гэхдээ одоо арилжааны банктай ойролцоо хүүгээр авч байгаа. Бизнест хамгийн чухал нь цаг хугацаа байдаг. Хөрөнгө мөнгө тааруухан манайх шиг компаниудад байнгын хамтын ажиллагааны гэрээ байгуулах нь ашигтай байдаг юм. Барилгын бизнес улирлын чанартай учраас эргэлтийн хөрөнгө богино хугацаанд шаардагдах үе олонтой. Одоо бараг өөрийн юм шиг утастаад л зээл авчихдаг болчихоод байна. Нөгөө талаар энэ нь бизнесийн маш том итгэл үзүүлж байгаа хэрэг.

-Танай компанийн үйл ажиллагаанд банк бус санхүүгийн байгууллага багагүй туслалцаа үзүүлсэн юм байна. Одоогийнхоо бизнесийг гараагаа эхэлж байх үетэйгээ зүйрлэвэл харьцаа нь ямар байх бол?

-Анх өөрсдийн гэсэн тоног төхөөрөмжгүй, байргүй, газаргүй байлаа. Энэ бүгдийг анхны зээл болох 30 орчим

сая төгрөгөөр босгосон. Бид түрээсийн жижигхэн байранд үйл ажиллагаагаа эхэлж байсан юм. Харин одоо үйл ажиллагаа тогтворжсон. Улсад татвараа төлж байна. Мөн хамгийн чухал нийгэмд үзүүлэх нөлөө нь тодорхой хэмжээний ажлын байр бий болгосон гэж боддог. 2013 онд өөрийн гэсэн газартай болж, одоогийн угсармал барилга босгосон.

-Танай компанид хэдэн хүн ажиллаж байна даа?

-20 гаруйн ажиллагсадтай. Анх дөрвөн хүнтэй үйлдвэр байсан юм.

-Өнгөрсөн жил улсад хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ?

-100 орчим сая төгрөг төлсөн. Улсдаа татвараа төлнө гэдэг бахархал байдаг юм. Би Солонгос шиг хүн бүр үйлдвэрлэгч орон болох бодлыг дотроо тээж ирсэн. Одоо үүний суурь тавигдаж байна. Их биш ч гэсэн бага хэмжээний дэмжлэг хэрэгтэй.

-Дэмжлэгийг ямар сувгаар дамжуулж авах нь чухал байна?

-Хэр баргийн хүн босгыг нь давдаггүй санхүүгийн байгууллага олон байна. Энэ нь хүний хүсэл зоригийг мохоох, дарамт хэлбэрийн юм болдог. Харин банк бус санхүүгийн байгууллага шиг өдөрт нь шийддэг газраар бизнес эрхлэгчид үйлчлүүлэхийг хүсдэг. Төрөөс үйлдвэрлэлийн салбарт анхаарал хандуулах болсонд алгаа ташдаг хүний нэг бол би. Гэхдээ үүнийг хүртээмжтэй хэлбэрээр тараамаар байна. Одоо улс орны эдийн засгийн байдал сайнгүй байна гэж хүн бүр санаа алдах боллоо. Ганц манай улс биш бүх оронд л санхүүгийн хүндрэл тулгарч байдаг. Хамгийн гол нь үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон өнөөгийн хямралд илүү өртөж байх шиг.

-Барилгын материалын үйлдвэр цөөнгүй байна. Танай компанийн онцлог юу вэ?

-Уурын хатаалгатай, найдвартай боловсон хүчинтэй. Өнгөрсөн хугацаанд том жижиг олон захиалга авч байлаа. Тэр болгонд итгэлийг нь алдаагүй гэдэг өөрөө том давуу тал юм болов уу.

 

Гишүүний хэсэг