Банк бус санхүүгийн зах зээлийн хөгжлийг хамтран төлөвлөнө
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 10-р сарын 07, Баасан гариг, 07:18

Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын ББСБ-уудын Холбооны хооронд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, цаашид салбарын стратеги бодлогыг тодорхойлох, тулгамждаж буй асуудлыг харилцан шийдвэрлэх хүрээнд Өглөөний цайны уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтанд МББСБХолбооны зүгээс  Ерөнхийлөгч А.Алтансүх, гүйцэтгэх захирал Э.Ариунтөгс тэргүүтэй Холбооны удирдах зөвлөлийн гишүүд, СЗХорооны зүгээс дэд дарга Д.Баярсайхан, Банк бус санхүүгийн байгууллагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баянцогт нар тус тус уулзаж, зах зээлийн хэтийн төлөв, чиг хандлага, хамтын ажиллагааны хүрээ, эрх зүйн орчин гэх мэт олон асуудлын хөндөн ярилцлаа.

Банк бус санхүүгийн зах зээл ирэх жилүүдэд хөгжлийн үе шат ахиж ажиллах цаг, нөөц боломж нь бүрдсэн гэдгийг Хорооны дэд дарга Д.Баярсайхан уулзалтын эхэнд дурдаад, ойрын ирээдүйн зорилт, хүрэх түвшин, дүр төрхөө тодорхойлох ажлыг нэн даруй хамтран хийх шаардлагатай байгааг онцолсон юм. Бодлого зорилт, стратеги төлөвлөгөөгөө тодорхойлсоны үндсэн дээр мэргэжлийн холбоодтой байгуулсан Хамтран ажиллах санамж бичгүүдээ шинэчлэхээр ажиллаж байгаагаа газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баянцогт мэдээллээ.

Олон улсад банк бус санхүүгийн зах зээлийн хэрэгслүүд, дэд бүтэц ихээхэн хөгжиж байгааг МББСБХ-ны Ерөнхийлөгч А.Алтансүх жишээ татан дурдаж, банк бус санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, барьцаагүйгээр зээл олгох боломж бүрдүүлэх, ингэхийн тулд иргэдийн зээл авах чадамжийг тодорхойлдог, тооцдог тогтолцоонд шилжих, ББСБ-уудын чансааг тогтоох, хөндлөнгийн шинжээчдээр үнэлүүлэх, зээлийн эрсдэлийг даатгуулах байдлаар даатгалын салбартай холбон хөгжүүлэх, түүнчлэн ББСБ-ууд хоршиж ажиллах эрх зүйн зохицуулалтыг бий болгох талаар тодорхой саналуудыг хэлэв. Мөн иргэд, аж ахуй нэгжүүдийн зээлийн эрэлтийг нэгэнт хангагдчихсан, эдийн засаг, бизнесийн өсөлт саарчихсан өнөөдрийн нөхцөлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд дэлгэн тавих нь зүйтэйг ч дурдаж байлаа.

Хорооны болон Холбооны удирдлагууд уулзалтын үеэр гаргасан саналуудыг судлан нэгтгэж, зах зээлийн хөгжлийг төлөвлөн, тодорхой хөтөлбөр болгож боловсруулан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.




Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 10-р сарын 07, Баасан гариг, 09:35
 

Гишүүний хэсэг