УИХ-ын Эрхэм гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар “Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо”-ны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал болон Стратеги Бодлогын Хорооны гишүүдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар:
Бичил болон жижиг дунд бизнесүүдийн авч буй зээлийн хүүг бууруулах арга замууд болон хүртээмжтэй санхүүжилтийг дэмжих, тусгай зөвшөөрөлгүй албан бус санхүүгийн үйл ажиллагааг хяналттай болгох асуудлуудыг хэлэлцсэн.
Мөн салбарын ололт амжилт, иргэдэд хүргэж буй хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг илүү сайжруулах хүрээнд олон нийтэд нээлттэйгээр хувьцаа, бонд гаргаж буй ББСБ-уудыг дэмжих. Цаашилбал санхүүгийн орчин дахь технологид суурилсан үйлчилгээний эрх зүйн орчинг тодорхой болгож өгөх нь нэн шаардлагатай байгаа талаар ярилцлаа.
Дээр дурдсан асуудлууд болон “ББСБ”-н өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн цаашдын бодлого зохицуулалтыг сайжруулах, ялангуяа 18 жил өөрчлөгдөөгүй “Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын үйл ажиллагааны тухай” хуулийн шинэчилсэн төслийн талаар яриа өрнүүлж, эрх зүйн орчноо сайжруулах талаар санал солилцлоо.
Уулзалт илэн далангүй найрсаг, ойлголцлоор дүүрэн байсныг хоёр тал тэмдэглэсэн юм.
Уулзалтанд оролцсон “МББСБХ”-ны төлөөлөл УИХ-ын Эрхэм гишүүд “МББСБХ”-ны удирдлагуудыг урьж уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд, эрхэм түшээдийн төр түших их үйлсэд нь өндөр амжилт хүслээ.