А.Алтансүх: Манайх 199 ажилтантай газрыг жижиг, дунд гэж үздэг
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 5-р сарын 06, Баасан гариг, 01:22

“Санхүүгийн хүртээмж тааруу байна” гэж дүгнэх эрхмийг А.Алтансүх гэдэг. Тэрбээр “БИД” банк бус санхүүгийн байгууллагын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга юм. Мөн Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.

Бичил санхүүгийн салбарт 12 жил чанагдаж яваа түүнийг санхүүгийн хүртээмж тун тааруу гэж дүгнэхэд юу нөлөөлсөн юм бол. Энэ асуултын хариуг эрж түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Санхүүгийн хүртээмжийн талаар их ярьдаг болжээ. Энэ талаар тодруулаач?

-Манайд аж ахуйн нэгжүүдэд том, жижгийн асар их ялгаа бий болжээ. Том компаниуд олон охин компанитай болсон байна. Тухайлбал, MCS, АПУ компанийг дурдаж болно. Тэд бүх салбарт орж, бизнес хийдэг болжээ. Мөн арилжааны банкнууд ч даатгал, үнэт цаас гээд салбараа нээгээд эхэлсэн байна. Дэргэдээ банк бус санхүүгийн байгууллагаа ч нээчихлээ. Ингээд томчууд нь жижиг гэлтгүй бүх салбарт бизнес эрхэлж байна. Ингэснээр жижиг аж ахуй нэгжүүд бизнесийн өрсөлдөөнд цохигдож, үйл ажиллагаагаа хумьж байгаа дүр зураг харагдаж байна. Энэ нь нэг талаас санхүүгийн хүртээмжтэй холбоотой. Монгол улсын мөнгөний бодлогод жил бүр санхүүгийн хүртээмжийг сайжруулах зорилт тусгагддаг хэдий ч бодит байдал дээр хүртээмжтэй санхүүжилтийн асуудал туйлын хангалтгүй явж ирсэн. Төрөөс хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрт бичил жижиг аж ахуй нэгж хамрагддаггүй, харин томоохон аж ахуй нэгж төсөл хөтөлбөрт байнга хамрагдсаар ирлээ. Гэтэл дэлхийн олон улс орнууд ядуурлыг бууруулах, бичил бизнесийг дэмжихдээ тэдгээртэй хамгийн ойр ажилладаг бичил санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж үр дүнд хүрсэн байдаг. Японд гэхэд 3,8 сая аж ахуй нэгж байгаагийн 86,5% нь 20-с доош ажилтантай, 58% нь 4-с доош ажилтантай байна. Эдгээр 4-с доош ажилтантай жижиг аж ахуй нэгжүүдэд Японы засгийн газрын хөнгөлттэй зээл санхүүжилтийн бодлого нь чиглэж, Төрийн дэмжлэг үзүүлдэг. Манайхаар бол мөнөөх 5 жилийн хугацаатай 7.0 хувийн хүүтэй Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн зээлийг 4-өөс доош ажилтантай аж ахуйн нэгждээ өгч байна гэсэн үг. Ингэснээр олон жижиг компаниуд босч ирж байгаа юм. Үр дүнд нь эхний ээлжинд татварын бааз суурь нэмэгдэнэ, ажлын байр өснө, өрсөлдөөн бий болно. Цаашлаад ядуурлаас гарч, олон хүн ажил орлоготой болж, дундаж давхарга нэмэгдэнэ.

Тэгвэл Монголд нийт 59 мянган аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 85.5 хувь нь 1-9 хүнтэй, 19 хүртэл ажилтантай байгууллага 93 хувийг бүрдүүлж байна. Тэгтэл Засгийн газрын төсөл хөтөлбөрүүд тухайлбал Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 199 ажилтантай компанийг жижиг, дунд үйлдвэрлэгч гэж үздэг. 199 ажилтантай байгууллагад чиглэсэн зээл өгдөг. Япон улсад дөрвөөс доош ажилтантай газраа зээл өгч байхад, манайх 199 ажилтантай газрыг жижиг дунд гэж үзэж байна. Гэтэл Япон, Монгол хоёр улсын эдийн засгийн хөгжил ямар их ялгаатай билээ дээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон 560 тэрбум төгрөгийг 6598 аж ахуйн нэгжид л өгсөн байдаг. Үүнийг би хангалтгүй гэж үзэж байгаа юм. Жишээ нь 10 тэрбум төгрөгийн активтай нэг банк бус санхүүгийн байгууллагын харилцагчдын тоо 6500 хүрдэг шүү дээ.Төрийн хөнгөлттэй зээл санхүүжилт хүртээмжгүй байгааг эндээс харж болно.

-199 ажилтан гэдгийг хэн тодорхойлсон юм бол?

-Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд ийм заалт байдаг. Угтаа 199 биш 19 ажилтантай байхад л жижиг дунд аж ахуйн нэгж болно биз дээ. Харин бараг 200 ажилтантай компани том компанийн тоонд орно гэж бодож байна. Тэгтэл томчууд нь жилийн 7.0 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээл авч байгааг яалтай.

-Манай жижиг, дунд аж ахуйн нэгжүүд хэдэн хувийн хүүтэй зээл авдаг юм бэ?

-Дунджаар сарын 3.0 хувийн хүүтэй зээлийг банк бус санхүүгийн байгууллагуудаас авч байна. Жилээр нь тооцвол 36 хувь болчхож байгаа биз. Арилжааны банкнаас харин 24 орчим хувийн хүүтэй зээл авдаг. Барьцаагүй хүмүүс ломбарданд хандахаас эхлээд “Өдрийн зээл” хүртэл авдаг. Бичил жижиг бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн зардал өндөр хэвээр байна.

-Нийт хичнээн банк бус санхүүгийн байгууллага байдаг юм бол?

-Манайд нийт 450 банк бус санхүүгийн байгууллага, 660 тэрбум төгрөгийн активтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын дунд эхнээсээ бизнес нь тогтчихсон, өөрийн хөрөнгөөрөө үйл ажиллагаа явуулдаг олон компаниуд байна. Энэ дэд бүтцээ ашиглаад бид хүртээмжтэй санхүүжилтийг хүргэх хэрэгтэй байгаа юм.

-Томоохон аж ахуйн нэгжүүдээ хөгжүүлж улс орон хөгждөг гэж зарим хүн ярьдаг шүү дээ. Тухайлбал, үндэстэн дамнасан корпорацтай болбол жижиг компаниудаа босгоод ирнэ гэж онцолдог?

-Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хурлын үеэр бодлого тодорхойлогчид маань голлон аж ахуй нэгж үйлдвэрлэгчидээ олон улсад өрсөлдөх хэмжээнд хөгжүүлэх тухай яриад байдаг юм. Тэгтэл заалан дахь үйлдвэрлэгчидээс маргааш ажилтныхаа цалинг яаж тавих уу, дотоод зах зээлээ хэрхэн хангах вэ? тоног төхөөрөмжөө хэрхэн засварлах вэ гэсэн өнөө маргаашийн асуудлаа бодож байгаа жижиг аж ахуйн нэгжүүд өчнөөн байлаа. Төр маань хэт томоор сэтгэж байгаа байдал ажиглагдаж байна.

Бид макро орчинд л яриад байдаг. Тэгтэл япончууд 4 хүнтэй аж ахуйн нэгжээ дэмжиж байна шүү дээ. Энгийн жишээ татахад Японы засгийн газрын жижиг, дунд аж ахуйн нэгжийн санхүүжилтийн 22 хувийг төр өөрөө олгодог, банкаар дамжуулж 50 хувийн санхүүжилтийг хийдэг бол үлдсэн 28 хувийг бичил санхүүгийн байгууллагаар олгож байна. Өөрөөр хэлбэл, бичил, жижиг аж ахуй нэгж үйлдвэрлэгчдэд хүртээмжтэй санхүүжилтийг жигд хүргэхдээ санхүүгийн байгууллагуудаар нь дамжуулж байна. Тэгтэл манайд зөвхөн банкаар л дамжуулан олгож байна. Ингэснээр хүртээмжтэй санхүүжилт буюу бичил, жижиг аж ахуй нэгжүүдэд жигд санхүүжилт очихгүй байна. Өнөөдөр ББСБ-ын салбарын дундаж зээлийн хэмжээ 5 сая төгрөг байна. Харин банкнууд ийм бага дүнтэй зээлийг харилцагчид хүргэх нь үйл ажиллагааны зардал өндөр, эрсдэл өндөр зэргээс шалтгаалаад жигд хүртээмжтэй олгохгүй байгаа юм. Бичил жижиг бизнес эрхлэгчдийн эрсдэл өндөр байдаг. Тэгтэл банкны нийт активын 90 орчим хувь нь хадгаламж эзэмшигчдийнх байдаг учраас банкны хувьд эрсдэл хүлээх чадвар багатай. Харин банк бус санхүүгийн байгууллагууд өөрийн хөрөнгө өндөртэй учраас эрсдэл даах чадвартай.

Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт өөрийн хөрөнгө нь 660 орчим тэрбум төгрөг. Хэрвээ төрөөс хэрэгжүүлж буй дээрх шиг төсөл хөтөлбөртөө ББСБ-уудыг хамруулж жижиг, дунд аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлттэй зээл олговол зорилтот бүлэгт хүртээмжтэйгээр хүргэх бүрэн боломжтой. Өөрийн хөрөнгөөр санхүүжилт хийгээд явахаар бид зээлдэгчддээ хөнгөлөлттэй зээл өгч чадахгүй байна. Улсаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг ББСБ-аар дамжуулан олговол зээлийн хүү 3.0 хувиас доошлох, хүү буурах боломжтой юм.

Санхүүгийн зах зээлд өрсөлдөөн бий юү?

Байхгүй. Учир нь ний зах зээлийн 96 хувийг арилжааны банкууд дангаар ноёрхож, даатгал, үнэт цаас, бичил санхүүгийн бүх үйл ажиллагааг явуулж байна. Нийт иргэд, аж ахуй нэгжийн хадгаламж болон төрийн мөнгийг арилжааны банкнууд дансандаа байршуулан санхүүгийн зуучлалыг үзүүлж байна. Үүнийг нь өөрчилж, өрсөлдөөнийг нэмэх хэрэгтэй байгаа юм. Банк бүх харилцагчид хүрч ажиллаж чадахгүй шүү дээ. Бага орлоготой иргэдэд банк үйлчлэхэд тун хэцүү үйл ажиллагааны зардал болоод эрсдэл өндөр. Харин банк бус санхүүгийн байгууллагууд өөрийн хөрөнгөөрөө бага орлоготой өрхийн болон бичил жижиг бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд голлон үйлчилдэг. Тэгтэл бидэнд мөнгө хүрэлцэхгүй байна шүү дээ.

 

 

 

 

Гишүүний хэсэг