• Home
  • Д.ОРОЛМАА: ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ БИДНИЙ ДАВУУ ТАЛ

Д.ОРОЛМАА: ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ БИДНИЙ ДАВУУ ТАЛ

Д.ОРОЛМАА: ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ БИДНИЙ ДАВУУ ТАЛ

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны гишүүн ББСБ-н гүйцэтгэх удирдлагуудтай цуврал ярилцлага хийж байгаа билээ. Шинэ оны эхний зочноор “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-ийн (Pocket application) гүйцэтгэх захирал Д.Оролмааг урилаа.

-Банк бус санхүүгийн байгууллага тэр дундаа финтек салбарт ажиллаж байгаагийн хувьд нийгэмд үзүүлж буй үр нөлөөг хэрхэн дүгнэх вэ?

-Бидний хувьд банк бус, тэр дундаа финтек салбарт үйл ажиллагаа эрхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд цахимаар нэг сая удаагийн зээл олгожээ. Ингэснээрээ 13 тонн цаас, 22 тонн шатахуун, 33.250 хүн/өдөр хэмнэсэн гэсэн үзүүлэлт гарч байгаа юм. Үүнд хэмжигдэх боломжгүй агаарын бохирдол, замын түгжрэлийг оруулж тооцвол илүү хэмнэлт гарах болов уу. Тэгэхээр финтек салбар нь цаг хугацааг хэмнэхээс гадна байгаль орчинд ээлтэй гэдгээрээ бусдаас давуу талтай. Нөгөөтэйгүүр дээрх үзүүлэлт нь зөвхөн манай үзүүлэлт тул сүүлийн хоёр жилд хурдацтай хөгжсөн финтек салбарын бусад байгууллагуудад ч ийм хэмжээний өөрчлөлт, нөлөө гарснаар нийгэмд үзүүлж буй үр дүн илүү өндөр болох юм.

-Покет.мн одоогоос хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн хэдий ч нийгэмд аль хэдийнэ танигдсан төдийгүй салбартаа түүчээлэгч байгууллагуудын нэг болсон байна. Аливаа зүйлд сайн, муу тал бий. Цар тахлын нөлөөгөөр финтек салбар, технологийн дэвшил хурдацтайгаар нийгэмд нэвтэрч байна. Тэгэхээр гарах эрсдлийг хэрхэн харж байна вэ. Тулгамдаж буй асуудал бий юу? 

-Инвескор групп хэд хэдэн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг охин компаниудтай. Түүний нэг нь “Инвескор ББСБ” хувьцаат компани бөгөөд аль хэдийнээ салбартаа тэргүүлэгч болсон байна. Pocket аппликейшн нь “Инвескор ББСБ” компанийн охин компани бөгөөд финтек үйлчилгээг нь тусад нь хариуцан ажилладаг байгууллага юм.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын салбарууд олон бэрхшээлтэй тулгарлаа. Харин манай салбарын хувьд технологийн дэвшил, финтекийн нөлөөгөөр харьцангуй гайгүй өнгөрөөсөн гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, зайнаас ажиллаж байх үед онлайнаар зээл олгох, эргэн төлөлтийг саадгүй хийх бүрэн боломж байгааг үнэ цэнэтэйгээр мэдэрсэн. Түүнийг дагаад ковидын үед ажлын байрыг хадгалах төдийгүй хүний нөөцийг нэмэгдүүлэх хэмжээнд хүртэл ажилласан. Мэдээж хүндрэл бэрхшээл гарч байсныг орхигдуулж болохгүй. Цаашид ийм хүнд цаг үе тулгарахад хэрхэн ажиллах вэ гэдгийг зөвөөр тодорхойлж, шийдэл гаргахад сургамж болсон жилүүд өнгөрч байна. Бидний хувьд хүндрэл гарсан үед хүний ажиллагааг багасган автоматжуулах зорилго тавьсан юм. Ингээд программ хангамжийг хөгжүүлж, хүний ажлыг илүү хялбарчлахад анхаарч ажиллаж байна.

IT-гийн салбарын нэг эрсдэл нь гадны халдлагаас хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал. Ялангуяа санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай компани 2019 оны хоёрдугаар хагасаас хойш программ хөгжүүлэлт, систем хөгжүүлэлтийн ажлаа хийж эхлээд, 2020 оны нэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Программ хөгжүүлэлтийн явцдаа бидний хамгийн гол баримталсан зарчим бол ирээдүйн эрсдлээс сэргийлэхийн тулд олон улсын аюулгүй байдлын стандартыг мөрдөх явдал байсан. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001, төлбөрийн системийн аюулгүй байдлын PCI DSS стандартуудыг мөрдөж байна. Үүнийг хангаж ажиллахын тулд чамгүй ажил хийж, дотоод журам, дүрэм, ажиллагсадын баримтлах зарчим зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн. Тухайн олон улсын стандартыг баталгаажуулдаг SISA байгууллагаас улирал тутам хяналтыг хийж, хакерийн хэмжээнд ч шалгалтыг явуулдаг учраас бид системийн аюулгүй байдлыг хангаж ажилладагаараа бахархдаг.

-Финтек салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нээлттэй компани хэлбэрт шилжин ажиллаж байна. Цаашид танайх олон нийтэд нээлттэй компани болох уу?

-Байгууллагын таван жилийн стратеги төлөвлөгөөнд нээлттэй компани болох боломжтой талаар яригдсан. Хуулийн хүрээнд ямар нэг хязгаарлалт байхгүй учраас системийг илүү сайжруулж, олон улсын стандартыг мөрдүүлж хэвшүүлэх, автоматжуулалтыг 100 хувьд хүргэх зэрэг ажлуудыг 2-3 жилдээ хийхээр төлөвлөсөн юм. Эдгээрийг хийж дууссаны дараа олон нийтэд нээлттэй компани болох боломжтой гэж харж байна.

-Цаашид танай салбар финтек салбарт тулгуурласан байдлаар хөгжих үү. Эсвэл уламжлалт байдлаар явах болов уу. Ер нь цахимаар олгосон зээл эргэн төлөгдөхгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ. Санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг финтект суурилсан үйлчилгээнд тулгарч буй асуудал юу вэ?

-Инвескор ББСБ компанийн хувьд олон нийтийн нээлттэй компани болохдоо уламжлалт болон технологид тулгуурласан үйлчилгээг хослуулан ажиллах зорилго тавьж түүнийгээ танилцуулж байсан. Цаашдаа ч энэ чиглэлээ барин ажиллах болов уу.

Бизнесийнхний хувьд аливаа эрсдлийг даван туулахын тулд байнга шинийг эрэлхийлж ажилладаг. Үүнд уламжлалт болон финтекийн ялгаа гэж гарахгүй болов уу. Учир нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эргэн төлөлт хамгийн эрсдэл дагуулсан асуудал. Харин финтект суурилсан үйлчилгээний хоёр давуу тал бий. Нэгдүгээрт онлайнаар зээл олгоход хэт өндөр дүнтэй зээл гаргахгүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн төлбөрийн чадварыг автоматаар тооцоолон түүндээ тохирсон мөнгөн дүнг санал болгоно. Тэгэхээр зээлдэгчид төдийлөн санхүүгийн дарамт учруулахгүй байх боломжтой.

Хоёрдугаарт манайх урьдчилгаагүй, шимтгэлгүй худалдан авалтын зээл гаргаж байгаа бөгөөд мөн л тухайн зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцүүлж олгодог. Тэгэхээр тухайн зээлдэгчийн хэрэглээг хангахын сацуу санхүүгийн сахилга баттай болгох нэг хөшүүрэг болж байгаа нь анзаарагдаж байна. Мэдээж эрсдэлтэй харилцагчид бий. Ер нь финтек салбарын дундаж зээл олголтыг харахад нэг зээлдэгчид 142 мянган төгрөг олгосон тухай Санхүүгийн зохицуулах хорооны тайланд дурдагдсан байна лээ. Тэгэхээр ийм бага хэмжээний мөнгө төлүүлэхийн тулд үүнээс давсан зардал гаргахгүй байх үүднээс эргэн төлөлтөд эрсдлийг бууруулах бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.

-Эдийн засагт оролцогчдын дийлэнхи хэсэгт санхүүгийн боловсрол дутмаг байгаа нь зарим талаараа эрсдэл дагуулж байна уу гэж хардаг. Таны бодлоор?

-Үгүйсгэх аргагүй асуудал. Хэрэглэгч буюу иргэн өөрөө санхүүгийн боловсролтой байх хэрэгтэй. Манай компанийн хувьд хэрэглэгчдэд санхүүгийн боловсрол олгох зорилго дэвшүүлж ажилласан. Мэдээж тус салбарын төрийн байгууллагууд энэ тал дээр анхаарч ажилладаг ч хувийн хэвшил оролцоотой байх хэрэгтэй гэж хардаг. Тиймээс апп-аараа дамжуулан зөвхөн зээл олгох төдийгүй хувь хүний санхүүгийн боловсролд нэмэр болгох үүднээс мэдээлэл түгээдэг. Тухайлбал, хадгаламж хэрхэн үүсгэх вэ. Санхүүгийн сахилга баттай байхын тулд юуг анхаарах вэ. Ирээдүйд санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх вэ гэх мэтээр мэдээллийг тогтмол оруулж, жилд 100 өөр төрлийн санхүүгийн мэдээлэл хүргэхээр зорин ажиллаж байна.

Нэмж хэлэхэд, манай компани энэ жилээс Минж үржүүлгийн сантай хамтран ажиллаж эхэлсэн. Минж байгалийн тэнцвэрийг хадгалдаг амьтан учраас нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажлыг эхлүүлж байгаа. Ингэхдээ минжээрээ хоёр төрлийн дүр төрхийг үүсгэн олон нийтэд хүргэх ажлыг хийж байна. Финтек үйлчилгээнээс олсон тодорхой хэмжээний ашгийг Минж үржүүлгийн санд хандивлан, байгалийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмрээ оруулах юм. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан олон харилцагчид маань “байгалийн тэнцвэр”, “санхүүгийн тэнцвэр” гэдэг ойлголтыг аваасай гэж хүсч байна.

Эх сурвалж: Epress.mn мэдээллийн сайт “Санхүүгийн гудамж”