МББСБХ болон гишүүн ББСБ-ууд нэгдэж Улсын Онцгой Комисст 100 сая төгрөг хандивлалаа

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь Шинэ коронавирусын халдвар (COVID-19)-с урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бичил жижиг бизнес эрхлэгч иргэдийг дэмжих зорилгоор зээл олгосны шимтгэлийг 0% болгох, хүүг бууруулах боломжийг эрэлхийлж хэрэгжүүлэх, харилцагч, зээлдэгчийг өрийн дарамтад оруулахгүй байх зэрэг уриалгуудыг гишүүн байгууллагуудад гарган ажиллаж байгаа бөгөөд одоогоор 30 гаруй ББСБ-ууд уриалгад нэгдээд байна. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор мөнгөн хандив үзүүлэх уриалгыг гишүүн байгууллагуудад хандан гаргасан бөгөөд хандивын үйл ажиллагаанд гишүүн ББСБ-ууд болон МББСБХ нэгдэж нийт 100.000.000 (Нэг зуун сая) төгрөг цугларсныг ард иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нэн шаардлагатай зүйлүүд болох амны хаалт, нүдний шил, нүүрний хамгаалалт, Комбинзон зэргийг худалдан авахад хандивлаж буйгаа илэрхийлж МББСБ холбооны зүгээс Гүйцэтгэх Захирал Ж.Алтангэрэл Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшинд гардууллаа. Мөн хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ББСБ-ууд нэгдэж орон нутгийнхаа Онцгой Байдлын Газар-т хандив өргөсөн байна.