ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны эрхэм гишүүд, салбарын мэргэжилтнүүд болон хамтран ажилладаг байгууллагууд та бүхний амар амгаланг эрэн мэндчилье.
Монгол улсын эдийн засаг, бизнесийн салбар Ковид-19 цар тахлын улмаас ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон боловч, 2020 онд банк бус санхүүгийн салбарын эрх зүйн тогтвортой бодлого, байгууллагуудын уян хатан үйл ажиллагаа, харилцагчаа хамгаалах халамжлах зарчим, санхүүгийн технологийн хүртээмж гэх мэт зүйлсийн үр дүнд ББС-ийн салбар хүндрэлийг харьцангуй эрсдэл багатай даван туулах боломжийг бий болгов.
Салбарын хэмжээнд ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 2 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 17 хувиар өсч, зээлдэгчийн тоо 1.9 дахин нэмэгдэж 788.0 мянгад хүрч, зээлийн дундаж хүү 2.4 хувиар буурсан, нийт 2.8 сая харилцагчтай болсон байна. Харилцагч, зээлдэгчийн тоон өсөлт нь санхүүгийн цахим үйлчилгээтэй шууд холбоотой бөгөөд цар тахал, хөл хорионы үед ард иргэдэд хамгийн эрэлт хэрэгцээтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ нь болжээ.
МББСБХ цаг үеийн нөхцөл байдлыг үл харгалзан, гишүүдийнхээ өмнө хүлээсэн үндсэн ажлуудаа амжилттай хэрэгжүүллээ. Холбоо гишүүдийн нийтлэг эрх ашиг, цаг үеийн тулгамдсан асуудлуудад шуурхай арга хэмжээ авч ажилснаас гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлан харилцагчийн эрх ашгийг хамгаалах, хандив тусламж, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг урьдаас илүү гишүүдийн хамтын оролцоотой амжилттай гүйцэтгэлээ.
Монгол Улсыг ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргахад холбогдох ажлуудыг Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран амжилттай хэрэгжүүлсэн, мөн эдийн засгийн хүндрэлтэй үед салбарын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулах хүсэлтүүдийг хүргүүлж шийдвэрлүүлжээ. СЗХ-ны дэргэдэх Бичил Санхүүгийн Бодлогын Зөвлөлөөр дамжуулж салбарт тулгамдаж байгаа асуудлуудаа тухай бүр хэлэлцэж хамтран ажиллаа. “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай,” “Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай” зэрэг холбогдох хуулийн төслүүдэд саналаа хүргүүллээ. Мөн, Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээний шимтгэлийг хойшлуулах, арилжааны банкнууд ББСБ-уудын валютын гүйлгээнд хязгаарлалт тавьсаныг зогсоох хүсэлтүүдийг хүргүүлж шийдвэрлэжээ.
Холбооны гишүүд цар тахалтай холбогдуулан бичил, жижиг бизнес эрхлэгчид, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах, дэмжих зорилгоор үйл ажиллагаа нь доголдсон зээлдэгчийн төлбөрийг хойшлуулах, сунгах үүргээ биелүүлж ажилласнаас гадна, зээлийн шимтгэл 0% болгох, хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, зээлдэгчийг өрийн дарамтад оруулахгүй байх зэрэг Холбооны уриалгуудыг дуу нэгтэй дэмжиж ажиллаж чаджээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 64 гишүүн ББСБ-ууд нийт 100.000.000 төгрөгийн хандивыг Улсын Онцгой Комисст хүлээлгэн өглөө. Монгол улсын шадар сайдын тушаалаар байгуулагдсан Бизнесийн зөвлөх зөвлөлд МҮХАҮТ-тай хамтран ажиллах зэрэг төр болон төрийн бус байгууллагуудтай хөл хорио тогтоохтой холбоотой ББСБ-ууд болон харилцагчдад тулгамдаж байгаа асуудлаар санал хүсэлтийг хүргүүлж ажиллаж байна.
Нийтийг хамарсан Холбооны зарим ажлууд хэрэгжих боломжгүй байсан ч уламжлалт арга хэмжээнүүдээ зохион байгуулж, сургалт болон бусад салбарын холбогдох мэдээллүүдийг цахимаар тогтмол хүргэж ажилласандаа баяртай байна.
Холбоо шинэ нөхцөл байдалтай уялдуулж гишүүддээ үйл ажиллагаагаа илүү хүртээмжтэй байлгах, салбарын ирээдүйн хөгжлийг тодорхойлох хууль эрх зүйн орчинг сайжруулах, нэр хүндийг өсгөх, хамгаалах үйл ажиллагаануудад онцгой анхаарч ажиллаж байна.
Эрхэм зорилгоо хэрэгжүүлэх үйл хэрэгт нэгдмэл дуу хоолойгоор дэмжлэг болж байдаг гишүүн байгууллагууд, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ажлын алба, хамтран ажилладаг төр болон төрийн бус байгууллагууд, компаниуддаа чинь сэтгэлийн талархал дэвшүүлж ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн, Монголын ББСБ-уудын Холбооны Ерөнхийлөгч З.Алтанзул