Холбооны ерөнхийлөгч З.Алтанзул-ын "ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮ" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 11-р сарын 05, Мягмар гариг, 03:47

СЗХорооны товхимол "ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮ" сэтгүүлд Холбооны ерөнхийлөгч З.Алтанзул

Санхүүгийн Зохицуулах Хороо Болон Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны хамтын ажиллагаа-сэдвийн хүрээнд ярилцлаа

Сайн байна уу та, Танд юуны өмнө юуны энэ өдрийн мэндийг хүргэе.

Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэхийн хамт ББСБ-ын салбарын талаар болон Холбооны үйл ажиллагааны талаар ярилцах болсонд талархлаа илэрхийлье.

Холбооны талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү?

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нийт 250 гишүүнтэйгээр тогтвортой засаглал, бүтэц зохион байгуулалт бүхий мэргэжлийн холбооны үйл ажиллагааг 2002 оноос хойш явуулж байна. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн зах зээлд ББСБ-уудын эзлэх байр суурийг улам бэхжүүлэх, олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх, бичил болон жижиг, дунд бизнесүүд, иргэдэд санхүүгийн тогтвортой шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд дэмжлэг болох замаар Монгол Улсын нийгэм эдийн засагт тоймтой хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Манай холбоо бүх гишүүдийн хурлаараа удирдах зөвлөлийн 13 гишүүд, хяналтын зөвлөлийн 3 гишүүдээ сонгож, Удирдах зөвлөлөөсөө ерөнхийлөгчөө сонгон ажилладаг ил тод засаглалтай байгууллага юм. Бид 2019 онд байнгын 5 хороотой ажиллаж байгаа бөгөөд, Стратеги бодлого, Маркетингийн хорооноос гадна шинээр Санхүүгийн технологи, Тэнцвэртэй төлөөлөл, Зээлээс бусад тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын хороодыг байгууллаа. Үүнээс гадна Ёс зүйн түр хороог шинээр байгуулж гишүүн байгууллагуудад салбарын комплаенс ба ёс зүйг дээдлэн үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Бидний үйл ажиллагаа 17 жилийн турш өргөжин тэлж, өнөөдөр нэгэнтээ гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалж, төрийн эрх барих болон зохицуулагч байгууллага, дотоодын болон олон улсын байгууллагуудын өмнө төлөөлөх, гишүүддээ цаг үед нийцсэн зөвлөмж мэдээлэл, сургалтуудыг хүргэх, салбарын тогтвортой болон эрсдэлгүй үйл ажиллагаанд онцгой анхаарч ажилладаг төрийн бус байгууллага болон олонд танигдсан байна.

Сүүлийн жилүүдэд ББСБ-ын салбар эрчимтэйгээр өргөжин тэлж Монгол Улсын хэмжээнд 538 ББСБ, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт зохицуулалтан дор хуульд заасан 10 төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Мөн ББСБ-ын салбар нийтдээ 2.4 сая харилцагчтай, 360 мянган зээлдэгчтэй, 1.5 их наяд төгрөгийн активтай, банкнаас бусад санхүүгийн салбарын томоохон төлөөлөл болон бүрэлдээд байна.  ББСБ-ын салбарт нээлттэй хувьцаат компани, олон улсын хөрөнгө оруулалт татсан, санхүүгийн технологид суурилсан ББСБ-ууд хүч түрэн орж ирж, компаниудын хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдэхийн хэрээр тогтвортой хөгжлийн төлөө холбоо улам ихийг хийж бүтээх үүрэг хариуцлага нэмэгдэж байна.

2019 онд Холбооны зүгээс ББСБ-ын салбарт бодлогын ямар ажлууд хийсэн бэ? Цаашид юу хийхээр төлөвлөж байна?

Холбооны зүгээс ББСБ-уудаа чадавхижуулах, санхүүгийн зах зээлд эзлэх байр суурь, санхүүгийн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж, ББСБ-уудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг тогтоох болон комплаенстай, хамгийн гол нь тогтвортой эрх зүйн орчинтой хөгжлийн асуудлуудад голлон анхаарч байна.

Бид СЗХ-той хамтран 6 дугаар сараас комплаенс, мэргэжлийн ёс зүй, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах агуулгын хүрээнд нийт 538 ББСБ-ын холбогдох ажилтнуудад зориулсан сертификатжуулах онлайн сургалтыг амжилттай явуулж байна. Энэхүү сургалтыг цаашид өргөжүүлэн энэ салбарт ажиллаж буй 3,000 гаруй ажиллагсдыг хамруулах зорилго тавьж байгаа бөгөөд өнгөрсөн гурван сарын хугацаанд нийт 400 гаруй ББСБ-ыг, үүнээс гишүүн байгууллагуудаа 100 хувь сургалтанд амжилттай хамруулж чадлаа.

Мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт оролцон салбарын онцлог, ирээдүйн чиг хандлагатай уялдуулан саналаа хүргүүлж СЗХ, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна.

Холбоо 5 дугаар сард Олон улсын Бичил санхүүгийн төвийн ээлжит хуралд ББСБ-уудын хамгийн өргөн төлөөлөлтэй оролцож, бичил санхүү болон санхүүгийн технологийн өнөөгийн чиг хандлага, зохицуулалтын орчны талаар мэдлэг мэдээлэл хуваалцан оролцлоо. Үүний үр дүнд ББСБ-уудыг олон улсаас хөрөнгө татахад шаардлагатай уулзалтуудыг хийж, мэдээллээр ханган дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Дэлхий даяар санхүүгийн технологийн шинэ үе хөгжин тэлж, санхүүгийн үйлчилгээ илүү хурдтай, хүртээмжтэй өсөлтийн үедээ байна.  Манай салбарт одоогоор 6 ББСБ гар утсанд суурилсан зээл, цахим хэтэвчийн үйлчилгээ үзүүлж байна, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Энэ чиглэлээр хууль эрх зүйн орчин, мэдээлэл технологийн компани болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж, ойлголцолд хүргэх ажлыг Холбоо идэвхитэй өрнүүлж байна. Цаашид бид тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн шийдлүүдийг бодлогын хүрээнд дэмжиж, эрх зүйн орчныг бий болгохын төлөө ажиллах ба үүнд Холбооны Санхүүгийн технологийн хороогоороо дамжуулан чухал үүрэгтэй оролцох ёстой.

Нөгөөтэйгүүр, Холбоо ББСБ-уудын ёс зүйтэй үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Холбооны гишүүн байгууллагуудын баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн баталж, зохицуулалтыг бий болгож өгсөн байгаа. Тухайлбал, харилцагч болон зах зээл дээр гишүүний хүлээх үүрэг, шударга байдал, хуулиа сахиж дагаж мөрдөх,  харилцагчийг хамгаалах ёс зүйн зарчмуудыг гишүүн байгууллагууд дагаж мөрдөхийг уриалж байгаа заалтууд орсон. Үүнийг бид бодитой үр дүнд хүргэхийн тулд цаашдын сургалт, зөвлөгөөн, үйл ажиллагаандаа хэвшүүлж ажиллах болно.

Дашрамд дурдахад, Холбоо нь олон улсын харилцагчийг хамгаалах Smartcampaign-д нэгдээд найман жил болсон ба гишүүн байгууллагууд харилцагчийг хамгаалах 7 зарчмыг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Мөн ТоС хөтөлбөрийг дэмжин ажиллаж, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг дэмжих, тогтвортой санхүүжилтээр эдийн засагт хувь нэмрээ оруулахыг ББСБ-ууддаа  уриалан ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.

Та сая харилцагчийг хамгаалах зарчим ярьлаа. Гишүүн байгууллагууд үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалах талаар  хэрхэн нэгдэж ажилладаг вэ?

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал нь манай Холбооны зайлшгүй анхаарах, чухалчлан хэрэгжүүлэх ёстой асуудлын нэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, харилцагчийн эрх ашгийг хамгаална гэдэг энэ салбарын цаашдын тогтвортой хөгжилтэй шууд холбоотой.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын зарчим гэдгийг тодруулах уу?

ББСБ бичил санхүүг дэмжиж харьцангуй бага орлоготой, санхүүгийн мэдлэг дутмаг иргэдэд зээл өгч байгаа. Тиймээс дараах зарчмууд маш сайн биелэгдэж байх ёстой.

Хэрэглэгчийг хэт өрийн дарамтад оруулахгүй буюу харилцагчиддаа бодит хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ. Нөгөө талаас бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх дизайн, суваг нь харилцагч төвтэй байж харилцагчид чирэгдэл эрсдэл учруулахгүй байх ёстой. Харилцагчид хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг зах зээлийн дундаж өртгөөс хэт өндөр байх, тухайн санхүүгийн компанийн үйл ажиллагаа тогтворгүй байх зэрэг анхаарвал зохих асуудлууд ч байна. Мөн харилцагчтай харилцахдаа нээлттэй шударга зарчим баримтална. Харилцагчийн мэдээллийн нууцыг хуулийн дагуу хамгаалж, зөвхөн авч буй санхүүгийн үйлчилгээнийх нь тухайн үеийн зориулалтын хүрээнд ашиглахыг анхааруулсан байдаг. Харилцагчийн  гомдол санал хүлээн авч шийдвэрлэх дотоод журам, процесс бүхий механизмтай байх зэрэг долоон зарчим байгаа.

Энэ зарчимд одоогоор 80 ББСБ нэгдэн ороод үзэл санааг нь дэмжээд хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид энэхүү уриалгаа магадгүй, заавал мөрдөх журам болгох, энэ чиглэлд СЗХ-ноос баримтлах бодлого болон ТоС хөтөлбөртэй уялдуулан хамтарч ажиллах, хөгжүүлэх шаардлагатай болов уу.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Холбооны зүгээс хэрэгжүүлсэн бусад арга хэмжээний талаар та дурдахгүй уу?

Холбооны зүгээс ББСБ-уудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, хамтын ажиллагааг сайжруулах, ББСБ-уудын үйл ажиллагааг олон нийтэд эерэгээр таниулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Оюунлаг залуус-Монголын ирээдүй” нэгдсэн хандивын аян, “Оюуны эрэлд” эрдэм шинжилгээний хурал, “Бяцхан санхүүч миний хуримтлал” бүтээлийн уралдаан, “1,000 цүнх” хандивын аян зэргийг уламжлал болгон зохион байгуулж байна. Эдгээрээс гадна дээр дурдсанчлан, гишүүдтэйгээ хамтран Олон улсын харилцагчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн /Smartcampaign/-д нэгдэн, Тогтвортой санхүүжилт /ТоС/ зарчмууд болон ББСБ-уудын үйлчилгээний стандартыг сайжруулах, хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээг хүргэх зорилгоор ажиллаж байна.

ББСБ-ын салбарын онцлог юу вэ, мөн та цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

ББСБ бол цомхон бүтэцтэй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шуурхай нэвтрүүлэх боломжтой, харилцагчид хамгийн ойр үйлчилж байгаа институци төдийгүй өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийн үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж буй, барьцаа хөрөнгийн дутагдалтай, зээлийн түүхгүй, үйл ажиллагаа нь харьцангуй тогворжиж эхлээгүй, эсхүл шуурхай хэрэгцээ гарсан бичил, жижиг бизнес эрхлэгчдэд хамгийн тохиромжтой санхүүгийн үйлчилгээг хүргэдгээрээ онцлогтой.

Иймээс энэхүү институцийг ашиглаад санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн технологид суурилсан үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм. Жишээлбэл, сүүлийн 3 жилийн хугацаанд харилцагчийн тоо 500 мянга байснаас 4-5 дахин нэмэгдсэн, зээлдэгчийн тоо 5-6 дахин нэмэгдсэн нь Финтекд суурилсан үйлчилгээтэй шууд холбоотой. Ирээдүйг санхүүгийн технологийн шийдэлгүйгээр төсөөлөхийн аргагүй болж байна. Гол нь өсөлтийг дагаж тогтвортой хөгжил байх нь чухал.

Мөн ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн шаталсан өсөлт нь энэ салбарт мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй, өөр өөрийн төрөлжсөн үйл ажиллагаатай байгууллагуудыг бий болгож, ирээдүйд харилцагчийн хэрэгцээнд улам ойр бүтээгдэхүүнийг өртөг багатайгаар хүргэх боломжийг бүрдүүлсэн. Тухайлбал, зээлийн хүү сүүлийн 3 жилийн хугацаанд сарын 0.7 хувиар буурсан байна. Сүүлийн жилүүдэд тооноос чанарт шилжих ажлуудыг Холбоо дэмжин ажиллаж байна.

Зээл, валют арилжааны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээ ББСБ-ын зах зээлд төдийлөн ахицтай нэвтэрч чадахгүй байгаа. Салбарын дунд болон урт хугацааны стратегийн хүрээнд бусад санхүүгийн үйлчилгээг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ үүнд шинэ хууль эрх зүйн орчин, олон улсын жишигт нийцсэн зохицуулалтын бодлого журмууд маш том дэмжлэг болно.

Ирээдүйд ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бичил жижиг бизнесийг дэмжих бага хүүтэй, зорилтот төрийн төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, хурдан шуурхай хүргэх зэрэгт ББСБ-ын нөөц боломжийг дайчлах тэр цаг үе тун удахгүй ирнэ. Учир нь 1.13 их наяд төгрөгийн эздийн өмчтэй, мөн бичил, жижиг дундын салбарт өнөөдрийг хүртэл хугацаанд тогтвортой ажилласаар ирсэн салбарынхаа мэргэжлийн боловсон хүчний нөөц бололцоог үр ашигтайгаар ашиглах ёстой. Мөн түүнчлэн, 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө төвлөрүүлсэн, 2.3 сая харилцагчийн баазтай энэ салбарт асар их боломжууд байна, гагцхүү тогтвортой хөгжлийг дэмжсэн, боломжуудыг бий болгосон тогтвортой бодлого байхад л болно.

Бодлогын түвшинд ямар шинэчлэлтүүд хийгдэх шаардлагатай вэ?

Төрийн төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, бизнесийн орчныг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх зэрэгт хууль эрх зүйн орчны хүрээнд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль анх 2002 онд онд батлагдсан бөгөөд уг хуулийг шинэчлэх, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй.

Хамгийн чухал бодлогын шинэчлэл нь салбарын хөгжилд чөдөр тушаа болохгүй, тогтвортой оновчтой, шуурхай хийгдэж байх нь чухал байдаг.

Ярилцлага маань өндөрлөж байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа болон Холбооны талаар илэн далангүй яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танд болон танай Холбооны цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье.

Баярлалаа. Танд ч мөн ажлын амжилтыг хүсье.

 

Гишүүний хэсэг