• Home
  • ШИЛДЭГ ДОЛООН ӨНГӨ

ШИЛДЭГ ДОЛООН ӨНГӨ

ШИЛДЭГ ДОЛООН ӨНГӨ

Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооноос “ББСБ тур 2020”-ыг 2020.11.05-нд зургаа дахь жилээ уламжлал болгон зохион байгууллаа.

“Транскапитал”, “Очир Ундраа ОМЗ”, “Финанс хөгжил”, “Мобифинанс”, “Сэкюр финанс”, “Цэнтрал капитал”, “Ивээл инвест”  гэсэн 2019 оны шилдгийн шагнал хүртсэн   долоон байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах аялалд 63 ББСБ-ын захирал, менежер, эдийн засагч зэрэг мэргэжлийн 63 хүн хамрагдсан.  “COVID-2019”-тэй холбоотойгоор тус аялал өмнөх жилүүдээс оройтож болсон ч “ББСБ тур 2020” маш  амжилттай боллоо.

МББСБХ-ноос  дээрх шилдэг байгууллагуудаа шалгаруулахдаа 5.0 тэрбум төгрөгөөс дээш болон доош дүрмийн сантай гэж авч үзэн тус бүрд нь шилдэг байгууллага, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ, шилдэг санхүүгийн хүртээмжтэй, шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч гэсэн ангилалуудаар шалгаруулжээ. 

Шилдэг ББСБ-уудынхан  маань  ч зочдоо найрсаг, халуун дулаан сэтгэлээр  угтан авч, яагаад шилдэг болсон туршлага хийгээд “COVID-19”-тэй хүндхэн цаг үед бизнесээ  хэрхэн амжилттай  удирдаж байгаа талаараа танилцуулж, оролцогчдын олонхын сонирхсон “Зээлээ хэрхэн бууруулах вэ”, Зээлийн багцын чанар, чанаргүй зээлийг хэрхэн нам түвшинд барьж байгаа, дотоод хяналт шалгалтын онцлог, санхүүгийн программын шинэчлэл, цахим зээл олголт гээд олон чиглэлээр сонирхсон асуултад нь  хариулт өгч, харамгүй туршлага солилцож байсан юм.

Хэдийгээр “COVID-19”-тэй холбоотойгоор манай улсын бизнес, эдийн засгийн салбарт уруудсан үзүүлэлт бишгүй  байгаа бол харин  шилдэг банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд баяртай мэдээ, хуваалцах амжилт бүтээл арвинтай аж. Тухайлбал, манай аяллын багийн эхний зочилсон байгууллага болох “Транскапитал” ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзул “Транскапитал Global Banking & Finance Review гэх олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлийн жил бүр тодруулдаг NEXT100 шилдэг олон улсын бизнесийн байгууллагуудын жагсаалтад  шалгарсан   талаарх баяртай мэдээ дөнгөж дуулаад буйгаа  хуваалцсан юм. Түүнээс гадна эл өдөр  Олон Улсын Санхүүгийн  Корпорацитай  12 сая ам.доллартай дүйцэх төгрөгийн санхүүжилтийн гэрээг үзэглэж байгаа, мөн тухайн байгууллагатай хамтран ажиллах болсон анхны ББСБ болж байгаа талаараа ч  дуулгасан. “Транскапитал”-ын хувьд  өнгөрсөн оны эцэст нийт 66 тэрбум төгрөгийн гадаад дотоодын санхүүжилттэйгээр, нийт 98 тэр бум төгрөгийн актив хөрөнгөтэй  өндөр үр бүтээлтэй ажилласан байна.

 Мэргэжлийн, шударга, чин  эрмэлзэлтэй багаар Монгол Улс даяар  хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх алсын хараатай тус байгууллагын хувьд өнөөдрийн байдлаар 12000 гаруй  харилцагчтай бөгөөд Улаанбаатар хот болон орон нутагт 35 салбартайгаар  үйл ажиллагаа явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт хамгийн олон салбартай ББСБ бөгөөд  нийт харилцагчдынх нь 40 хувь нь орон нутгийнх байдгаараа онцлогтой. Мөн эднийх ногоон зээл олгохоос гадна компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2000 иргэнд таван тэрбум төгрөгийн барьцаагүй зээлийн үлдэгдэлтэй 2019 оныг үджээ.        

Мөн З.Алтанзул захирал МББСБХ-ны тэргүүний хувьд энэ үеэр зочдод хандан “2020 он бол манай салбарынхны хувьд харилцагчидтайгаа COVID19н нөхцөл байдлын талаар ойлголцож, маш сайн хамтран ажиллах нь туршлага, сорилт өгсөн жил байлаа. Энэ эрсдэлийг даван туулж чадаж байгаа бол энэ нь ирээдүйдээ оруулж буй маш том туршлагын  хөрөнгө оруулалт юм” гэв.

Бидний дараагийн зогсоол “Очир Ундраа ОМЗ” байлаа. МББСБХ-ны олон удаагийн шилдэг шагналтай тус  байгууллагын хувьд 2008 онд 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттайгаар  байгуулагдаж байжээ. Түүнээс хойш тасралтгүй өргөжин хөгжсөөр 2019 онд ISO 9001:2015 олон  улсын стандартыг санхүүгийн салбартаа анхлан нэвтрүүлсэн гэдгээрээ онцлогтой юм. Эрдэнэт хотод 2017 онд салбараа нээсэн байна. Нийт 17000 харилцагчид  170 гаруй тэрбум төгрөгийн зээл олгож, 2019 оны байдлаар нийт хөрөнгө 27.2 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 18.4 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 2.1 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Түүнчлэн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг чухалчилж ирсэн бөгөөд байгууллага санхүүгийн программын шинэчлэлдээ нэлээд анхаарч ирсэн аж.

Шуурхай зээл, хэрэглээний зээл, бизнесийн зээл, валют арилжаа, итгэлцлийн зээл гэсэн  чиглэлд үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн саяхан татан буугдсан “Бичил санхүүгийн хөгжлийн сан”-тай хамтран хэрэгжүүлсэн зээлийн эргэн төлөлт нь маш сайн байдаг тухай тус байгууллагын гүйцэтгэх захирал Г.Цогтгэрэл онцоллоо. Ажилтнуудынхаа  сар бүрийн гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан цалин, урамшуулал олгодог аж.

Гурав дахь байгууллага “Хөгжил финанс” ББСБ. Монголын анхны ББСБ-уудын нэг буюу 17 дахь жилээ үйл ажиллагаа явуулж буй тус байгууллагын хувьд тогтвортой хөгжлийг чухалчилж тогтвортойгоор хөгжиж ирсэн гэдгээрээ онцлогтой. Итгэлцлийн үйлчилгээтэй 40-өөд ББСБ байдгийн нэг нь. Олон жил тогтвортой хөгжсөн талаараа  тус байгууллагын гүйцэтгэх захирал Р.Оюунбилэг хэлэхдээ “Манайх мэргэжлийн, тогтвор суурьшилтай хүний нөөцтэй байгууллага. Хувьцаа эзэмшигчид болон удирдлага, мэргэжилтнүүд бүгд мэргэжлийн. Дээр нь нэмээд харилцагчаа  халамжилж анхаарах тал дээр гойд анхаардаг” гэв. “Хөгжил финанс”-ын нийт харилцагчдын тал хувь нь давтан үйлчлүүлэгчид байдаг онцлогтой аж. Тиймээс үйлчилгээндээ өндөр хүү гэхээсээ илүүтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчилдаг байна. Нэг үгээр эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ  хэрэгжүүлж ирсэн учраас чанаргүй зээлийн асуудал ч тун бага түвшинд яригддаг байна. Мөн эдний 17 жилийн турш тогтмол өсөлттэй хөгжиж ирсэн нэг нууц нь харилцагчидаа халамжилж анхаардагийн адил ажилтнуудаа ч гэсэн тогтвор сууршилтай ажиллах талд нь цалин, урамшуулал, сургалт хөгжилд нь байнга анхаарч иржээ. Тийм болохоор хувьцаа эзэмшигчдийнх нь дотор давуу эрхтэй хувьцаа эзэмшигч долоон хүн байдаг нь ажилтнууд нь аж. Нийт ажилтнуудынх нь 75 хувь нь санхүү, эдийн засгийн мэргэжилтэй гэдгээрээ давуу. Мөн ажилчдын гүйцэтгэлийн журам мөрддөг бөгөөд ур чадварын болон удаан жилийн нэмэгдэл цалин тооцдог байна. Өнгөрсөн онд татварт  92 сая төгрөг төлсөн байна.

Дөрөв дэх зогсоол “Мобифинанс” ББСБ. Цахим мөнгөний гүйлгээнээс бусад нь толгой компани болох “Мобиком” корпорациар хийгддэг тус компанийн хувьд салбарынхандаа технологит суурилсан санхүүгийн шийдлүүдийн хөгжлийнхөө талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцав. “Зээл олгоод ашиг олох нь бидний зорилго биш. Хамгийн зөв эко систем бий болгож үр ашиг хүртэх нь чухал байдаг” хэмээн “Мобиком” корпорацийн Санхүү эрхэлсэн захирал Б.Үнэнбат онцолсон. Тус компани өнгөрсөн есдүгээр сараас эхлээд “Candy” үйлчилгээгээ “Monpay”  нэртэй  үндэсний төлбөрийн шийдэл рүү шилжүүлжээ. Нэг “Monpay” нэг төгрөгтэй тэнцдэг байна. 2018 онд тус байгууллага Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монголбанкнаас цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан байна. Цахим санхүүгийн үйлчилгээ амьдралын хэв маягт нийцсэн үндэсний төлбөрийн шийдэл болгох зорилгыг агуулж дээрх брэндүүдийг үүсгэн хөгжүүлж байгаа аж. Түүнчлэн “Мобиком”-ын хамтарч ажилладаг 9000 гаруй байгууллагад “Monpay” үйлчилгээг хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээгээр төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа юм байна.

Нийт 1.6 сая хэрэглэгчид хүрч үйлчилдэг “Мобиком” корпорацийн хувьд 39 нягтлантай аж. Санхүү бүртгэлийг автоматжуулах томоохон программыг ч амжилттай нэвтрүүлээд буй юм. Үүний эхний төслөөрөө 270 хүн/цаг хэмнэсэн байна.

Мөн аяллын багийнхныг “Мобиком” –ын цахим мөнгөний гүйлгээний хэсэг болон корпорацийн технологийн шийдэл гаргадаг хэсгүүдтэй танилцуулсан нь зочдод сонирхолтой байсан болов уу. Учир нь,  хогоо ялгаж ангилж хогийн саванд хийж хэвшихээс авахуулаад, суугаа ажилтай ажилтнууд цаг тутамд дасгал хийх, цайны цагийн үед унтаж амрах орчин нөхцөлийг ч бүрэн бүрдүүлж өгсөн байдагтай танилцав.

  Биднийг хүлээн авсан тав дахь ББСБ бол “Сэкюр финанс”. Тус компанийн захирал Т.Тэгшжаргал “Хоймор” оффист  байрлах ажлынхаа байранд угтсан юм. Зээлийн үйлчилгээ явуулдаггүй захиргааны ажилтнууд голдуу суудаг гэх байр нь жижигхэн талбайд маш өвөрмөц гоё тохижилттой байснаараа онцлог. Цагаан, ногоон хоёрхон өнгөний хослолоор  тухтай  орчиныг  бүрдүүлж чадсан Т.Тэгшжаргал захирал эмэгтэй  хүнийхээ  хувьд гоо зүйн өндөр мэдрэмжтэй бололтой. Манай багийнхан маань эднийд мэдээлэл сонсохоосоо илүүтэй зураг авахад түлхүү анхаарсан гэх үү дээ.

“Сэкюр финанс”-ыг 2017 онд хоёр ажилтантай, 800 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байгуулж байсан бол өдгөө дөрвөн ч салбартай, 20 –иод ажилтантай болж өргөжсөн байна.  Одоогоор эднийх таван тэрбум төгрөгөөс доош дүрмийн сантай ББСБ-д орж байгаа ч тус байгууллага эхний  таван жилд 10 тэрбумаас дээш активтай болно гэсэн зорилттой ажилладаг  байна. “Ойрын 10 жилийн дотор Монголын тэргүүлэгч ББСБ-уудын дотор орж ирэх боломжтой” хэмээн Т.Тэгшжаргал захирал итгэлтэй өгүүлж байв. Тэрбээр ийм амжилтад хүрэхэд  хамгийн гол нь сууриа  сайн тавих гэж үзсэн учраас эхний гурван жилд  хөгжлийнхөө тулгуурт анхаарч ажиллажээ.

Аяллын багийнхан маань долоон шилдэг ББСБ-аар нэг өдөрт бүгдэнгээр  нь орж амжина гэж тооцсон учраас нэлээд хурдтай явсаар байлаа. Зургаа дахь байгууллага руугаа гарахад бүх хүн жаахан алжаасан шинжтэй  автобусандаа суув. Цэцэрлэг сургууль тарах цаг ч дөхөж байсан болохоор зарим нь оройны ажлаа хэрхэн зохицуулах талаараа ч яарч сандрах талдаа болсон. Тэгж явсаар “MN towert”-т ирэв.

Тус барилгад байрлах “Централ капитал”-ын олон нийтийг хуйлруулаад байгаа Кmobimn үйлчилгээтэй нэгдүгээр давхарт танилцав. Тэгчихээд 15-р давхарт гарч “Централ капитал”-тай танилцлаа.  Хамгийн сүүлийн үеийн гоёмсог барилгын нэг давхрыг бүтэн эзэгнэсэн тус ББСБ 2016 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэхэд итгэхээргүй. Яагаад тэгж  хэлж байна вэ гэвэл 2018 онд 13 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2019 онд 52 тэрбум төгрөгт хүрч,  харилцагчийн тоо нь 2018 онд 1600 байсан бол 2019 онд 55 мянга болж огцом өсчээ. Анх 2016 онд нэг салбар, гурван ажилтантай байсан бол одоо таван салбар 43 ажилтантай болж. Орон нутагт хоёр салбартай.

“Централ капитал”-ын ийнхүү огцом өсөлт үзүүлсэн шалтгаан нь дараах онцлог үйлчилгээнүүдтэй  нь холбоотой. Хамгийн гол анхаарал татаж буй нь 2019 онд эхлүүлсэн kmobimn буюу хүүгүй, барьцаагүй 1-10 сая хүртэл  төгрөгийн зээл олгох үйлчилгээ аж. Kmobimn  үйлчилгээ нь 13 ажилтантай бөгөөд 80.000 хэрэглэгч татах боломжтой бөгөөд түүний тал хувь нь хэдийнэ харилцагч болж амжжээ. Мөн ипотекийн зээлтэй ижил, илүү хялбарчилсан ч гэж болох  нөхцөлөөр харилцагчдадаа орон сууцны зээл олгодог нь  компани  огцом өсөлт үзүүлэх нэг нөхцөл болжээ. Орон сууцны  зээлд хамрагдах гэсэн харилцагчид байрны ам метрийн хэмжээ, зээлийн дээд хязгаар тавихгүйгээр 30 хувийн урьдчилгаатай жилийн 3-8 хувийн хүүтэй зээл олгодог байна.

Алжаасан, ар тал руугаа  яарсан  аялагчид маань “Централ капитал”-ын саруулхан том, тухтай өрөөний цонхоор Улаанбаатарыг тольдсон шигээ санаа амар хэсэгхэн саатав.

Мөн тус байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд Налайх дүүргийн төрөх  эмнэлгийн Эмгэг нярайн тасгийг бүрэн засварлаж, тохижуулж өгсөн байна. Алслагдсан дүүргийн эмнэлгийг сонгож, жил бүр тогтмол үйлчилгээ үзүүлдэг болсондоо  ажилтнууд нь ч  тун баяртай байдгаа сонирхуулж байлаа.

За хамгийн сүүлчийн зогсоол. Аравдугаар хороололд байрлах “Ивээл инвест” ББСБ.

Хоёр автобусаар гарсан манай аяллын багийн  эхний хэсгийг өглөө эртээ хүлээн авч, үдсэн “Ивээл”-ийнхэн маань биднийг өдөржингөө хүлээсэн нь илт. Очсон газар бүрт бүсгүйчүүд голдуу ажилтнууд угтаж, үйлчилсэн бол  энд харин дан эрчүүд угтав. Хөл хөдөлгөан  ихтэй өндөр барилга руу ч мацсангүй. Аравдугаар хорооллын зам дагуух оффисын барилгын нэгдүгээр давхарт нэг тийм дув дулаахан орчинд байх. Эдний ерөнхий нягтлангийн хийсэн танилцуулгыг сонсож дуусаад  “Ирээдүйд нэлээд том нийгмийн хариуцлагатай компани болох юм байна даа” гэж  сэтгэл дүүрэв. Монголчууд бид банк санхүүгийн байгууллагынхныг “мөнгө хүүлэгч” гэж цоллодог болсон. Гэтэл тийм биш гэдгийг орсон долоон ББСБ-аас хөндлөнгийн хүний нүдээр маш сайн харлаа.

Тэрхүү эерэг ойлголт маань хамгийн сүүлчийн энэхүү жижигхэн, цомхон хэрнээ сайн үйлсийн аянг чин зүрхнээсээ хийдэг “Ивээл” нэрэндээ тохирсон ББСБ тод харуулж байх шиг. Эднийх 2016 онд байгуулагдсан, одоо л 2.5 тэрбумын дүрмийн сандаа хүрч, зээлээс  бусад банк бус санхүүгийн үйлчилгээнүүдийн зөвшөөрлөө авахаар ажиллаж байгаа байгууллага. Тэгсэн хэрнээ анхнаасаа нийгмийн хариуцлагаа өндөрт тавьжээ. Анх байгууллагынхаа үүдийг дөнгөж нээхдээ л  орчны тохижилтод 60 орчим сая төгрөг  зарцуулсан байх жишээтэй. Түүнчлэн Шинэ жил, Цагаан сар, Хүүхдийн баяр, Хичээлийн шинэ жилийн баярын үеэр тогтмол сайн үйлсийн аян хэрэгжүүлж, өөрийн компанийн нэрийн хуудас болгож чаджээ. Тиймээс ББСБХ-ныхоо 2019 оны шилдэг сайн үйлсийн аян хэрэгжүүлэгч ББСБ-аар шалгарсан байна. 

Хамгийн гоё нь дээрх баяруудаар хийх сайн үйлсийн аянгаа нэр зүүж биш, нэр төрийн хэрэг болгож хийхийн тулд ажилтнууд нь урьдчилж хотын захын гэр хорооллоор явж, үнэхээр шинэ жилээр баярлаж чадахгүй байгаа зорилтот бүлгийн хүүхдүүдээ олж бэлгээ өгдөг байна. Бас болоогүй ээ, зүгээр нэг бэлэг өгчихгүй өөрсдөө өвгөн аав, цасан охин болж нэг хүүхдэд 5000-8000 төгрөгийн үнэтэй бэлэг боож, 150 хүүхдэд өгдөг  байна. Хүүхдийн баяраар ч ялгаагүй энэ хэмжээний хүүхдийг баярлуулдаг аж. Түүнчлэн тэтгэвртээ суусан ч энэ тэнд ажил хөдөлмөр хийдэг ахмадуудад ч   Цагаан сараар тавгийн идээ болон бусад зүйл өгөхөө мартдаггүй. Жил бүрийн Цагаан сараар  бэлэг өгөх ахмадуудынхаа байршлыг нь сольж сонгоод өгдөг аж. Мөн их, дээд сургуулийн төлбөрийн чадамж тааруу нэг оюутны төлбөрийг нэгдүгээр курсээс нь төгстөл нь даадаг байна. Энэ оюутныхаа тоог ирэх онд гуравт хүргэхээр тооцжээ.

Ингээд  хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нийт сайн үйлсийн аяндаа энэ онд гэхэд л 200 гаруй сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн хүмүүст хандсан сайн үйлсийн аянаас гадна байгалийн гамшгаас үүдэлтэй давагдашгүй хүчин зүйлсэд зориулж Улсын онцгой комисс зэрэг байгууллагад шаардлагатай тохиолдолд хандив өргөхөөр тусдаа сан үүсгэн ажилладаг гээд бод доо, гоё байгаа биз. Үүнээс гадна хүүхэд удаан шаналдаг  өвчлөл бол түлэнхий учраас түлэнхийн төвд 5.0 сая төгрөг хандивласан аж.Үүнийгээ ч жил бүр тогтмол  хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.

Үндсэн үйлчилгээ болох зээлээсээ гадна харилцагчдадаа барьцаагүйгээр “Эмч зээл”, “Багш зээл”, “Сувилагч” зээл гээд төрийн албан хаагчдад олгодог байна.

Компанийн технологийн хувьд “Хур” системийг жил гаруй хөөцөлдөж байж  дөнгөж саяхан ашиглах боломжтой болоод  байгаа аж. Мөн хэрэглэгчдэдээ цахим үйлчилгээ үзүүлэх, завгүй харилцагчдадаа газар дээр нь очиж зээл олгох  зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Эцэст нь тэмдэглэхэд дээрх долоон ББСБ-ын хувьд “COVID-19”-ийн бизнест ирэх нөлөөг эрсдэлээ зөв тооцон харьцангуй амжилттай туулж явна. Тэдний эргэлтийн хөрөнгө, зээлийн эргэн төлөлтөд тийм ч саадтай санаа зовоох том асуудал үгүй байна. Цаашаа энэ эрсдэлд нөхцөлд хэрхэн ажиллах, илүү амжилт олохоо олж харсан нь бахархалтай байлаа.

Ингээд сэтгүүлч миний хувьд санхүүгийн зах зээлийн улирал  тутмын хэвлэл болох “Financial Inclusion” сэтгүүлийнхээ ажлаар   ББСБ-ын салбарын шилдэг байгууллагуудаар орж  үйл ажиллагаатай нь танилцаж  шинэ шинэ мэдээлэл  авч,  санхүүгийн салбарынхны амжилт бүтээлээр бахархаж, суралцсан, уран бүтээлийн олз дүүрэн байлаа. Энэ боломжийг олгосон МББСБХ-ны гүйцэтгэх удирдлагад талархлаа. 

И.Отгонжаргал

ББСБ ТУР 2020 аяллын зургуудаас 

Get 30% off your first purchase

X