А.Алтансүх: Бичил болон жижиг бизнесийг хөгжүүлэх сан байгуулах шаардлагатай байна
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 12-р сарын 04, Мягмар гариг, 07:19

-Бичил санхүү бол ядуурлыг бууруулах, бизнесийг эхлүүлэх үндсэн арга хэрэгсэл юм- Монголын ББСБ-ын холбооны ерөнхийлөгч, “Бид” ББСБ-ын ерөнхий захирал А.Алтансүхтэй ярилцлаа.

-Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны арван жилийн ой тохиож буй. Манайд ББСБ-ууд хэзээ анх байгуулагдсан юм бэ?
-Юуны өмнө нийт банк бус санхүүгийн байгууллагын хамт олон, танай сонины уншигч түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн удахгүй болох гэж буй Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (МББСБХ)-ны арван жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

1990 онд ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр иргэд худалдаа наймаа чөлөөтэй эрхэлж, аж ахуйн үйл ажиллагаагаа явуулж, ашиг олж, тодорхой хөрөнгийн хуримтлалтай болж эхэлсэн байна. Зарим хэсэг нь хөрөнгийн хуримтлалаасаа бусдад зээлдүүлэх үйл ажиллагааг хувиараа эрхэлж улмаар өөрийн гэсэн хэрэглэгчтэй болж, бичил санхүүгийн үйлчилгээний суурийг тавьж эхэлсэн түүхтэй. Эрх зүйн зохицуулалтгүй эрхлэх болсон иргэдийн явуулж буй санхүүгийн үйлчилгээг дэлхийн бусад улс орнуудын санхүүгийн тогтолцоотой уялдуулан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг анх 2001 онд батлан гаргасан. Хууль гаргах болсон нэг томоохон үзэл баримтлал нь ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх үндсэн арга хэрэгсэл болсон бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрт голлон үйлчилгээ явуулж буй бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийг дэмжих явдал байсан юм. Энэхүү хууль хэрэгжсэнээр иргэд хоорондын зээлийн бэлэн мөнгөний урсгалыг ил болгож, тайлан бүртгэл тооцоонд хамруулж, татварын бааз суурийг нэмэгдүүлэн, төрийн хяналт, зохицуулалт, нэгдсэн бодлогод оруулж чадсан хэдий ч хуулийн гол үзэл баримтлал болох бичил болон жижиг, дунд бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээг ББСБ-ын санхүүгийн үйлчилгээгээр хөгжүүлэх арга хэрэгслийг ашиглаж чадаагүй юм. Учир нь төр засгаас явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх бодлого, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүд ББСБ-ын салбараас холуур явж ирлээ. Тиймдээ ч бичил санхүүг дамжин шийдвэрлэгдэх ёстой бичил, жижиг аж ахуй, үйлдвэрлэлийн хөгжилт, ажилгүйдэл, ядуурлын бууралтын үр дүн туйлын хангалтгүй байгаа.

Өнгөрсөн 10 гаран жил ББСБ-ууд зөвхөн өөрийн хөрөнгөнд тулгуурлан орлого багатай хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, аж ахуйн үйл ажиллагаагаа дөнгөж эхлэж буй бичил болон жижиг бизнес эрхлэгчид, амьжиргаагаа залгуулах төдий ажилладаг өрхийн аж ахуй эрхлэгчдэд голлон үйлчилгээгээ хүргэсээр ирлээ. Төр ББСБ-ын салбарын хөгжлийн асуудлыг төдийлөн анхааралгүй явж ирсэн.

-Тэгвэл одоо шинэ төр засаг гарч, шинэчлэлийн бодлого явуулж эхэлж байна?
-Эрс өөрчлөлт гарч байна. Анх удаа МББСБХ төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж саналаа орууллаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар батлагдсан тусгай зөвшөөрөл, лицензийн талаар дүгнэлт, шинжилгээ хийх ажлын хэсэгт орж холбооны байр сууриа илэрхийлж байна. Төр засгийн байгууллагууд мэргэжлийн холбоодын байр суурийг нь сонсч, асуудлыг нь авч үздэг болсонд гүнээ талархалтай байгаа.

-Монголын ББСБ-ын салбарын өнөөгийн байдлын талаар сонирхуулбал?
-Өнөөдөр 205 ББСБ зээл, валют арилжаа, мөнгөн гуйвуулга, факторинг, итгэлцэл, цахим төлбөр тооцоо зэрэг арван төрлийн санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулж байна.

2012 оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ-ын салбар нийт 245 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй үүний 70 хувь нь өөрийн хөрөнгө бөгөөд 210000 зээлдэгч, харилцагчтай болоод байна. Нийт хөрөнгийн хэмжээгээр Банк, санхүүгийн салбарын 2.3 хувийг эзэлдэг хэдий ч өөрийн хөрөнгийн хэмжээгээр 20 орчим хувийг, бичил, жижиг зээлдэгчдийн тоогоор банк санхүүгийн салбартаа 60 орчим хувийг эзэлдэг. ББСБ-ын салбар голлон өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг тул төлбөрийн чадвар сайтай онцгой салбар бөгөөд өнөөдөр бичил болон жижиг бизнес эрхлэгчдийн гол санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь болоод байна.

Арилжааны банкны үйлчилгээг төдийлөн хүртээд байдаггүй, өндөр шалгуурт нь тэнцдэггүй, санхүүгийн үйлчилгээ нэн хэрэгцээтэй байгаа тэр хэсэгт ББСБ-ууд маань өөрийн эздийн хөрөнгөөр эрсдэл хийн санхүүгийн үйлчилгээг голлон хүргэж байна. Энэ утгаараа өндөр түвшинд байгаа ядуурлыг бууруулах, ажлын байрыг шинээр бий болгох нэмэгдүүлэх, дундаж давхаргын хүрээг өргөжүүлэх зэрэг нийгмийн гол тулгамдсан зорилтыг хэрэгжүүлэхэд ББСБ-ууд маань үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа юм.

-Манайд санхүүгийн үйлчилгээ тэр дундаа зээлийн үйлчилгээний хүртээмж хэр байгаа бол?
-Санхүүгийн үйлчилгээ тэр дотроо хамгийн түгээмэл болох зээлийн үйлчилгээ Монгол Улсын нийт хүн амд жигд хүртээмжтэй хүрч чадахгүй байсаар ирсэн гэж боддог. Учир нь зээлийн үйлчилгээ хүн амд их ялгаатай бодлоготой явж ирлээ. Жишээ нь та хөрөнгө чинээтэй, бизнес тань нэгэнт тогтворжсон, үр ашиг нь сайн бол танд банкнаас гадна хүү маш багатай төрийн олон дэмжлэг, төсөл, хөтөлбөрүүдээс зээл туслалцаа авах боломжтой. Харин бага орлоготой, ядуу, бизнес, аж ахуйгаа дөнгөж эхэлж байгаа бол хөнгөлттэй зээл тусламж авах талаар санахын хэрэггүй. Гэхдээ тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг чадан ядан хангаж ажиллаж байгаа өөрсдийн хөрөнгөөр эрсдэл хийсээр ирсэн ББСБ-ууд зээл олгох үйлчилгээгээ үзүүлсээр байна.

Дунд болон том аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчийн санхүүгийн үйлчилгээнд хамрагдах байдал, төрөөс тэдгээрт үзүүлж буй хөнгөлөлт, таатай нөхцөл байдал нь жижиг болон бичил үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчид, бага орлоготой иргэдэд тэс өөр эсрэг байдалтай байгаа юм. Ийм ч учраас өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ядуурлын түвшин буурдаггүй 30 хувьтай, 800 гаруй мянган иргэд буюу 200 мянган өрх айл ядуу амьдарч байна. Тэдгээр бага орлоготой, ядуу иргэд санхүүгийн хэрэгцээгээ гол төлөв ББСБ-ууд, Хадгаламж зээлийн хоршоо, ломбард болон хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж “гал унтраах” замаар өнөө маргаашийг аргацаан амьдарч байна.

Тэдэнд аж ахуйгаа эрхлэх, өөд нь татах, өргөжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, ажилчдаа сургах, улмаар бичил бизнесээс жижиг дунд бизнес рүү шилжүүлэхэд хямд өртөгтэй, эрсдэл багатай санхүүгийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байна.

Ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнестэй, ажилтай иргэдээ нэмэгдүүлэх зорилгыг хангах эдийн засгийн гол түлхүүр нь бичил санхүүг хөгжүүлэх явдалд оршдог. Иймээс төр засгаас явуулж буй төсөл хөтөлбөрийг ББСБ-аар дамжуулан жинхэнэ хэрэглэгчдэд нь хүргэх, ялангуяа ЖДҮХСангийн зээлийг ББСБ-аар дамжуулан олгодог болгохоос гадна Бичил болон жижиг бизнесийг хөгжүүлэх сан байгуулах шаардлагатай байна.

-Санхүүгийн зах зээл бол тухайн улс орны амин чухал салбар. Санхүүгийн салбарын эрсдлийг та хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын санхүүгийн зах зээлийн бүтцийг аваад үзвэл 96 хувийг арилжааны банк, 2.3 хувийг ББСБ-ууд, нэг хувь орчмыг даатгал, үлдсэн 0.7 хувийг үнэт цаас, ХЗХ эзэлж байна. Арилжааны банкны 96 хувийн 70 хувийг гуравхан банк барьж байгаа. Эндээс харахад цөөхөн арилжааны банкны санхүүгийн зах зээлтэй улс юм. Дээр нь арилжааны банк хөрөнгийн зах зээлийн бүхий л үйл ажиллагааг эрхлэх эрхтэй бөгөөд даатгал, үнэт цаасны компаниудаа нэгэнт дэргэдээ байгуулаад ажиллаж байна. Хөрөнгийн зах зээл, мөнгөний зах зээл нэг сагсанд байршсан байдалтай байгаа нь эрсдлийг дагуулсаар байгаа юм. Төр засгаас бодлого болгон улс орондоо төдийгүй бүс нутаг, дэлхийн түвшинд ажиллах санхүүгийн сайн менежерүүд, хүний нөөцийг бэлтгэх шаардлагатай байна. Учир нь санхүүгийн салбарынхны дунд боловсон хүчний хомсдолоос болж арилжааны банкинд ажиллаж байсан сайн менежерүүд Монголбанкинд ордог, Монголбанкнаас эргээд арилжааны банкинд ажилладаг гэсэн яриа байдаг. Энэ нь мөн санхүүгийн зах зээл дэх томоохон эрсдлийг бий болгож байна.

-Сүүлийн үед зээл олгохгүй байна, мөнгө хомс байна гэсэн мэдээлэл яваад байгаа?
-Тийм ээ. Засгийн газраас мөнгө босгох, гаднаас санхүүжилт татах зайлшгүй шаардлагатай байна гэж үздэг юм. Мэргэжлийн хүний хувьд мөнгөний нийлүүлэлтийг хумих нь инфляцийг хөөрөгдөхгүй байх арга хэдий ч ямар салбарт яаж мөнгөний нийлүүлэлтийг хийвэл инфляцид бага нөлөөтэй байх вэ гэдэг талаас нь асуудалд хандмаар санагддаг. Ялангуяа ядуу, бага орлоготой, өөрөө хөдөлмөр оролцоогоо ихээр оруулдаг өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчид рүү чиглэсэн мөнгөний нийлүүлэлтийг түлхүү хийхэд инфляцийг өдөөхгүй гэж үздэг. Манай улсын аж ахуйн нэгжийн 90 хувь нь бичил, жижиг байдаг.

-Та холбооныхоо талаар танилцуулна уу. МББСБХ бусад холбооноос юугаараа ялгаатай вэ?
-МББСБХ нь гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, төлөөлөх, сургалт явуулах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, олон нийтэд сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, гадаад дотоодын харилцагч түншүүдтэй хамтран ажиллах, ББСБ-ын салбарыг хөгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг үндсэн зорилготой 2002 онд анх байгуулагдсан.

МББСБХолбоо жирийн нэг бусад сайн дураараа эвлэлдэн нэгдсэн юм уу, мэргэжлийн холбоодоос эрс онцлог ялгаатай улс орны эдийн засаг, санхүүгийн чухал салбарыг төлөөлсөн холбоо юм. Тус холбоо нь дээр дурьдсан Монгол Улсын бага орлоготой, бичил жижиг бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг эзэлдэг 210000 хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүргэдэг. Ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх чухал үүрэг бүхий салбар юм. ББСБ-аар үйлчлүүлээгүй томоохон бизнесмен, үйлдвэрлэгч, аж ахуй нэгж байхгүй гэдэгт итгэлтэй байна. Тэд бүгд ББСБ-ын санхүүгийн үйлчилгээнд хамрагдан өсч бойжсон байгаа.

Өнөөдөр ББСБ-ын салбарын нийт активын дийлэнх хэсгийг эзэлдэг томоохон ББСБ-ууд болох “Кредит Монгол”, “БИД” , “Ньюфонд”, “Транскапитал”, “Очир-Ундраа ОМЗ”, Монголын санхүүгийн групп , АБТС , “Хөгжил финанс”, “Газар партнерс”, “Төв хөгжил”, “Алаг уул ган”, “Мөрөн-интернэйшнл”, “Ашид түвшин финанс”, “Женерал финанс” зэрэг хот, хөдөө орон нутгийн нийт 67 ББСБ-ыг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна.

-Өнгөрсөн хугацаанд танай холбооны хийсэн гол ажлууд, хийх гэж төлөвлөж буй ажлуудаас дурьдвал?
-СЗХ, МББСБХолбооны хамтын ажиллагаа нь төрийн болон төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагааны үлгэр жишээ болохуйц хэмжээнд хүрээд байна. Тухайлбал ББСБ-ын талаар гаргаж буй дүрэм, журам, шийдвэртээ холбооны байр суурийг авдаг болж зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг бууруулж, ББСБ-ын санхүүжилтыг нэмэгдүүлэх нэг томоохон хэрэгсэл болох хаалттай өрийн бичгийн журам гарсан. Холбооны төлөөлөл төрийн бодлого, шийдвэр гаргах үүрэг бүхий олон ажлын хэсэгт орж ББСБ-ын нийтлэг ашиг сонирхол, байр сууриа оруулдаг боллоо. Мөн Монголын банкны холбоо, Даатгалын холбоо, Үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг мэргэжлийн бусад холбоодтой хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. Салбарын шилдэг ББСБ-уудаа шалгаруулдгаас гадна энэ жилээс салбарын тэргүүний ажилтнаа тодруулдаг боллоо. Холбоо салбарын нийт хөрөнгийн 70 гаруй хувийг эзэлдэг 67 ББСБ-ыг эгнээндээ нэгтгэж чадлаа. Цаашид ч холбоондоо элсэхээр ББСБ-ууд хүсэл зоригоо илэрхийлээд байгаа. Олон улсын бичил санхүүгийн холбоонд гишүүнээр элслээ гээд дурьдвал олон зүйлийг хэлж болно.

Цаашид хийж хэрэгжүүлэх зүйл маш их байгаа. 2011 онд холбооны бүх гишүүд оролцож салбарын SWOT шинжилгээ хийн 2012-2016 оны салбарын хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө баталсан байгаа. Стратеги төлөвлөгөөнд ББСБ-ын активын өсөлтийг хангах, Сургалт, боловсон хүчнийг чадваржуулах, Санхүүгийн тогтвортой байдлыг хангаж сайжруулах, Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, Нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, Зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх, Эрх зүйн орчныг сайжруулах, Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, МББСБХ-г бэхжүүлэх, хөгжүүлэх зорилтууд тавигдсан бөгөөд холбоо шат дараалан амжилттай хэрэгжүүлж байна.

-ББСБ гэхээр зарим иргэд төдийгүй төрийн түшээд ХЗХ-ноос төдийлөн ялгаж ойлгодоггүй тал ажиглагддаг?
-Иргэд битгий хэл төрийн зарим бодлого тодорхойлогчид төдийлөн ялгаж авч ойлгодоггүй нь үнэн. ББСБ бол өөрийн хөрөнгөндөө тулгуурлан, хөрөнгө босгох замаар санхүүжилтээ хийн, иргэдээс хадгаламж авалгүй ашгийн төлөө, санхүүгийн олон үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тэгвэл ХЗХ нь гишүүдээсээ хадгаламж төвлөрүүлэн хөрөнгө босгон зөвхөн гишүүддээ үйлчилдэг, гишүүдийн ардчилсан удирдлага бүхий ашгийн төлөө бус хоршоо юм.

-Та ББСБ-ын хууль, эрх зүйн орчны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Он гараад СЗХ-той хамтран ББСБ-ын үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээр ажиллахаар болоод байгаа. Үүгээр олон асуудлыг шийдвэрлэх бололцоотой болох юм. ББСБ-ын хөрөнгө, санхүүжилт татах боломжийг нээхтэй холбоотой СЗХ-ны даргын тушаалаар хамтарсан ажлын хэсэг гарч зарим зохистой харьцаанд өөрчлөлт оруулж байгаа.

Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хялбаршуулах талаар эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа. Энэ талаар 2013 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогод тусгалаа олсон. Одоо Монгол банкны дэргэд ажлын хэсэг гарч холбооны төлөөлөл оролцож байна.

Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай байна. Ингэснээр эргэлтэд орохгүй байгаа асар их хэмжээний хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орно. Энэ хуулийн гол хэрэглэгч нь ББСБ байх болно. Энэ хууль гарснаар ломбардын үйл ажиллагаа зохицуулалтад орохоор байгаа. Учир нь зөвхөн тусгай зөвшөөрөлтэй этгээд хөдлөх хөрөнгийн барьцаагаа бүртгүүлэх эрхтэй байх ба хөдлөх хөрөнгө барьцаалсан талаар бүртгэл хийж байж барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохоор байгаа. Мөн иргэд, аж ахуй нэгж ямар нэг тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа явуулсаар байна. Энэ нь иргэний хуулиараа хориглоогүй боловч аж ахуйн хэлбэртэй, ашиг олох зорилготой, зохион байгуулалттайгаар байнгын үйл ажиллагаа болон өргөжөөд байгаа. Иймд үүний эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байгаа.

-Ярилцсанд баярлалаа.
-Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 12-р сарын 04, Мягмар гариг, 07:23
 

Гишүүний хэсэг