“МББСБХ”-НЫ ЛОГО ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байгууллагын билэг тэмдэг буюу Логогоо (цаашид лого гэх..) шинэчиллээ. Бид Логог өөрчлөхдөө дараах билэгдлийг оруулахыг зорьсон.
-Үндсэн өнгийг алдагдуулахгүй байх
-Монголчуудын өв уламжлан ирсэн билэгдлийг оруулах
-Санхүүгийн салбар учраас өсөн үржих билэгдлийг оруулах
-Санхүүгийн байгууллага гэдэг утгаараа одоогийн санхүүгийн байгууллагуудыг билэгддэг зоосны хэвийг багтаах
-Бид дан ганц Монгол Улсаар хязгаарлагдахгүй дэлхий даяар санхүүгийн үйл ажиллагаа явуулна гэсэн билэгдлүүдийг оруулан Логогоо бүтээлгэхээр зорьсон.
Гурван компаниас нийт 25 загвар ирснээс Удирдах Зөвлөлөөр хэлэлцүүлэн “Брэндо” компанийн бүтээсэн Логоны загварыг сонголоо. Энэхүү загварт бидний хүссэн агуулгыг оруулж чадсан гэж захиалагчийн зүгээс үзсэн болно.
Билэгдэл
Өнгө: Өмнөх логоны улаан, хөх өнгийг шинэ логон дээр нэг их өөрчлөлгүйгээр оруулсан.
Улаан өнгө нь хөгжин бадрах, дэвшин дээшлэхийг голлон билэгддэг. Мөн нэр хүнд, өөртөө итгэлтэй байдал, эрч хүч, идэвхтэй байдлыг билэгддэг бол хөх өнгө нь итгэлцэл, үнэнч байдлын илэрхийлэл юм. Хөх өнгийг мөрөөдөл, нээлттэй харилцаа, саад тотгороос үл айгч өнгө ч гэдэг.
Хэлбэр: Дэлхий тэнхлэгээрээ баруунаасаа зүүн тийш 23 цаг 56 минут 4 секунд эргэдэг эргэх хөдөлгөөнийг бэлгэдэн дугуй дүрсийг билэгдсэн бол гэрийн доторх орон зайг гал голомтоор төв хийж баруун зүүн, хоймор үүдэн тал гэж үндсэн дөрвөн хэсэгт хуваасан. Мөн Монголын Санхүүгийн системээр хязгаарлахгүйгээр дэлхийн хэмжээнд өрсөлдөнө гэсэн билэгдлийг дэлхийн хэлбэрээр төлөөлүүллээ.
Зоос: Санхүүгийн байгууллагуудын нэгдэл гэдэг утгаар нь арилжааны банкнууд, манай гишүүн байгууллагуудын логонд зоосыг түгээмлээр хэрэглэдэг. Эрт дээр үеэс гүйлгээний гол хэрэгсэл болох зоосыг дэлхий даяараа өргөн хэрэглэж байлаа. Түүн дундаа Азийн ард түмэн дундаа дөрвөлжин нүхтэй зоосыг илүү өргөн ашигладаг байсан.
Таван нүдэн: Зоосны дунд талын нүхийг Монголчуудын эртнээс билэгдэл болгодог таван нүдэнгээр тодотголоо. Таван нүдэн нь үндсэндээ дөрвөн арвайг нийлүүлсэн хэлбэртэй бөгөөд арвай мэт өсөж үржих, сайн сайхан дэлгэрэх, эд агуурс арвижих, аливаа үйл хэрэг дэгжих хөгжихийн билэгдэлтэй ажээ. Монгол язгууртнууд, дайчин эрсийн хуяг өмсгөл, эмээлийн гөлөм, дэвс, бүүрэг, дөрөө, хувцас, шууны хамгаалалт буюу харавч, адуу малын тамга, уламжлалт тоглоом, алт мөнгөн аяга, цэргийн зэр зэвсэг тэр дундаа сэлэмний мөр, бариул дээр таван нүдэн сийлсэн байдаг. Билгэдэл зүйн талаас нь авч үзвэл аюул ослоос хамгаалах хүч болон, мөнх хөх тэнгэр дөрвөн зүгийг билэгдсэн хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл мөнх тэнгэрийн ивээлээр дөрвөн зүг, найман зовхисыг эрхшээж түүнээс ирж болох аюулаас хуяглан хамгаалах эрхшээлтэй юм. Гэх мэтээр Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны билэг тэмдэгийг тайлж уншина уу.