Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах арга замыг хэлэлцлээ
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 10-р сарын 07, Баасан гариг, 09:37

Санхүүгийн зохицуулах хороо Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Азийн бичил даатгалын зах зээлийн зохицуулалтын тогтолцоог дэмжих хөтөлбөр болон Монре даатгал ХХК хамтран “Монгол Улсад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд чиглэсэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан эрсдэлээс хамгаалах арга замууд” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо 2016 оны 10 сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр Монголын ББСБ-уудын Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх "ББСБ-ууд хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх, даатгалын салбартай хамтран ажиллах боломж"-ын талаар илтгэл танилцуулж, ББСБ-ын өнөөгийн байдал, бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн эрсдэлийг бууруулах боломжийн талаар санал танилцуулсан ба ББСБ-ууд даатгалын салбартай хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боломж нээлттэй гэдгийг уламжиллаа.

Энэхүү арга хэмжээ нь бичил санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор даатгалын зуучлагчдын төрлийг өргөжүүлэх талаар хэлэлцэж, туршлага солилцох боломжийг төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд олгож, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрсдэлийг удирдах боломжуудыг нээн илрүүлснээрээ ач холбогдол өндөртэй байлаа хэмээн зохион байгуулагчид тэмдэглэлээ.

Чуулганы үеэр Монгол улсад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан даатгалын бүтээгдэхүүн бий болгох боломж, тулгамдаж буй асуудал, нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалтын талаар нэлээд өргөн хүрээнд хөндсөн юм.

Манай улсад үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн 90,000 гаруй аж, ахуйн нэгжийн гуравны хоёр нь жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг ба 80 орчим хувь нь 10-аас цөөн ажилтантай бичил бизнес байгаа юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан даатгалын бүтээгдэхүүн зах зээлд хараахан байхгүй байгаа нь даатгалын компаниудын энэ зах зээлд хүрч үйлчлэх туршлага бага байгаатай холбоотой гэдгийг илтгэгчид хөндөж байлаа. Иймд даатгалын зах зээлд цаашид үнийн зөөлөн бодлого, ашигт ажиллагааны зөв хуваарилалт чухал. Даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийн тулд эрсдэлийн маш зөв зураг гаргах хэрэгтэйг мөн онцолж байлаа. Нөгөө талаар нэг хүн амд ногдох даатгалын хураамжаар хөгжилтэй орнуудтай харьцуулахад 10,000 дахин бага боловч хөгжих боломж байгааг харуулсан олон тоон үзүүлэлт буйг ч дурдсан юм.

 

Гишүүний хэсэг