Цар тахалын нөлөөгөөр хөл хорионы зарчим үйлчилж байсан ч цахим орчны давуу талыг ашиглан зорилтот ажлуудаа тасралтгүй явуулж тодорхой дэвшил бас ахиц гарсныг хуралд оролцогчид онцолж байсан. Тухайлбал хөл хорионы үед бизнесийнхэн “тэг зогсолт” хийж хүндрэлд орж байсан ч технологийн дэвшил, финтекийн нөлөөгөөр банкны бус санхүүгийн салбар 2021 оны жилийн эцсийн байдлаар нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 703.1 тэрбум төгрөгөөр өсч 2.7 их наяд төгрөгт хүрсэн нь санхүүгийн салбарын 6.6 хувьтай тэнцэж буй талаар статистик мэдээллээс харж болно. Хурлын үеэр МББСБХ-ны гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр “Энэ жил МББСБХ-ны 20 жилийн ой тохиож байгаа. Бид ойн хүрээнд нийгэм рүү чиглэсэн, салбарынхаа нэр хүндийг өсгөх ажлыг түлхүү хийхэд анхаарах ёстой. Түүнчлэн хуулийн шинэчилсэн найруулгад маш ихээр анхаарал хандуулж байгаа учраас бид хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож дорвитой шинэчлэл хийлгэхээр зорих хэрэгтэй юм. Учир нь энэ хууль шинэчлэн батлагдсанаар дараагийн 20 жил салбарын хөгжил дэвшил хийгээд алдаа оноог дэнслэх учиртай. Тиймээс хүн бүрийн санал, санаачилга чухал байгаа юм шүү” хэмээн салбарынхандаа аминчлан захиж сануулсан.
Харин энэ жилийн тухайд тэгш ой тохиож буй. Тиймээс салбар хороодын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ “Хороодын сар”-ыг үр бүтээлтэй, өгөөжтэй байдлаар зохион байгуулахаар зэхсэн байна. Түүнчлэн ногоон зээлд түлхүү анхаарч, агаар орчны бохирдуулахгүй байхаар хийж, хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэх нь гол зорилго байх болно хэмээн А.Мөнхбаяр захирал хэлсэн юм.