Хурлын үеэр МББСБХолбооны Ерөнхийлөгч З.Алтанзул “Холбоо 20 жилийн туршид 3 үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд оролцогч талуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, дотоод гадаадын стандартыг салбартаа хэвшүүлэх, ажилтнуудын мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжих, мөн гадаад дотоодын холбогдох байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлж гишүүддээ үнэ цэнэ бий болгох зорилтуудыг амжилттай хэрэгжүүлжээ. Анхлан бичил, жижиг, дунд бизнесүүдийг дэмжих зээлийн үйлчилгээ давамгайлж байсан салбар байсан бол өнөөдөр 4,500-аад боловсон хүчинтэй, 10 жилийн өмнө 229 тэрбум төгрөг байсан нийт хөрөнгө 3,4 их наяд төгрөг болж 15 дахин өсөж зах зээлийн боломжийг алдалгүй хөгжүүлж чадсан байна. Өөрөөр хэлбэл харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тус бүрийн төрөлжсөн, мэргэшсэн, цахим шийдлийг ашиглан үйлчилгээг хүргэж санхүүгийн салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэ өсөлт дэвшил нь холбоо судалгаа шинжилгээний сууриа бэхжүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгцээг улам нэмэгдүүлж байна” гэв.