“Инвескор” ББСБ өдгөө 200 гаруй ажилтантай бөгөөд ажилтнуудынхаа санаачилсан төсөл хөтөлбөрт 120 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Түүнчлэн ажилтнуудаа чадавхжуулах сургалтад 90 гаруй цагийг зарцуулсан байна.
Тус ББСБ санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө, факторингийн үйлчилгээ үзүүлэхээс гадна тендерт оролцох, банкнаас зээл авах, төсөл хөтөлбөрт хамрагдах хөрөнгийн баталгаа гаргадаг нь онцлог байлаа. Түүнчлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагуудыг дэмжих “Аллианс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь технологид суурилласан санхүүгийн нэгэн сонирхолтой шийдэл болсон гэдгийг тухайн төслийг хамтдаа хэрэгжүүлж буй ББСБ-дад олдох нэг боломж гэж харж байна.
Цар тахал дэлхий нийтийг хамарч байгаа энэ үед Инвескорынхон зээлдэгчидээ дэмжих бодлого барьж ажилласан. Тодруулбал, 30 гаруй тэрбум төгрөгийн зээлийн нөхцлийг өөрчилж хугацааг нь сунгажээ. Короновирусийн халдварын улмаас бизнесүүд хүндрэлтэй байгаа хэдий ч зээлийн эрсдэлээ бага төвшинд барьж ажиллаж байгаагаа аяллын үеэр танилцуулж байсан. Инвескорынхон ирэх жилийн хувьд өөдрөг төсөөлөлтэй байгаагаа танилцуулж байлаа. Тухайлбал, зээлийн багцын өсөлт болон борлуулалтын ажлаа өөдрөгөөр төсөөлж, эрсдэлийн хамгаалалтаа боловсруулж байгаа аж.
Өнгөрсөн наймдугаар сард “Рио тинто” компанийхан “Инвескор” ББСБ-тай хамтран нэг сая ам.долларын эх үүсвэрээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Тэд эмэгтэй бизнес эрхлэгч болон өрх толгойлсон эцэг, эхийг дэмжихийг зорьж буйгаа аялалын багийнханд дуулгалаа. Энэхүү зээл нь жилийн 4.8 хувийн хүүтэй бөгөөд зээлийн дээд хязгаар нь 30 сая төгрөг байх ажээ.
Хамгийн гол нь цар тахалын нөлөөлөлд өртөж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн гэдгийг онцолсноор салбартаа тэргүүлэгч, олимпийг Монголчуудад үзүүлж шуугиан тарьсан ББСБ-аар зочилж аяллалаа эхлүүлсэн юм.