Алтан од
МББСБХолбоо нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилах, оны шилдэг ББСБ болон ажилтныг сонгон шалгаруулах “Алтан од” хэмээх нэр хүндтэй арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
2022 ОНЫ ШИЛДЭГЭЭР ДАРААХ БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАРСАН
“Бичил Глобус Финанс” ББСБ нь 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдрийн байдлаар 60 гаруй чадварлаг боловсон хүчинтэй, 17 салбар нэгжээр дамжуулан нийт 5600 гаруй харилцагчийн санхүүгийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, харилцагчдынхаа итгэлийг даасан томоохон ББСБ-уудын нэг юм. Хөрөнгө оруулалтын зах зээл дээр Хаалттай бонд, Итгэлцэл болон хөрөнгө татах сувгуудаар дамжуулан нийт 20 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж санхүүгийн хүртээмжийг улам бүр иргэдэд ойртуулан ажиллаж байна.
Simple нь олон улсын стандартыг хангасан банк санхүүгийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи дээр суурилсан инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчдийнхээ санхүүгийн харилцааг хялбаршуулах, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн бүрт нийцсэн дижитал зээлийн үйлчилгээний томоохон орон зайг бий болгохоор зорьж 2020 оны арваннэгдүгээр сарын 4-нд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Simple апп нь 373 мянган бүртгэлтэй
хэрэглэгчтэй, үүнээс зээл авсан
харилцагчийн тоо 80 мянга гаруй
болж чаджээ. Мөн зээлийн багцын
хэмжээ ₮200 тэрбумд хүрсэн амжилттай байна.
“Гялс Кредит” ББСБ нь 2015 оны 5 сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос зээлийн үйлчилгээ, цахим төлбөр тооцоо, гадаад мөнгөн гуйвуулга болон валют арилжааны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эхлүүлж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагт 15 салбар нэгжтэй, Улаанбаатар хотод 5 салбар хурдацтай хөгжиж буй санхүүгийн байгууллага болоод байна.
“Омни капитал” ББСБ нь санхүүгийн зах зээлийн дижитал шилжилтийг хурдасгаж, хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх технологийн шийдлүүдийг бий болгохоор 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн зах зээлд “Мони” зээлийн аппликейшн, “Кeep” хувийн санхүүгийн бүртгэл үүсгэх боломжтой аппликейшн зэрэг финтекийн бүтээгдэхүүнүүдийг гаргаад байгаа бөгөөд технологиороо дамжуулан хэрэглэгчдэдээ санхүүгийн боловсрол олгоход анхаарч ажиллаж байна.
“Инвескор Хэтэвч ББСБ” нь 2019 онд Инвескор Санхүүгийн Байгууллагын охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд 2020 оны 1-р улирлаас эхлэн цахим төлбөр тооцоо болон зээлийн үйлчилгээ үзүүлэх Покет аппликейшнийг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд харилцагчдынхаа санхүүгийн найдвартай туслах байх зорилготойгоор ажиллаж байна. Инвескор Хэтэвч ББСБ нь нийгмийн хариуцлагын хүрээнд экологи болон санхүүгийн тэнцвэрийг хангах зорилготой “Тэнцвэр” аяныг хэрэгжүүлж байна. Экологийн тэнцэрийг хангахад мод тарих, модны ургалтыг дэмжих, цэвэр усны нөөцийг хэмнэх хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн бөгөөд уг арга хэмжээгээ Минж Үржүүлэх Төв, МББСБХолбоо, Тэрбум мод сан, Нийслэлийн Хот Тохижилтын Газартай хамтран зохион байгуулсан.
Хас Хаан ББСБ нь СЗХорооны 2008 оны 165 тоот тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Хасхаан ББСБ нь өөрийн харилцагч байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж USD, CNY, EURO зэрэг голлох валютуудаар, уян хатан бодлого баримтлан арилжааг хийж байна.