1000 цүнх ба 1000 хүүхдийн инээд
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 8-р сарын 23, Мягмар гариг, 02:44

"1000 цүнх ба 1000 хүүхдийн инээд"

Хичээлээсээ байнга хоцорч, багшдаа зодуулдаг бяцхан хүүгийн ард үнэндээ ямар амьдрал нуугдаж байсныг мэдсэн хойноо багш нь шавийнхаа өмнө ихэд гэмшиж буй нэгэн бичлэг цахим ертөнцөд олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн дөө. Амьдралын боломж нөхцөл тааруугийн улмаас тэр жаал ахтайгаа дундаа нэг цүнх хэрэглэдэг байсан бөгөөд ахыгаа хичээлээс тарж ирэнгүүт цамцыг нь өмсөн, цүнхийг нь үүрээд сургууль руугаа хар хурдаараа гүйдэг шиг тийм өрөвдмөөр дүр зураг монголчуудын дунд ч өчнөөн бий дээ, бид л анзаардаггүй болохоос. Хүүхэд гэдэг гэгээхэн ертөнцийн хувьд үе тэнгийнхэнтэйгээ дарвин тоглож, сургуульд сурч, хамтдаа хөгжих нь ямар чухал болохыг томчууд биднээс ч магадгүй илүү ихээр ойлгодог болоод тэд жаахан биедээ ахдам тийм сорилтуудыг даван туулдаг гэлтэй. Хэдэн жилийн өмнө 50-ын (одоо 100-150 төгрөг болсон) шар торонд дэвтэр, номоо хийгээд хичээлдээ явдаг монгол хүүхдүүдийн тухай үзээд нэг талаар харамсах, нөгөө талаар сургуульд сурахын төлөө гэсэн тэдний чин хүсэл эрмэлзлээр бахархах сэтгэл төрж билээ. Чаддаг сан бол тэдэнд туслах юмсан гэх хүслийг минь өнөө харин биелүүлэх шидтэн гарч ирсэнд баярлаад баршгүй нь.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтайгаа хамтран “1000 цүнх challenge” аян зарлажээ. Тэд  гишүүн ББСБ-уудынхаа хандиваар 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэхээр болж. Сайхан биш гэж үү. Эдийн засгийн хямралын тухай дээр, дооргүй ярьцгааж, хөмсөг зангидсан хөөрхий түмэн олон хүссэн ч хүсээгүй ч “бүсээ чангалахаас” өөр аргагүйд хүрээд буй энэ хүнд цаг үед 1000 хүүхдийн ар гэрийнхний нуруун дээрээс том ачаа авч хаяна гэсэн үг шүү дээ. Өчигдөрхөн хүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр гадуур гараад, 75 мянган төгрөг яах ийхийн зуургүй үрчихээд ирсэн эх хүний хувиар энэ зовлонг би сайн мэднэ. Хоёр, гурван хүүхэд нь сургуульд зэрэг сурдаг айлуудын хувьд бол асуудал бүр хурцаар тавигдах нь дамжиггүй. Тийм учраас Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооныхны санаачлан эхлүүлсэн энэхүү challenge-д бусад салбарынхан, томоохон пүүс компани, албан байгууллагууд нэгдээсэй хэмээн хүсэх байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвэнгээр тусал гэдэг болохоор энэ цаг үед компанийн нийгмийн хариуцлага гэдэг магадгүй эндээс эхлэх учиртай бус уу.

Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн 1000 өрхийг сонгон, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх “толгой өвтгөсөн” их ажилд нь нэмэр хандив оруулахын зэрэгцээ амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд эрдэм боловсрол эзэмших чин хүслийг нь бадраах, урам зориг нэмэхэд энэхүү аяны зорилго, ач холбогдол оршиж байгаа юм билээ. Мөн  нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг нийгэмд гарган, түгээхийг зорьсон гэдгээ Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх хэлсэн. Улаанбаатар хотод 150 гаруй ББСБ байдаг бөгөөд тэд бүгдээрээ “1000 цүнх challenge”-д нэгджээ. Цаашид энэхүү аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх гэнэ. Дэлхий нийтийн жишгээс харж байхад ББСБ-ууд анх бий болсон цагаасаа эхлээд хүмүүнлэгийн үйлс, нийгмийг хамарсан сайн үйлсийн аянуудын идэвхтэй оролцогч, санаачлагчид байсаар ирсэн түүхтэй гэдэг. Монголын ББСБ-ууд ч энэ жишгээс гажихгүй явж ирсний нэг нотолгоо нь дээрх аян болж байна.

Улаанбаатар хот 379.419 өрхтэй, 1.3 сая гаруй хүн амтай. Улаанбаатарчуудын маань 27.4 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой буюу эмзэг бүлгийнхэн гэсэн ангилалд ордог. Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бүрэн бэлдэж чадахгүй сэтгэл гонсгор  явдаг аав, ээжүүд, “Ийм цүнхтэй яаж сургуульдаа очно доо” гэсэн эмзэглэлтэй багачууд жилийн жилд л байдаг. Бид ч байх ёстой үзэгдэл мэт хүлээж авсаар дасчихсан гэхэд болно. Харин энэ хичээлийн жил, хамгийн гол нь  эдийн засгийн хямралын жил ийм хүмүүнлэгийн аян эхэлсэн нь яах аргагүй нүдээ олсон явдал юм. Өнөөгийн манай нийгэмд граммын ургамлын тос, тал талх худалдаж авдаг, үмххэн дотор махаар шар нар бор хоногийг аргацааж өнгөрүүлдэг борчууд дэндүү олон болсон шүү дээ. Тэгвэл тэр олон айл өрх ядаж нэг ч гэсэн хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг зэхэх хэцүү “давааныхаа” ард гарах нь гээд бодохоор үнэхээр баярламаар. Үүнийг сонсоход, уншихад тийм ч айхтар сүртэй том үйл явдал биш юм шиг санагдаж болох ч тарчиг амьдралдаа гутан, үр хүүхдийнхээ өмнө өөрсдийгөө буруутгадаг тэдгээр аав, ээжийн хувьд энэ нь ямар үнэ цэнэтэй зүйл байх бол гээд нэг бодоод үзээрэй.

Жаргал цэнгэл бус, зовлон хүнийг ойртуулдаг гэдэг ортой аж. Өнгөрсөн жил манай улсад эдийн засгийн хямрал эхнээсээ нүүрлэж байх тэр үед нийгмийг хамарсан сайн үйлсийн аян, хандивын арга хэмжээ урьд онуудаас  хамгийн олон зохион байгуулагдсаныг судалгаагаар тогтоосон байсан. Тэгэхээр энэ аян ч бас үр дүнгээ өгч, олон монгол хүний элгэн халуун сэтгэлийн хүчээр 1000 биш 10.000 цүнх болж, олон хүүхдийг баярлуулахыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч 1000 хүүхдийн нүүрэнд инээмсэглэл, нүдэнд нь оч гэрэлтэн гүйж явааг бид тун удахгүй харна. Тодруулбал, энэ сарын 25-нд Сүхбаатарын талбайд 1000 хүүхдийн цүнх, хичээлийн хэрэгслийг гардуулан өгөх юм.

Хотын хүүхдүүд дээр үеийн дуунд гардаг шиг номхон даага барьж унахгүй ч номтой цүнхээ үүрээд, ээж, ааваараа хөтлүүлэн, үнсүүлээд “Есдүгээр сарын 1 ерөөсөө бидний баяр” хэмээн дуулан сургуульдаа очих мөч ойртсоор. Зунжин уулзаагүй ангийнхаа найзуудыг санан мөрөөссөн, амралтаараа үзэж харсан сонин сайхнаа тэдэндээ хуучлахсан гэхээс нойр нь хүрэхгүй яваа, эрдмийн өргөөний алтан босгоор анхлан орох гэж буй мянга мянган хүүхдүүд  сэтгэл тэнэгэр сургуульдаа очдог байгаасай.

Нийтлэлийг сэтгүүл Л.Чимэг

 

 

 

 

 

Гишүүний хэсэг