БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МЭРГЭШҮҮЛЭХ 3 БҮТЭН ӨДРИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
- By admin
- In Үндсэн мэдээ
- 0 comment
Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.11 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын хугацаанд ББСБ-ын удирдлага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна.” гэж заасан.
Үүний дагуу 2024 оны 10 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “ББСБ-ын гүйцэтгэх захирал мэргэшүүлэх” энэ удаагийн сургалтад Улаанбаатар хот, Дархан хот, Эрдэнэт хот, Өвөрхангай аймгийн 34 ББСБ-ын 35 гүйцэтгэх захирал, удирдлагууд хамрагдлаа.
Тус сургалтад Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллагуудын газрын дарга Б.Итгэлсүрэн, тус газрын референт Ч.Батцэцэг, Компанийн засаглал, комплаенсын хэлтсийн дарга А.Авир, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч Б.Төрсайхан мөн тус газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны мэргэжилтэн У.Цэрэндулам, ХЭЗХ-ийн ахлах референт Д.Лхагвасүрэн нар оролцож “Салбарын өнөөгийн байдал, ББСБ-ын онцлог, хууль эрхзүйн орчин”, “ББСБ-ын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй журам, заавар”, “ББСБ-уудад хийгдэж буй зайны болон газар дээрх хяналт шалгалт, ББСБ-ын нягтлан бодох бүртгэл, холбогдох заавар, тайлан мэдээ ирүүлэх”, Мөнгө угаах терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр” болон “Компанийн засаглал” зэрэг сэдвүүдээр сургалт орсон бол “Зээлийн мэдээллийн сангийн тухай” сэдвээр Монгол Банкны ЗМА-наас холбогдох албан хаагчид мэдээлэл өглөө. Мөн “Мөнгө угаах гэмт хэрэг” сэдвээр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны ЭЗГХТГ-ын МУГХТХ-ээс холбогдох албан тушаалтнууд сургалт орон бодит кейсүүд дээр ярилцан урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн “ББСБ-ын эрсдэлийн төрлүүд түүний удирдлага”, “Шүүх, шүүхийн шийдвэрийн ажиллагаа”, “ББСБ-ын дотоод хяналт болон дотоод аудитыг бий болгох нь”, “Шинэ хөдөлмөрийн тухай хуулийн бизнест үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөлөл” зэрэг сэдвээр салбаруудын болон Холбооны мэргэшсэн багш нар нийт 25 кредит цагийн сургалт орлоо.
Мөн “Хариуцлагатай санхүүгийн жил”-ийн хүрээнд “Санхүүгийн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах”, “Тогтвортой санхүүгийн суурь ойлголт, ОУ-ын чиг хандлага”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах нь” сэдвүүдээр мөн сургалт орлоо.
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны хамтарсан уг сургалтад амжилттай хамрагдсан удирдлагуудад СЗХ-ны ББСБГ-ын Ахлах зөвлөх Д.Болдмягмар, Холбооны Ерөнхийлөгч З.Алтанзул нар гэрчилгээ гардууллаа.
Энэхүү бүтэн 3 өдрийн сургалтад идэвхтэй хамрагдаж өөрийн мэдлэг, чадвартаа хөрөнгө оруулсан удирдлагууддаа болон сургалт орсон багш нартаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
You may also like
“АЛТАН ОД-2024”-ын ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
- November 16, 2024
- by admin
- in Үндсэн мэдээ