А.Алтансүх - Төрийн зүгээс ББСБ-уудыг бодлогоо дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 11-р сарын 17, Мягмар гариг, 08:42

Өдрийн сонины 2015.06.11-ны өдрийн дугаар дээр "Төрийн зүгээс ББСБ-уудыг бодлогоо дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байна." гарчигтай ярилцлагыг толилуулж байна.

“Төрийн зүгээс ББСБ-уудыг бодлогоо дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байна.”

- Банк бус санхүүгийн байгууллагууд өнөөдөр хэрхэн хөгжиж байна? Банк бус санхүүгийн үйл ажиллагааны онцлогын талаар танилцуулаач:

Дэлхийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бүхий л голлох хөтөлбөрүүд бичил санхүүгийн байгууллагуудаар дамжин хэрэгжиж ирсэн. Энэ ч утгаараа ББСБ-ын үйл ажиллагаа бичил санхүү, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Одоогоор 400 орчим ББСБ зээл, валют арилжаа, мөнгөн гуйвуулга, факторинг, итгэлцэл, цахим төлбөр тооцоо зэрэг арван төрлийн санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулж байна. ББСБ-ууд нь салбарын хэмжээнд нийт 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, үүний 70 гаруй хувийг өөрийн хөрөнгө эзэлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 660 мянган зээлдэгч, харилцагчтай болоод байна. Нийт хөрөнгийн хэмжээгээр банкны салбартай харьцуулахад хоёр хувьтай тэнцэх ч, өөрийн хөрөнгийн хэмжээгээр 20 орчим, үүн дотроо дүрмийн сангийн хэмжээ нь 45 хувийг эзэлж байна. Энэ бол бага тоо биш. Өөрөөр хэлбэл, ББСБ-ууд эрсдэлээ хариуцах чадвартай гэсэн үг. Нөгөөтэйгүүр, бичил, жижиг зээлдэгчдийн тоогоор банк санхүүгийн салбарын 60 орчим хувийг эзэлдэг гэсэн тоо баримт ч бий. ББСБ-ууд голлон өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдгийг өмнө нь дурдсан. Энэ нь төлбөрийн чадвар сайтай салбар болохыг харуулахын сацуу нэг зээлдэгчид олгож буй санхүүжилтийн хэмжээгээр бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг болох нь харагдана.

- Зарим салбарынхан үйл ажиллагаа явуулахад нь хууль, эрх зүйн орчин хангалтгүй байна гэдэг. Танай салбарын хувьд энэ тал дээр юу гэх вэ?

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг анх 2001 онд баталсан байдаг. Үүнээс хойш хуулийн шинэчлэлт ерөөсөө хийгдээгүй байгаа бөгөөд нөгөө талаас салбар маань өөрөө нилээн хөгжчихсөн шинэ чиг хандлагаруу орчихсон хөгжлийн өөр түвшинд шилжиж байгаа шилжилтийн үе дээр ирээд байна. Өнгөрсөн жил Санхүүгийн зохицуулах хороо, манай холбооны зүгээс хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа”-ны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан. Одоогоор хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Ер нь ББСҮА-ны тухай хуулийн шинэчлэлтээр ББСБ-ууд 18 төрлийн ажил үйлчилгээ эрхлэхээр заасан байгаа. Мөн шинэ хууль эрхзүйн орчины хүрээнд бид ББСБ-ыг 3 ангилан авч үзсэн. Зээлийн үйл ажиллагаа явуулдаг бол “Зээлийн байгууллага”, валют арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ-ыг “Валют арилжааны цэг”, зээл болон бусад санхүүгийн цогц үйл ажиллагаа эрхэлж байгаа ББСБ-уудыг “Санхүүгийн байгууллага” гэж нэршиж, тус тусад нь бодлого гарган хөгжүүлэхээр чиглэж байна. Иймд салбарын хуулийн шинэчлэлтийг яаралтай УИХ-аар батлуулах шаардлагатай байгаа төдийгүй энэхүү хуулийн шинэчлэлттэй холбогдуулан ББСБ-уудыг бодлого, журманд тодорхой өөрчлөлт оруулах, дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлууд хүлээгдэж байна. Энэ чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс идэвхитэй, санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг дурдмаар байна.

- Та сая яриандаа дурьдлаа. ББСБ-ын дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж? Танай холбооны байр суурь ямар байгаа вэ?

Өнөөдөр ББСБ-уудын дүрмийн сангийн доод хэмжээ 2008 оноос хойш нэг ч удаа өөрчлөгдөөгүй явж байгаа. Ер нь санхүүгийн байгууллагууд дотроо дүрмийн сангийн доод хэмжээ өөрчлөгдөөгүй ганцхан байгууллага нь ББСБ болоод байна. Даатгалын салбар бол 5 тэрбум төгрөг болсон, Банкны салбарынх 50 тэрбум төгрөг болсон, ББСБ-ууд бол 400 сая төгрөг хэвээрээ байна аа. Ингэснээр сүүлийн 2 жилийн хугацаанд 150 гаруй ББСБ-ууд шинээр байгуулагдаж өнөөдөр ББСБ-ын тоо 400-д хүрээд байна. Энэ нь яаралтай бодлого гаргаж, зохицуулалт хийх бодитой нөхцөл байдлыг бий болгоод байна. Тэдгээр нь зээлийн мэдээллийн санд хамрагддаггүй, зээлтэй хүнд давхар зээл олгодог, харилцагчийн зээл төлөх чадвараас нь хэтрүүлэн зээл олгодог зэргээс үүдээд харилцагчийг хэт өрийн дарамтанд оруулах зэрэг байдаг гаарч байна. Олон улсын стандарт жишгээр бичил санхүүгийн салбарт санхүүгийн байгууллага хэт нэмэгдэх нь өөрөө өрсөлдөөнийг бий болгодог сайн гэж үздэггүй ээ. Харин ч эсрэгээрээ маш их эрсдэлийг дуудаж харилцагч зээлдэгчдийг өрийн дарамтанд оруулах, бусад олон эрсдлийг дагуулдаг гэж үздэг.

- Цаашдын хөгжлийн чиг хандлагыг та яаж харж байна вэ?

Олон улсын бичил санхүүгийн байгууллагууд нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлтэй байх, харилцагчийг хамгаалах чиглэлд эрчимтэй хөгжиж байна. Өнөөдөр дэлхийн нийтээр тавигдаад байгаа эдгээр үзэл санаанд ББСБ-ууд нэгэн дуугаар нэгдэж байна. Ялангуяа томоохон ББСБ-ууд нийгмийн хариуцлагын рейтинг тогтоолгож эхэлсэн бөгөөд харилцагчийн хамгаалах зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж нийгмийн хариуцлагатай бичил санхүүг энэ салбарт нэвтрүүлэн ажиллаж, байна.  МББСБХолбоо зүгээс олон улсын бичил санхүүгийн салбар дахь нийгмийн хариуцлагын үзэл санаа болох харилцагчийг хэт өрийн дарамтанд оруулахгүй байх, харилцагчдын бизнесийг өргөжүүлэх, байгаль ээлтэй санхүүжилтийг олгох зэрэг үзэл санаануудыг нэвтрүүлж буйг сайшаан дэмжиж, энэ чиглэлд олон ажлуудыг ББСБ-уудтай хамтран зохион байгуулж ажилласаар ирлээ. Өнөөдөр ББСБ-ууд нийгмийн хариуцлагатай бичил санхүүгийн чиглэлд түлхүү хөгжиж буй нь хөгжлийн шинэ шатанд гарч буйг илтгэж байна. Цаашдаа ч мөн санхүүгийн салбарын манлайлал болохуйц шинэлэг санал, санаачлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорин ажиллах болно.

ББСБ-ууд цаашид олон улсын бичил санхүүгийн байгууллагын адилаар, Сингапурын жишгээс хараад байхад микро банкны түвшинд хөгжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эдгээр санхүүгийн байгууллагуудыг өсгөж, хөгжүүлж, томруулах нь эргээд  бичил жижиг бизнес эрхлэгч нарт очиж байгаа санхүүгийн хүртээмж, чадавхийг улам сайжруулах юм. Тиймдээ ч энэ ББСБ-уудыг цаашид бодлогоор дэмжих, хөгжүүлэх, томруулах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Ер нь бол цаашид бичил санхүүгийн салбар дахь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ББСБ-ууд дээр байгаа 330 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Зах зээл дээр бол маш их эрэлт байна, бичил, жижиг дунд бизнес эрхлэгч нарт санхүүгийн боломж маш тааруу, хөнгөлөлттэй санхүүгийн хэрэгцээ асар их байна. Үүнийг төр бодлогодоо авч, төр өөрөө биш мэргэшсэн, олон жил ажилласан, санхүүгийн институцээр зээлийн үйл ажиллагааг дамжуулах зээлдүүлэх нь чухал байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 11-р сарын 17, Мягмар гариг, 08:52
 

Гишүүний хэсэг