Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 5-р сарын 06, Баасан гариг, 01:16
Монгол улсад бичил санхүүгийн үйлчилгээг хувийн хэвшилээс 450 ББСБ, 260 ХЗХ, 2000 гаруй ломбард, банкны жижиг, дунд зээлийн хэлтэс, Төрийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сан, аймаг, сум дүүргийн засаг захиргааныхан үзүүлж байна. Энэ дундаас ББСБ-ууд нийт 650 гаруй тэрбум төгрөгийн активтайгаар бичил зээлдэгчдийн 60 хувьд буюу 60,000 зээлдэгчид хүрч үйлчилж байна.

ББСБ-уудын үндсэн харилцагчид нь орлого багатай, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, аж ахуйн үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж буй жижиг, бичил бизнес эрхлэгчид байгаа төдийгүй банкны болон төрийн хөнгөлттэй нөхцөлтэй аливаа төсөл хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй иргэн, аж ахуй нэгжүүд байдаг. Бичил санхүүгийн салбар нь бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж байгаа нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд гол нөлөөг үзүүлдэг.
Монгол улсын мөнгөний бодлогод жил бүр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тусгагддаг хэдий ч бодит байдал дээр хүртээмжтэй санхүүжилтийн асуудал туйлын хангалтгүй явж ирлээ. Төрөөс хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрт бичил жижиг аж ахуй нэгж хамрагддаггүй, харин томоохон аж ахуй нэгж төсөл хөтөлбөрт байнга хамрагдсаар ирлээ. Үүнээс үүдээд өнөөдөр том жижиг аж ахуй нэгжийн дунд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийн байдал эрс тэс өөр үзүүлдэгээс дундаж аж ахуй нэгжүүдийн тоо эрс цөөрсөн байна. Жижиг нь хэт жижиг, том аж ахуй нэгжүүд нь зах зээлд монополь байдалтай болоод байгаа юм.

Аливаа улсын хувьд ЖДҮ-ийг хөгжүүлэх нь ядуурал, ажилгүйдлийг бууруулж, дундаж давхаргыг нэмэгдүүлэн, нийгмийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлж, хувийн секторын эрүүл өрсөлдөөнийг бий болгоход онцгой хувь нэмэртэй. Монгол улсад нийт 59,900 аж ахуй нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 85.5% нь 1-9 ажилтантай, 93% нь 0-19 ажилтантай байна. Гэтэл Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуульд 199-с доош ажилтантай бол жижиг дунд үйлдвэрлэлд хамаарч байдаг бодлогын алдаа байсаар байна. Дэлхийн олон улс орнууд ядуурлыг бууруулах, бичил бизнесийг дэмжихдээ тэдгээртэй хамгийн ойр ажилладаг бичил санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж үр дүнд хүрсэн байдаг. Жишээ нь Японд 3,8 сая аж ахуй нэгж байгаагийн 86,5% нь 20-с доош ажилтантай, 58% нь 4-с доош ажилтантай байна. Эдгээр 4-с доош ажилтантай аж ахуй нэгжүүдэд Японы засгийн газрын бодлого нь чиглэж, Төрийн дэмжлэг үзүүлдэг. Төрөөс үзүүлж буй санхүүжилтийнх нь 22%-ыг төр өөрөө, 50%-ыг банкаар /139 хувийн банк/, 28%-ыг бичил санхүүгийн байгууллагаар /267 БСБ/ дамжуулан зээлдүүлдэг байна. Гэтэл Монголд ЖДҮХСан нь 2009-2014 онуудад 560 тэрбум төгрөгийг 6500-хан аж ахуй нэгжид олгосон байх ба бүгдийг банкаар дамжуулжээ. Гэтэл зээлийг авсан харилцагчдын тоог харвал нэг ББСБ-ын олгодог харилцагчаас бага тооны харилцагчид олгож байна.
Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн бодлогод дундаж орлоготой иргэдийн хувь хэмжээг нэмэх зорилго тавьсан байдаг хэдий ч Монголд ядуурал 30%-тай, бага орлоготой иргэд 30%-тай байсаар байгаа нь ядуу бага орлоготой иргэдэд чиглэсэн санхүүгийн хүртээмж туйлын хангалтгүй байгааг илтгэж байна. Төрийн зүгээс эдгээр бичил, жижиг бизнес эрхлэгчид, өрхийн аж ахуйтнуудад хүргэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ядуурлаас гаргах дундаж давхаргыг бий болгож, олон хүнийг ажилтай болгон ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, аж ахуй нэгжийн шударга өрсөлдөөнийг бий болгон татварын бааз суурь нэмэгдүүлэх, монополийг халах, бодит эдийн засгийн өсөлтийг дээшлүүлэх нэн шаардлага тулгараад байгаа билээ.

Цаашид төрийн зүгээс санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхдээ бичил санхүүгийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой арга хэрэгсэл юм.

Төр өөрөө санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, хадгаламж зээлийн хоршоо байгуулдаг, аймаг сум дүүргийн засаг дарга нар өөрсдөө зээл олгодог байж боломгүй тогтолцоог солих нэн шаардлагатай байна.

Харин мэргэшсэн боловсон хүчинтэй, өөрийн хөрөнгийн хүрэлцээ сайтай, туршлагатай, мэргэжлийн санхүүгийн байгууллагуудаар дамжуулж Төрийн хөнгөлттэй зээл санхүүжилтийг ялгаваргүй, хүртээмжтэйгээр зорилтот бүлэгт хүргэх нь хамгийн оновчтой эрсдэлгүй, үр дүнтэй механизм юм.
Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 5-р сарын 06, Баасан гариг, 01:20
 

Гишүүний хэсэг