• Home
  • СЗХ-НЫ ББСБ-Н ГАЗРЫН ДАРГА Б.ИТГЭЛСҮРЭН: МЭНДЧИЛГЭЭ

СЗХ-НЫ ББСБ-Н ГАЗРЫН ДАРГА Б.ИТГЭЛСҮРЭН: МЭНДЧИЛГЭЭ

СЗХ-НЫ ББСБ-Н ГАЗРЫН ДАРГА Б.ИТГЭЛСҮРЭН: МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Дэлхий дахинд тархаад буй Коронавируст халдварын цар тахал Монгол улсад тархаж Засгийн газраас хол хорио тогтоож, эдийн засгийн хүндрэл үүсч буй энэ хүнд үед саад бэрхшээлийг боломж болгон ашиглаж цахим хэлбэрээр бүх гишүүдийн ээлжит хурлаа зохион байгуулж байгаа Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны нийт гишүүд, удирдлагууд, албан хаагчид та бүхэнд талархал илэрхийлье.

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Банк бус санхүүгийн Байгууллагуудын Холбоотой харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд салбарын хууль эрх зүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах чиглэлээр олон жилийн хугацаанд хамтран ажилласаар өнөөдрийг хүрлээ.

Бидний хамтын ажиллагааны ололт амжилтаас дурдвал, МББСБХ 2015 оноос ББСБ-уудын удирдлага, ажилтнуудад зориулсан бүх төрлийн сургалтыг танхимаар болон цахимаар амжилттай зохион байгуулж салбарын ажилчдыг чадавхижуулах, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн явдал юм.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй  бодлогын арга хэмжээг салбарын нийт оролцогчдод түгээх, мэдээлэх, сурталчилах, ялангуяа улс оронд хол хорио тогтоож, эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрүүдийг салбарын хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж улмаар Улсын онцгой комисст 100 сая төгрөгийн хандив өргөж байсан явдалд та бүхэнд талархаж байдаг юмаа.

Цаашид бидний өмнө Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн батлуулж, салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, салбарын оролцогч, хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх чухал үе ирээд байна. Эдийн засгийн хүндрэл үүссэн энэ цаг үед салбарыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүндрэлийг хамтдаа даван туулахад та бүхний хичээл зүтгэл чухал үүрэгтэй билээ.

Хорооны болон хувийн зүгээс Та бүхний ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд хүнд бэрх цаг үеийг хамтдаа даван туулж Банк бус санхүүгийн байгууллагын салбараа Монгол улсынхаа эдийн засагт томоохон байр суурь эзэлж, үүрэг гүйцэтгэсэн нөлөө бүхий салбар болгон хөгжүүлэх өлзийтэй ерөөлийг өргөе.

Хүндэтгэсэн,

СЗХ-ны ББСБГ-ын дарга

Б.Итгэлсүрэн