1000 хүүхдэд бэлэглэх “шидэт цүнх” бэлэн боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 8-р сарын 24, Лхагва гариг, 05:07
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтайгаа хамтарч “1000 цүнх challenge” аян эхлүүлээд буй. Хичээлийн шинэ жилийн босгон дээр 1000 хүүхдийг баярлуулах “шидэт цүнхнүүд” хэдийнэ бэлэн болжээ. Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын ах, эгч нар нь Улаанбаатарын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн 1000 өрхийн хүүхдүүдэд иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэх гэж байгаа учраас шидэт хэмээн онцолсон юм. Амьдралын боломж нөхцөл тааруу айлын хүүхдүүдийн хувьд зунжин хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1 нь болохоор “Энэ жил би сургуульдаа шинэ цүнхтэй очиж чадах болов уу” гэсэн нэг зүйл битүүхэн түгшүүр дагуулдаг нь нууц биш. Хэрэв Шинэ жилийн баяр сан бол тэдгээр хүүхдүүд өвлийн өвгөн аавд хүслээ дайж, шинэ цүнх бэлгэнд авахыг гуймаар санагддаг ч байж мэдэх... Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлээд Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооныхон гишүүн байгууллагуудтайгаа хамтран 6-12 насны 1000 хүүхдийн хүслийг ийнхүү биелүүлж байхаар болсныг дуулгахад таатай байна.

“1000 цүнх challenge” аяныг санаачлан зохион байгуулагчид цүнх өгөх хүүхдүүдийг сонгохдоо нийслэлийн есөн дүүргийн хороодын нийгмийн ажилтнуудаас амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэсэн өрхүүдийн бүртгэлийг авснаас гадна үнэхээр эмзэг бүлэгт багтах айл мөн, эсэхийг нь өөрсдөө гэрээр нь очиж үзээд, хүүхдүүдээ сонгон, сонгосон хүүхдүүддээ ваучер тараасан байгаа гэнэ. Тэгэхээр хандив маань зорилтот бүлэгтээ очиж чадах болов уу гэдэг тухайд эргэлзэх ямар нэгэн зүйлгүй гэдгийг нэмж хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Маргааш буюу энэ сарын 25-нд Сүхбаатарын талбайд 1000 хүүхдэд гардуулах шидэт цүнхэнд харин юу юу байх бол оо...

Цүнх (эрэгтэй, эмэгтэй), 2 төрлийн дэвтэр (хэддүгээр ангиасаа шалтгаалаад тус бүр 10-20 ширхэг), дэвтрийн хавтас, зургийн дэвтэр, өнгийн цаас, өнгийн харандаа (12 өнгөтэй), финал, пламастер (12 өнгөтэй), гортиг, баримлын шавар, цаасны цавуу, хайч, баллуур, балын харандаа, тосон харандаа (6 өнгөтэй), үзэг (2 ширхэг), үзэгний запас (4-10 ширхэг), харандаа үзүүрлэгч, шугам гэх мэт.

Олон хүүхдийн зунжин хоног тоолон хүлээсэн сургуульдаа сэтгэл тэнэгэр очиход, ангийнхантайгаа нүүр бардам уулзахад хэрэгтэй бүхэн энэ цүнхэнд байгаа биз. Эдийн засгийн хямрал хаа сайгүй нүүрлэж, олон айлын хувьд хоногийн хоолтой байх уу, үгүй юү гэдэг хүндхэн асуулт өдрөөс өдөрт тавигдах болсон энэ үед нэг ч гэсэн хүүхдийнх нь хичээлийн хэрэгслийг ингээд бэлдээд өгөхөөр аав, ээж нь ямар их баярлах бол. Тиймээс эдийн засгийн хямралын үед нийгэмд эерэг нөлөөлөл, үлгэр дуурайл бий болгох үүднээс ББСБ-уудын санаачлан эхлүүлсэн энэхүү challenge-д томоохон пүүс компани, албан байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан нэгдэж, илүү олон хүүхдийн ирээдүйн боловсролд хөрөнгө оруулаасай. Цүнхгүй хэмээн ангийнхандаа шоолуулдаг ч гэлээ эрдэм ном сурахын төлөө гялгар шар торонд дэвтэр номоо хийгээд сургуульдаа явдаг монгол хүүхдүүд өнөөг хүртэл байсаар байгаа. Тэр хүүхдүүдийн хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийн галыг хэрхэн өрдөхөөс ирээдүйн Монгол Улсын хөгжил дэвшил шалтгаалах буюу.

 

Гишүүний хэсэг