Д.Баярсайхан: Саарал жагсаалтад орж болзошгүй хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч чадна
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 11-р сарын 11, Ням гариг, 13:17

Санхүүгийн гэмт үйлдэлтэй тэмцэх, энэ талаар харилцан хамтарч ажиллах асуудал олон улсын хэмжээнд чухлаар тавигдаж байна. Улс үндэстэн бүр бохир мөнгө, түүнийг угаах, улмаар алан хядлага зэрэг хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг санхүүжүүлэхтэй тэмцэх сайн тогтолцоотой байх шаардлагатай тулгарч байна. Манай улсын тогтолцоог төдийлөн сайн биш байна гэж үзэн Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас анхааруулж, тогтолцоогоо сайжруулах талаар зөвлөмж өгөөд байгаа. Хэрэв зөвлөмжийг хэрэгжүүлэх ажил хангалтгүй гэж үзвэл тус байгууллагаас манай улсыг эрсдэлтэй улсуудын жагсаалтад оруулж болзошгүй нөхцөл үүсээд байгаа. Энэ талаар СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхантай ярилцлаа.

-Юуны өмнө мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг гэж юу юм бэ, эдгээр нэршлээр яг ямар хэргийг тодорхойлоод, гэмт хэрэг гэж тооцоод байна вэ гэдэг талаар уншигчдад товч ойлголт өгөх үү?

-Товчхондоо хууль зөрчиж олсон мөнгийг хууль ёсоор олсон болгож харагдуулах үйлдлийг “мөнгө угаах” гэмт хэрэг гэж тодорхойлоод байгаа юм. Олон нийтийн дунд хар тамхи, зэр зэвсэг наймаалах, хүний наймаа зэрэг олон улсын бүлэглэлийн шинжтэй томоохон хэргүүдийг хамруулж ойлгоод байгаа харагддаг. Гэтэл эдгээр олон улсын шинжтэй хэргүүдээс гадна авлига, хээл хахуулийн орлого, хулгай, дээрмийн орлого, татвараас зайлсхийж нуусан мөнгө, байгаль орчны эсрэг гэмт хэргийн төлбөр зэрэг олон төрлийн хууль бус орлогуудыг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбож ойлгож болно. Тиймээс энэхүү мөнгө угаах гэмт хэргийн улмаас санхүүгийн салбар дахь хэрэглэгчид хохирох, санхүүгийн салбарт итгэх итгэлийг бууруулах, цаашлаад санхүүгийн зах зээлийн өөрийнх нь тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх зэрэг хор уршигтай. Ялангуяа интернэт болоод бусад технологийн дэвшлүүд асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед уг гэмт хэрэгт жирийн иргэд санамсаргүй, мэдлэг мэдээлэлгүй байдлаасаа болж өртөх нь улам бүр нэмэгдсээр байна. Сүүлийн үеийн жишээ гэвэл хууль бус орлогоо криптовалютын төрөл бүрийн хэлбэрээр байршуулах, хадгалах асуудал ихээхэн гарч байгаа юм. Тиймээс төрийн зохицуулагч байгууллагууд эдгээр үйлдлүүдийг мөнгө угаах гэмт хэрэг гэж тооцон, хяналт шалгалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.

-Зохицуулаад, хянаад шалгаад явъя гэхэд манайд холбогдох хууль эрх зүйн орчин нь ямар байдаг вэ? Яг чиглэсэн хууль, журам байдаг уу? Мөн танай Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудалд ямар үүрэгтэйгээр оролцож, яаж зохицуулж байна вэ?

-FATF (Financial Action Task Force) буюу Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага гэж байдаг. Энэ байгуулага нь улс орнуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд тодорхой хугацааны давтамжтайгаар хяналт шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт өгч, рейтинг тогтоодог. Ингэхдээ уг байгууллагаас гишүүн орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн 40 зөвлөмж бүхий стандарт гаргаж өгсөн байдаг. Шалгалт хийхдээ уг зөвлөмжөө баримтлан үнэлгээ хийдэг. Манай улсын хувьд 2013 онд энэ байгууллагаар дүгнүүлэхдээ “муу” гэсэн үнэлгээ авч, “саарал жагсаалт”-д орж байсан. “Саарал жагсаалт”-нд орно гэдэг нь уг 40 зөвлөмж бүхий стандартын биелэлт, хэрэгжилт хангалтгүй дүнтэй гарсан байна гэсэн үг.

Иймээс 2013 онд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 2014 онд Эрүүгийн хуульд энэ чиглэлээр нарийвчилсан зохицуулалт оруулж, холбогдох журмуудыг мөн баталснаар 2014 оны зургадугаар сард Монгол улс “саарал жагсаалт”-аас гарч чадсан.

Улмаар хууль, эрх зүйн орчноо улам бүр сайжруулах зорилгын хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульдаа энэ оны 4 дүгээр сард дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр Засгийн газрын түвшинд энэ асуудлаарх Үндэсний зөвлөл ажиллах, Үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг асуудлыг шинээр тусгаж, Санхүүгийн мэдээллийн алба болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх үүргийг өргөжүүлсэн. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд сэргийлэх болон хянан шалгах үйл ажиллагааг явуулдаг гэж ойлгож болно.

Энэ хүрээндээ бид өнөөдрийн байдлаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн бүлгээс өгсөн зөвлөмжийн дагуу хяналт, зохицуулалтын дүрэм, журмуудаа шинэчлэх, зохицуулалтын салбарууд болох үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын салбарын оролцогчдыг сургах, холбогдох албан хаагчдыг чадавхижуулах, аргачлал, гарын авлагаар хангах, зохицуулалттай этгээдийн эрсдэлийн үнэлгээг хийх, газар дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлэх гээд олон төрлийн, олон түвшний ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

-Олон ажил хийгдэж байгаа юм байна. Тусгайлаад, жишээлээд хэлбэл яг ямар ажил танай дээр явагдаж байна вэ?

-Сая хэлсэн ажлуудаас мөнгө угаах, терроризмтэй тэмцэх манай Хорооны үйл ажиллагаа улам бүр өргөжсөн нь харагдаж байгаа байх. Тухайлаад хэлбэл, бид 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар давхардсан тоогоор нийт 2726 зохицуулалттай этгээдийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалт болон газар дээрх хяналт шалгалтад хамруулаад байна. Мөн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, бүрдүүлэх зорилгоор комплаенсын буюу дотоод хяналтын нэгж хариуцсан ажилтныг томилох талаар зохицуулалтын хүрээний байгууллагууддаа шаардлага тавьж байна.

Түүнчлэн энэ жилээс эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд болон Элчин сайдуудын төлөөллийг оролцуулсан доноруудын уулзалтыг зохион байгуулах болсон. Одоогоор хоёр удаагийн уулзалт болсон бөгөөд уулзалтаар Хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, хүндрэлтэй асуудлуудаа танилцуулсан. АНУ болоод Австралийн ЭСЯ-ны төлөөлөгчид Хороог хязгаарлагдмал нөөцөөр харьцангуй их ажлыг хийсэн байна гэж үнэлсэн. Мөн тайлагналаа олон улсын стандартын дагуу маш сайн хийх нь чухал гэдгийг зөвлөсөн.

-Ер нь дэлхий даяар санхүүгийн гэмт хэргийн асуудалд онцгой анхаарал хандуулж байх шиг байна. Хэдхэн хонгийн өмнө Төрийн ордонд энэ асуудлаар олон улсын хурал болох шиг боллоо.

-Тэгсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын удирдлага дор олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж, Санхүүгийн зохицуулах хороо мөн илтгэл тавьж оролцсон. Үүнээс гадна Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монголын санхүүгийн зах зээлийн зөвлөл болон Прайсуотерхаус Куперс олон улсын байгууллага хамтран Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, хувийн хэвшлийн төлөөллийг хамруулсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчин болон тэргүүлэх чиглэлийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаануудын талаар хэлэлцэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Энэ хэлэлцүүлгээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажиллагааны хэрэгжилт, Ази-Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдэд анхаарах асуудлууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргачлал, өнөөгийн нөхцөл байдал, олон улсын сайн туршлага зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцсан. Хорооны хувьд өнөөдрийн байдлаар хийж гүйцэтгэсэн болон цаашид хэрэгжүүлэх ажлууд, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар миний бие илтгэл тавьсан.

-Ер нь Монгол улс “саарал жагсаалт”-д орвол яг ямар хүндрэл бэрхшээл, сөрөг үр дагавартай тулгарах юм вэ?

-“Саарал жагсаалт”-д орно гэдэг нь өөрөө гадаадын банк санхүүгийн байгууллагууд Монгол Улстай корреспондент банкны харилцаагаа таслах, манай банкуудын гадаад дахь төлбөр тооцооны харилцаанд хүндрэл үүсэх, иргэд байгууллагын гадаад гүйлгээ саатах, хугацаа алдах, зардал өсөх, зээлийн хүү нэмэгдэх, хөрөнгө оруулагчдын итгэл буурах, улмаар шууд болон шууд бус хөрөнгө оруулалт эрс буурах, зээлжих зэрэглэл унах зэрэг нийгэм эдийн засгийн маш олон сөрөг үр дагавартай. Тиймээс бид Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, олон улсын байгууллагаас гаргасан бусад зөвлөмж, ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэн ажилласнаар дээрх сөрөг үр дагаваруудаас сэргийлэх, санхүүгийн салбарын жигд өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засаг тэлэх, инфляци буурах гэхчилэн олон талын ач холбогдолтой юм.

Ер нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил нь хэн нэгний эсвэл ганц хоёрхон байгууллагын идэвх чармайлтаар шийдэгдэх асуудал ердөө биш ээ. Санхүүгийн зах зээлд оролцогч талууд, зохицуулалт, хяналтын байгууллагууд нэгдсэн бодлого зорилтын хүрээнд асуудлын мөн чанарыг ойлгон харилцан уялдаатай хамтран ажиллах нь туйлын ач холбогдолтой юм.

-Санхүүгийн зохицуулах хороо хянаж, зохицуулж ажилладаг байгууллагууддаа сургалт хийж, чадавхжуулах үйл ажиллагаа явуулсан гэж дээр ярилаа. Танай зохицуулалтад өнөөдрийн байдлаар ямар ямар төрлийн нийт хэдэн санхүүгийн байгууллага багтаж, дээр хэлсэн ажлуудад хамрагдаад байгаа вэ?

-Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу мэдээлэх үүрэгтэй 9 этгээд байгаагийн 6 нь СЗХ-ны зохицуулалт хяналтад хамааралтай байхаар тусгасан. Энэ зургаад нь банк бус санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниуд болон мэргэжлийн оролцогчид, хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компани, үнэт цаасны компаниуд, хадгаламж зээлийн хоршоод мөн дээр нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд багтаж байна. Манай зохицуулалтанд шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага улсын хэмжээнд 5186 бүргтгэлтэй байгаа нь нийт манай зохицуулалтанд хамаарах байгууллага, оролцогчдын тоог 6345 хүргэж ачааллыг ихээхэн нэмэгдүүлэхээр болоод байна.

-Танай зохицуулалтын салбар их өргөжсөн байна. Тэгэхээр энэ өргөн хүрээний байгууллагууд руугаа чиглэж ямар ажлуудыг өрнүүлж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар бид зохицуулалттай этгээдүүдэд чиглэсэн 29 удаагийн сургалтыг нийслэл болон 21 аймагт зохион байгуулж, 973 байгууллага, төлөөлөгчийг хамруулаад байна. Мөн тэдэнд зориулсан гарын авлагыг боловсруулж хүргэсэн.

Түрүүн хэлсэнчлэн ФАТФ-ын 40 зөвлөмжийн хүрээнд Хорооны хийж хэрэгжүүлэх ажил маш өргөн цар хүрээнд байгаа. Энэ 40 зөвлөмжийн 23-ыг нь хэрэгжүүлэхэд Хорооны оролцоо хамааралтай байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 327 дугаар тогтоолоор батлагдсан “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” гэсэн баримт бичиг бас байгаа. Уг төлөвлөгөөнд нийт 42 ажил тусгагдсанаас Хороо зургаан ажлын үндсэн хэрэгжүүлэгчээр, 10 ажлын хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.

Эдгээртэй уялдаатайгаар Хороо зургаан чиглэл, 29 ажил бүхий тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлээд явж байна. Эхний ээлжинд зохицуулалтдаа хамаарах салбаруудын багц дүрэм, журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлуудыг хийж байна. Тухайлбал, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтууд болон даатгалын багц дүрмүүдэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр нэмэлт зохицуулалтуудыг тусган батлаад байна. Харин банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх шаардлагын улмаас эдгээр салбаруудын багц дүрмүүдэд нэмэлт өөрчлөлт хараахан оруулаагүй байна. Гэхдээ бид төслийн шатанд боловсруулалт хийгээд явж байгаа.

ФАТФ-ын зөвлөмжийн дагуу бид зохицуулалтын хүрээндээ чиглэсэн ажлуудаас гадна албан хаагчдаа мэргэшүүлэх тал дээр анхаарах ёстой. Тиймээс Хорооны холбогдох албан хаагчдыг чадваржуулах чиглэлээр бид Олон улсын хөрөнгө оруулалтын банк болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд шаталсан сургалтуудад албан хаагчдаа хамруулаад байна.

-Хууль журмыг хэрэгжүүлэх ажилд тулгарч буй хүндрэл, бэрхшээл юу байна вэ?

-Бэрхшээл байлгүй яахав. Сүүлийн гурван жил Хорооны орон тоо болон төсөв нэмэгдэж, өөрчлөгдөөгүй боловч ачаалал эрс нэмэгдээд байна. Хянан шалгагчдад ирж буй ачааллын хувьд дунджаар нэг байцаагчид 80 ББСБ, 60 ХЗХ, 35 орчим даатгалын мэргэжлийн оролцогч, 100 орчим үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн оролцогчид тус тус оногдож байна. Гэтэл төсвийн төсөөлөлд хүргүүлсэн санал батлагдахгүй байгаагаас шалтгаалж 9 хүнтэйгээр ажиллахаар төлөвлөж байсан Хорооны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тусгай нэгжийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаар болоод байна.

Мөн зохицуулалттай этгээдийн тоог харвал, 2013 онд 813, 2017 оны эцэст 2125, 2018 оны 2 дугаар улирлын байдлаар 6345 болж эрс нэмэгдээд байгааг би дурдсан. Хороо олон ажил хийж гүйцэтгэсэн боловч түүнийгээ тайлагнахдаа гүйцэд, оновчтой тайлагнаж чадахгүй байна. Тиймээс гадны байгууллагууд, ФАТФ биднийг хангалттай ажиллахгүй байна гэж дүгнэх байдал мөн ажиглагдсан. Энэ тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

-Цаашид ямар ажлууд хийгдэхээр хүлээгдэж байна вэ?

-Хорооны зүгээс цаашид хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Нэн түрүүнд хууль тогтоомж, зохицуулалтын орчныг шинэчлэх ажлыг үргэлжлүүлж, хэрэгжилтий хангах явдал чухал байна. Энэ хүрээнд Хорооноос батлах “Газар дээрх болон зайны хяналт шалгалтын журам”, Монголбанктай хамтран батлах “Урьдчилан сэргийлэх журам”-уудыг батлагдсаны дараагаар эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан эрсдэлд суурилсан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Зохицуулалтын салбарууд дахь сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээний талаарх мэдээллийн нэгдсэн сан үүсгэх шаардлагатай. Банкнаас бусад санхүүгийн салбарын комплаенсын ажилтанд чиглэсэн гарын авлага боловсруулах, комплаенсын ажилтнуудыг хамруулан нэгдсэн уулзалт семинар зохион байгуулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлнэ. Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран тус байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг карго буюу илгээлтийн үйлчилгээ эрхлэгчдэд энэ оны 11 дүгээр сард багтаан хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн. Мөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт хийсэн эрсдэлийн үнэлгээний тайланд тулгуурлан тус салбарт баримтлах бодлогыг Монголбанктай хамтран боловсруулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Т.Ням

Эх сурвалж: Өдрийн сонин. 2018.11.01 №218 (6061)

 

Гишүүний хэсэг