Транскапитал компанийн гүйцэтгэх захирал З.Алтанзул
“Бичил, жижиг, дунд үйлдвэрүүд нь нийт ажлын байрны 50 гаруй хувийг хангадаг Монголын эдийн засгийн тулгуур багана юм. Тэд КОВИД-19-ийн нөлөөнд хамгийн их өртөж буй хэсэг.
Бид ОУСК-ийн энэхүү шинэлэг санхүүжилтээр Монголын бичил, жижиг үйлдвэрүүдэд үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхийн зэрэгцээ КОВИД-19-ийн нөлөөнөөс сэргэх үндэсний хүчин чармайлтад хувь нэмэр оруулж байна” гэв.
Монгол Улсад бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 90 орчим хувь нь банкнаас тогтмол зээл авах боломжгүй байдаг бөгөөд энэ салбарт нийт 1.29 тэрбум орчим ам.долларын нэмэлт санхүүжилтийн хэрэгцээ бий гэж үздэг. Цар тахлын даамжирч буй сөрөг үр дагавар, түүхий эдийн эрэлт болон үнэ олон улсад буурч байгаа зэрэг нь байгалийн баялагт тулгуурласан эдийн засаг болон түүн дэх бизнес эрхлэгчдэд улам их дарамт учруулж болзошгүй юм.
ОУСК-иас Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллагад хийсэн анхны хөрөнгө оруулалт бөгөөд мөн үндэсний валютаар хамтран олгосон анхны зээл
ОУСК-ын Монгол дахь Cуурин төлөөлөгч Руфат Алимарданов “Энэхүү шинэлэг хөрөнгө оруулалт нь Монголын бизнес эрхлэгчид, ялангуяа хөдөө орон нутгийн бичил бизнес, эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэгдсэн. Энэ нь ОУСК-аас Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллагад хийсэн анхны хөрөнгө оруулалт бөгөөд мөн үндэсний валютаар хамтран олгосон анхны зээл болж байна. Энэхүү санхүүжилт мөн Монголын аж ахуйн нэгжүүдийг КОВИД-19-ийн үр дагавраас сэргэж гарахад нь дэмжих бидний эрмэлзлийн илэрхийлэл болно” хэмээн онцоллоо.
ОУСК нь Монголын санхүүгийн салбарт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, улмаар салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүний нэр төрөл ба хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын төлөө ажиллаж байна. Энэ оны эхээр бид салбарын зохицуулагч байгууллага болон банкны холбоотой хамтран нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг хөгжүүлэх чиглэлээр гэрээ байгуулсан. Мөн КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Монгол дахь түнш банкуудын зээлийн шугамын дээд хязгаарыг нэмэгдүүлсэн болно.
ОУСК
Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага ОУСК нь хөгжиж буй зах зээлүүдэд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн хөгжиж буй 100 гаруй орнуудад зах зээлийг нээх, шинэ боломж бий болгохын төлөө өөрийн хөрөнгө мөнгө, туршлага мэдлэг, нөлөөллөө ашиглан ажиллаж байна. 2020 оны санхүүгийн жилд бид хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компани болон санхүүгийн байгууллагуудад нийт 22 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийж, тэдгээрээр дамжуулан нэн ядуурлыг арилгах болон хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулж байгаа юм.
Транскапитал ХХК
Монгол Улсын хамгийн том банк бус санхүүгийн байгууллага болох Транскапитал ХХК нь орон даяар 35 салбартай бөгөөд 2001 оноос хойш бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Бид дотоодын болон олон улсын хүчирхэг түншлэлээр дамжуулан гэр хороолол болон хөдөө орон нутагт БЖДҮ-ийг хөгжүүлэх, тэдэнд ажлын байр бий болгож, бизнес болон амьжиргаандаа шинэ боломж бүрдүүлэхэд нь дэмжиж ирсэн. Бид харилцагчдадаа санхүүжилтын боломж олгохоос гадна мөн санхүүгийн зөвлөгөө, сургалтаар тэднийг дэмжиж ажилладаг байна.