Санхүүгийн салбарын өсөлт тогтвортой үргэлжилж байна
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 11-р сарын 11, Ням гариг, 13:11

Санхүүгийн салбарын өсөлт тогтвортой үргэлжилж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтүүд болон үйл ажиллагааны тоймыг танилцуулж, цаг үеийн зарим асуудлуудаар мэдээлэл хийлээ.

Санхүүгийн салбарын тоймыг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун мэдээлж, хэвлэлийн бага хуралд Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн болон Банк бус санхүүгийн байгууллагын газрын орлогч дарга Б.Итгэлсүрэн нар оролцон, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


Банк бус санхүүгийн салбарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 32.7 хувиар өссөн ба 2018 оны эхний гурван улирлын туршид гучаас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 3 дугаар улиралд 3.3 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх улирлын түвшнээс өөрчлөгдөөгүй байна. Нийт орлогын хувьд өмнөх оноос 32.7 хувиар өсөж, 183.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт ашиг 68.3 хувиар өсөж, 73.5 тэрбум төгрөгт хүрчээ.


Хэвлэлийн бага хуралд оролцсон Хорооны удирдлагууд, зохицуулалттай санхүүгийн салбаруудад явуулж байгаа чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт болон гарч буй үр дүнгийн талаар ярьж, хууль, журмын хүрээнд ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгөнд нарийн чанд хяналт шалгалт хийгдэж тусгай зөвшөөрөл олгогддог учраас ЖДҮХС-гийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүйг албан ёсоор мэдэгдсэн юм.  Мөн одоогийн байдлаар Хороонд шинээр IPO гаргах хүсэлтээ дөрвөн компани ирүүлээд байгаа бөгөөд хүсэлтүүдийг хянаж, зохих шаардлагуудыг хангуулж буй болон “Монкорд” ХЗХ-ны удирдлагуудтай холбоотой зөрчлийн асуудлыг шалгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Түүнчлэн Хорооноос энэ оны эхний гурван улиралд нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг бүхэлд нь хамруулсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан хяналт шалгалтын ажил, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс ирж буй өргөдөл гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар нээлттэй танилцуулав.

 

Гишүүний хэсэг