МЭНДЧИЛГЭЭ

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны удирдах болон хяналтын зөвлөл, гишүүн байгууллагууд, хамтрагч болон мэргэжилтэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Банк бус санхүүгийн байгууллагын салбар нь үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн, ёс зүйтэй хөгжлийн олон улсын чиг хандлага, стандартыг нэвтрүүлэн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа билээ.

Холбоо, салбарын тогтвортой хөгжлийг хангах үндсэн зорилгын хүрээнд бодлогын өмгөөлөл, хүний нөөцийг чадавхжуулан мэргэшүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг дэмжин урамшуулах чиглэлээр төрийн болон ТББ, олон улсын байгууллага, танхимууд, их сургууль, хувийн хэвшлийн байгууллагуудтай бодлогын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэн ажиллаж байна. Түүнчлэн гишүүдийн хамтаар салбарын дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөө, ББСБ-ын мөрдөх ёс зүйн дүрмээ СЗХ-оос санал авч, боловсруулан харилцагчийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчин нийгмийн засаглалыг сайжруулах, санхүүгийн боловсролыг түгээх, нийгмийн хариуцлага, комплаенсын хэрэгжилтэд манлайлах зорилгоор олон талт арга хэмжээг мөн хэрэгжүүлж байна.

Холбоо нь үүсгэн байгуулагдсан 2002 оноос хойш улс орны болон салбарын хөгжилд нэн шаардлагатай хууль тогтоомж, дүрэм, журамд өөрийн байр сууриа бататтай илэрхийлж, эрх үүргээ хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үргэлжилж буй төсөл хөтөлбөрүүд болон бодлогын хамтын ажиллагааг дунд хугацаанд бодит үр дүнд хүргэхээс гадна төрийн зарим чиг үүргийг шилжүүлэн авах, өөрийн суурь нөөцийг бэхжүүлэн хүчирхжүүлэх чиглэлээр арга хэмжээ авах болно.

 

Холбооны үйл ажиллагааг цаг үргэлж дэмжиж, нэгдмэл чанараа хадгалан өөрийн мэдлэг туршлага, сэтгэлээ зориулан ажиллаж Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт Гишүүд болон салбарын оролцогч Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

                                                                                  Хүндэтгэсэн,

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч С.МӨНХЗУЛ

bbsb