Хүртээмжтэй санхүүжилтийн санаачилгыг хэрэгжүүлцгээе!
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 6-р сарын 10, Баасан гариг, 10:22

Хүртээмжтэй санхүүжилтийн санаачилгыг хэрэгжүүлцгээе! уриалга 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ӨНӨӨДӨР сонинд нийтлэгджээ. Та бүхэн өнөөдрийн дугаараас авч үзээрэй.

Нийт тоогоороо 450, үүнээс зах зээл дээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 150 Банк бус санхүүгийн байгууллагууд бид 650 гаруй тэрбум төгрөгийн активтайгаар бичил зээлдэгчдийн 60% буюу 66 мянган зээлдэгчид үйлчилдэг. Тэгвэл, “бичил зээлдэгчид” гэж хэн бэ? Бодит амьдрал дээр тэд бол орлого багатай иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн үйл ажиллагаагаа дөнгөж эхлэж буй эсвэл хөл дээрээ босох гэж тэмүүлж зүтгэж явдаг бичил, жижиг бизнес эрхлэгчид, төрийн зүгээс ЖДҮ-ийг дэмжих гэх мэт чиглэлээр хэрэгжүүлдэг бодлого, төсөл, хөтөлбөрт янз бүрийн шалтаг шалтгаанаар хамрагдаж чадаагүй иргэд, аж ахуй нэгжүүд байдаг.
Өнөө цагт дэлхий даяар “хүртээмжтэй санхүүжилтийг” хөгжүүлэн, ядуурал ажилгүйдлийг багасгах, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжин хөгжүүлэх, дунд ангийг өргөтгөн бэхжүүлэх, орлогын тэгш бус байдлыг багасгах бодлого хэрэгжиж байна. Монгол улсад чухамдаа энэ л санаачлага хэрэгтэй байгаа бөгөөд сүүлийн үед Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл гэх мэт нь мөн чанартаа “хүртээмжтэй санхүүжилтийг” хөгжүүлэх зорилготой юм. Гэхдээ эдгээр нь дээр дурьдсан “бичил зээлдэгчдэд” “хүртээмжтэй бус” байгаа бөгөөд учир нь уг санхүүжилтийг зөвхөн банкны сектор, түүний дотор зөвхөн нэг банкаар дамжуулан хэрэгжүүлэх нь учир дутагдалтай байгаа нь санхүүжилтийг хүртээмжтэй хүргэж чадахгүй.
Чухам иймээс бид УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачилсан Хүртээмжтэй санхүүжилтийн төрөл бүрийн хэлбэрийг хөгжүүлэх, ингэхдээ зөвхөн банкаар бус банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлэх механизмыг бүрэн дэмжиж байгаа юм.
Энэхүү механизмын дагуу Төв банк, Засгийн газраас ББСБ-уудад барьцааны үндсэн дээр бага хүүтэй зээл олгож ББСБ-уудад дамжуулан зээлдсэнээр хүртээмжтэй санхүүжилтэд хамрагдаж чадаагүй байгаа олон мянган иргэд, аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой болж санхүүгийн секторт шударга өрсөлдөөний суурь тавигдаж өрхийн бодит орлого буурсан, аж ахуй нэгжүүд, ялангуяа бичил, жижиг, дунд бизнесийн идэвхижил эрс саарсан үед нийт эдийн засгийг идэвхижүүлэх том алхам болох юм.
Хүртээмжтэй санхүүжилтийн санаачлагыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж зээлийн хүү, олдоц, хугацааг хүртээмжтэй болгох талаар Монгол Улсын Засгийн газар, Монголбанк бидний энэ санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ бол өргөн утгаараа орчин үеийн глобал хөгжлийн чиг хандлага бөгөөд Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах гол арга замын нэг болох хүртээмжтэй санхүүжилтийг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, хүртээмжтэй, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хаалгаар орох өсөлтийг, хэрэгжүүлэх гол арга зам мөн.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо
МҮХАҮТ-ын дэргэдэх Бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөл
2016 оны 5 дугаар сарын 28

 

Гишүүний хэсэг