САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Эрхэм хүндэт та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэж Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 11-дугаар сарын 14, 15-нд Agar sport center- ийн /Хан-Уул дүүрэг гурвалжингийн гүүр даваад Тэнүүн Өлзий ХХК /зааланд явагдах болсон тул та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Нэг. Тэмцээний зорилго
Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны дараа дараагийн тэмцээн уралдаанд баг тамирчидыг бэлтгэх, салбарын ажилчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу шилдэг тамирчдыг нээн илрүүлж, чөлөөт цагаараа хамт олноороо спортоор амьсгалж алжаалаа тайлж, ажлын эрч хүчийг нэмэгдүүлэхэд оршино.
Бүртгэл & Техникийн зөвлөгөөн:
- ББСБ-ууд баг, тамирчдын мэдүүлгийг Загвар 1-ын дагуу бүрэн бэлтгэж, тамирчдын НДД-ын хамтаар 2020.11.09-ны дотор Холбооны info@bbsb.mn хаягаар болон ажлын байранд хүргүүлнэ. Загвар 1-т тусгасан баг, тамирчдын мэдүүлэгт цээж зураг болон бусад материалыг бүрэн хавсаргасан байна.
- Тэмцээний техникийн зөвлөгөөн 2020 оны 11 сарын 11-ны өдөр 10.00 цагт Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хичээлийн 4-р байр 602 тоот байранд болно. Утас 8009-7007, 8805-0683
- Тэмцээний техникийн зөвлөгөөнд бүх ББСБ-уудын төлөөлөл оролцоно.
Хоёр. Багуудад тавигдах шаардлага
- Эрэгтэй, эмэгтэй /Багт эрэгтэй 8 тамирчин , эмэгтэй 8 тамирчин 1 дасгалжуулагч нар/ багуудаас бүрдсэн байна
- Холбооны гишүүн ББСБ-ууд дангаараа эсвэл бусад ББСБ-уудтай хамтран эрэгтэй эмэгтэй төрөлд тус бүр 1-2 шигшээ багийг бүрдүүлж оролцоно. Тэмцээнд оролцох ББСБ нь 20-с дээш ажилтантай бол дангаараа, 20-с доош ажилтантай бол 3 ББСБ хамтарч баг бүрдүүлэн оролцох боломжтой.
- Баг тус бүр 6-8 тамирчинаас бүрдэнэ. Баг тус бүр зориулалтын тоглолтын хувцасаар ижилссэн байна. Багийн тамирчид тухайн ББСБ-д үндсэн ажилтан байх бөгөөд доод тал нь 3 сар ажилласан байна. Тэмцээнд оролцож байгаа тамирчидын иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/ шалгах ба тухайн ББСБ-ын жинхэнэ ажилтанд тэмцээнд оролцох эрх /мандат/ олгоно.
- Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох 1 багийн бүртгэлийн хураамж 250,000 төгрөг байна. Хураамжийг 2020 оны 11 сарын 02-ны дотор дараах дансанд бүрэн төлсөн байна.
Дансны хүлээн авагч: МББСБХ, банк: Худалдаа хөгжил банк, дансны дугаар: 499 053 088
Гурав. Шагналын сан
Тэмцээнд амжилттай оролцсон төрөл тус бүрд эхний 3 байрыг шалгаруулна.
- I – Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- II – Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- III – Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Дөрөв. Хариуцлага
Багууд харилцан бие биенээ хүндэтгэж, шударга өрсөлдөнө. Харилцааны болоод, ёс зүйн зөрчил гаргасан тамирчдыг тэмцээний дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх ба тэмцээнээс хөөх хүртэл арга хэмжээг авна. Тэмцээнтэй холбогдон гарч болох маргаантай асуудлыг багийн ахлагчаар дамжуулан тэмцээнийг зохион байгуулагчид болон МББСБХолбооны спортын хороо шийдвэрлэнэ.
Тав. Тэмцээний шүүлт
Тэмцээнийг мэргэжлийн шүүгчид удирдан явуулах бөгөөд мэргэжлийн холбооны шүүлтийн дүрмийн дагуу явагдана.
Оюутны сагсан бөмбөгийн холбооны шүүгчдийн баг ажиллана. /Олон улсын шүүгч Ганзориг/
Зургаа. Тэмцээний журам
- Тэмцээнд нийт — эрэгтэй, — эмэгтэй баг оролцоно. Багуудыг эрэгтэй / A, B, C, D, E, F/ эмэгтэй /A,B,C,D/ зоонд хувааж, тойргоор тоглолт явуулан байруудыг тодорхойлох ба зоо тус бүрээс эхний 2 байрыг шалгаруулна. Хагас шигшээ тоглолт нугалаагаар явагдана.
- Зооны тоглолтууд бохир цагаар талдаа эрэгтэй 8 минут, эмэгтэй 6 минут, медалын тоглолтууд бохироор 8 болон 6 минутаар сүүлийн 2 минут цэврээр явагдана. Торгуулийн шидэлт, минутын амралт тоглолтын хугацаанд хамаарахгүй.
- Тэмцээн нь ББСБ-уудын ажилчдын дунд зохион байгуулж буй сонирхогчдын тэмцээн тул тэмцээнд оролцож буй ББСБ-ууд ёс зүйтэй хандана уу.
- Техникийн зөвлөгөөн дээр тохиролцсоны дагуу багийн бүх тамирчид 2020 оны 11 сарын 13-ны өдөр буюу Баасан гаригт ТҮЦ машинаас лавлагаа авсан байх бөгөөд тэмцээнд ирэхдээ тамирчин бүр дараах материалыг авч ирнэ үү.
- Иргэний үнэмлэх
- Бүрэн баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр
- Тамгалуулж, зураг наасан мандат /Лэндмн ББС ХК-с авсан байх/
- ТҮЦ машины тодорхойлолт /Зөвхөн баасан гарагт авсан лавлагааг тооцохыг анхаарна уу/
- Тэмцээнд оролцож буй багийн бүрэлдэхүүнд дээд, доод лигт тоглодог болон тоглож байсан 2 хүртэлх тамирчин оролцох боломжтой. Талбайд 1 хүртэл тамирчин гарна. Дээд болон доод лигт тоглодог болон тоглож байсан тамирчин нь тухайн ББСБ-даа үндсэн ажилтан байх бөгөөд доод тал нь 6 сар ажилласан байх хатуу шаардлагыг тавина.
- Тоглолт өглөө 08.00 цагт эхлэх тул эхний 3 тоглолт хийх ББСБ-ууд анхааралдаа авч, бэлэн байхыг анхаарна уу.
- Тэмцээний нээлтийн арга хэмжээ 12.00 цагт эхлэнэ. Тэмцээнд оролцож буй бүх багууд ББСБ-ынхаа тугийг авч, жагсана
- Тоглолт эхлэхэд багийн 5 тамирчин талбай дээр бэлэн байх бөгөөд 4 хүн тоглохгүй. 1 багийг 2 минут хүлээх ба хоцорсон болон хүн дутуу багийг шууд хожигдсонд тооцно.
- Баг тамирчид ижил хувцасаар жигдэрсэн байна. Тамирчдын хувцас дугаартай байна. 2 ээлжийн сэлгээний хувцастай байна.
- Шилжин явах цомыг эрэгтэй, эмэгтэй багуудын нийлбэр дүнгээр шалгаруулах ба ЦОМ-ын эзэн ББСБ нь ирэх жилийн тэмцээний үндсэн зохион байгуулагчаар оролцох эрхийг авна.