• Home
  • ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮГ ЗУРАГТ БУУЛГАСАН ХҮҮХДҮҮД

ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮГ ЗУРАГТ БУУЛГАСАН ХҮҮХДҮҮД

ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮГ ЗУРАГТ БУУЛГАСАН ХҮҮХДҮҮД
Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол 
Хүн бүхэн сууна даа гээд 
Хааяа би боддог юм…

Билгийн тооллын зуны эхэн сард тохиодог хүүхдийн баярыг тэсэн ядан хүлээдэг хүүхэд байлаа. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг өдөр. Хамгийн гоё хувцсаа өмсөж аав, ээжээрээ хүссэн бүхнээ авхуулж жаргалтай өнгөрүүлдэг өдөр гэж болно. 

Энэ жил цар тахалын улмаас хүүхдийн баярыг бүх нийтийг хамруулж тэмдэглэхгүй байх чиглэлийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өгсөн ч гэлээ албан байгууллагууд өөрсдийн нэрэмжит тэмцээн, уралдааныг зохион байгуулж багачуудаа баярлуулж байна. 

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдаан энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт 80 гаруй бүтээл ирснээс насны ангилалаар шилдгүүдийг шалгаруулан түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Энэ жилийн тухайд тус холбооноос “Хүртээмжтэй санхүү аян”-ыг  Банк Бус Санхүүгийн Байгууллага болон харилцагчдынх нь хүрээнд зарлажээ. Энэ хүрээнд хүүхдийн нүдээр санхүүч гэр бүл ямар байдлаар харагдах вэ гэдэг дүр төрхийг харахыг зорьж “Бид санхүүч гэр бүл” сэдэвтэйгээр уралдаанаа зарласан аж. МББСБ-ын Холбооны маркетингийн менежер Г.Бат-Ирээдүй өнгөрсөн жил “Супер Баатрууддаа Баярлалаа” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Харин энэ удаа манай байгууллага “Хүртээмжтэй санхүү” аяны хүрээнд Бид санхүүч гэр бүл сэдвийн хүрээнд уралдаан маань явагдаж байна. Хүүхдүүд гэр бүлийнхээ зарцуулж байгаа мөнгө болоод ээж, аав нь хэрхэн мөнгө хуримтлуулж байгаа зэргийг зургаар илэрхийлэх нь хүүхдэд бас нэгэн сэдэл, шинэ санаа төрүүлэх болов уу гэж бодож байна. Тэрээр хүүхдүүдийн бүтээлийг сонгон шалгаруулах тун амаргүй ажил. Хүүхэд бүр өөрийн өнгө төрхөөр үзэл санаагаа илэрхийлсэн байдаг.  Алийг нь сонгох вэ гэдэг хэцүү ажил юм хэмээн ярьж байлаа. 

Уралдааны сонгон шалгаруулалтыг мэргэжлийн уран бүтээлчээр дүгнүүлжээ. Энэ удаагийн уралдаанд 80 орчим бүтээл ирснээс насны ангилалаар гурван бүлэг болгон хуваарилж тус бүр гурав, гурван хүүхдийг шагнаж урамшуулсан юм. 

4-6 насны ангилалд “Бид” ББСБ-аас ирүүлсэн А.Сийлэнгийн бүтээл шалгарчээ. Харин 7-9 насныхад С.Билгүүнзаяа, 10-12 насны ангилалд “Транскапитал” ББСБ-ын н.Ундрал охины бүтээл шалгарсан байна. 

Шагнал гардуулахаар бэлтгэсэн тайзны дэргэд унадаг дугүй, скүүтер, скейт гээд миний хүүхдүүдийн бараг өдөр бүр л ам уралдан ярьдаг зүйлс байв. Тэргүүлсэн хүүхдүүдийн бэлэг хүүхэд бүрийн хүсэл, мөрөөдөлд “хадаатай” бүрийг багтаажээ. 

Шагнал авсан хүүхдүүд бөөн баяраа… Б.Азжаргал охин зургаан настай. “Багшид гахай зурж өгөөд. Тэгээд Ами, Тами зурсан” гэх бяцхан охин “ммм. Би онгоц мэргэжилтэй болно гэж бодож байна” гэж байдаг шүү. Эвлэгхэн яриатай сэргэлэн Б.Азжаргал маань ирээдүйн онгоцны чадварлаг мэргэжилтэн болох ажээ. 

“Хүүхдүүдийн бүтээлийг шалгаруулах хамгийн хэцүү нь юм билээ. Бүх л зураг гоё харагдаад, байр эзлүүлчихмээр болоод байсан” хэмээн уралдааныг зохион байгуулагчид ярьж байна лээ. Уралдааны гутгаар байрын шагналын эзэн О.Мөрөн “Ээжийнхээ ажлыг зурсан. Миний ээж зээл бодогч” гэв. Тэрээр цагдаа болохыг хүсдэг. Хүмүүст тусалдаг бас хамгаалдаг болохоор сонгосон хэмээн ярив. 

Найм дахь жилдээ зохион байгуулж буй гар зургийн уралдаан жил бүр өөр, өөрийн онцлогтой, уриатайгаар болдог тухай МББСБ-ын холбооны маркетингийн менежер Г.Бат-Ирээдүй хэлэв.  Өнгөрсөн жилүүдэд уралдаанд ирсэн бүтээлүүдээ дэлгэж оролцогч хүүхдүүдээр үнэлүүлэн шилдэгүүдээ тодруулдаг байжээ. Харин сүүлийн хоёр жилийн тухайд цар тахалын улмаас шалгаруулалтын явцыг мэргэжлийн хүнээр шүүлгэх болсон нь оновчтой шийдвэр байсныг зарим эцэг эхчүүд ярьж байсан юм.

Энэ жил Их ирээдүй капитал ББСБ-с зураг ирүүлсэн төрсөн эгч дүү болох Б.Анхтуул, Б.Азжаргал /нар уралдаанд материалаа “сойж” хоёулаа насныхаа ангилалд II байр эзэлжээ. 

Авъяаслаг бяцхан зураачдыг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан мөнхөд ивээг.

Эх сурвалж: Сэтгүүлч Д.Оюунчимэг http://www.epress.mn/ 

Get 30% off your first purchase

X