ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

МББСБХолбооны үйл ажиллагааг цаг үргэлж дэмжиж ирсэн эрхэм гишүүд, хамтрагч байгууллагууд болон мэргэжилтэнгүүд та бүхний амар амгаланг эрэн мэндчилье.

ББСБ-ын салбар харилцагч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тус бүрийн төрөлжсөн, мэргэшсэн үйлчилгээг хүргэж санхүүгийн салбарт өрсөлдөөнийг улам нэмэгдүүлэн ажиллаж байна.   Өнөөдрийн байдлаар ББСБ-ын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөг, хувьцаа эзэмшигчдийн тоо 23 мянга, зээлдэгчийн тоо 1.6 сая, нийт харилцагчийн тоо 4.9 саяд хүрсэн ба санхүүгийн технологид суурилсан хөгжил, бичил санхүү, тогтвортой санхүүжилттэй зэрэгцэн хөгжиж байгаарай онцлогтой байна. 

2022 онд Холбоо салбарын холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд нийт гишүүдийн оролцоотойгоор саналаа хүргүүлж, харилцагчийг хамгаалах, байгаль орчин нийгмийн засаглалыг сайжруулах, нийгмийн хариуцлагын олон талын ажлуудыг хийж гүйцэтгэж, салбарын комплаенсын хэрэгжилтийг дараагийн шатанд хүргэн ажиллах зорилгоор тодорхой үр дүнд хүрэн ажиллалаа. 

Бид “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн дэд ажлын хэсэгт оролцон хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гишүүдийн саналыг хүргүүлсэн бөгөөд хууль батлагдсанаар өнөөгийн харилцагчийн хэрэгцээнд илүү нийцсэн, төрөлжсөн, уян хатан, үйлчилгээ үзүүлэх боломжуудыг бий болгоно гэж үзэж байна. 

Мөн, Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд МББСБХолбоо, СЗХороо, салбарын төлөөлөл бүхий ББСБ-ууд Тунхаг бичиг байгуулан, салбартаа уриалга гарган хамтран ажиллахаар болж байна.  Үүнтэй холбоотой “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжин Холбооны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийж, ББСБ салбар 10 жилийн туршид 2,750,000 мод тарих ажлыг эхлүүлээд байгаа билээ.

 

Бид салбарынхаа харилцагчийн хамгаалах, засаглал, комплаенсийг улам сайжруулхад онцгой анхаарч, нийт 800 аад ажилчидыг гадаад дотоодын сургалтуудад хамруулж мэдлэг чадвараа дээшлүүллээ. Мөн Комплаенсийн мэргэжлийн зөвлөл үүсгэн байгуулж мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эрсдэлийг бууруулах, хамтын ажиллагаагаар мэдлэг туршлагаа хуваалцах хүрээнд ажиллаж байна. 

 

Төр, хувийн хэвшил, холбогдох талуудын гүүр нь болсон Холбоо 20 жилийн ойгоо амжилттэй тэмдэглэн, 2022 оны туршид олон талын сайн үйлсийн аян, хамтын ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулж, тэр дундаа бизнесийн мэргэжлийн холбоод, Танхимууд,  байгууллагуудын дэмжлэгтэйгээр санхүүгийн хүртээмжийг ард иргэдэд чанартай хүргэх  ажлуудыг амжилттай хамтран гүйцэтгэсэн байна.

 

Холбоо Санхүүгийн зохицуулах хороотой байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж холбогдох дүрэм журам, хууль тогтоомжид саналаа хүргүүлж, салбарт тулгамдаж байгаа асуудлуудаа тухай бүр хэлэлцэж хамтран ажиллаа. 

МББСХолбоо бичил жижиг дунд бизнес, ногоон санхүүжилт, төсөл хөтөлбөрийг дамжуулан хүртээмжийг нэмэгдүүлэх ажлаа үргэлжлүүлэн, бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллах болно.  

Холбооны үйл ажиллагааг цаг үргэлж дэмжиж бодлогоор чиглүүлж байдаг УЗ гишүүд, нэгдмэл чанараа хадгалж ирсэн холбооны нийт гишүүн ББСБууд, Ажлын алба, хамтран ажилладаг байгууллагууд та бүхэндээ чинь сэтгэлийн талархал илэрхийлж, ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!

                                                                                        Хүндэтгэсэн, Монголын ББСБ-уудын Холбооны Ерөнхийлөгч З.АЛТАНЗУЛ