БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МЭРГЭШҮҮЛЭХ 3 БҮТЭН ӨДРИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 68 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын 2.1.5 дахь хэсэгт заасны дагуу шинээр тусгай зөвшөөрөл авч буй ББСБ-уудын удирдлагуудад зориулсан “Банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал мэргэшүүлэх сургалт”-ыг 2025 оны 4-р сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Говь-Алтай, Говьсүмбэр аймгийн 42 ББСБ-ын 44 гүйцэтгэх захирал, удирдлагууд хамрагдсан.
Тус сургалтад Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллагуудын газрын ахлах референт Н.Баярсайхан, референт Б.Тунгалаг, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах зөвлөх Б.Баянмөнх, ахлах хянан шалгагч Ч.Сугарцэрэн, мөн тус газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны мэргэжилтэн У.Цэрэндулам Компанийн засаглал, комплаенсын хэлтсийн дарга А.Авир, ХЭЗХ-ийн ахлах референт Д.Лхагвасүрэн нар оролцож “Салбарын өнөөгийн байдал, ББСБ-ын онцлог, хууль эрхзүйн орчин”, “ББСБ-ын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй журам, заавар”, “ББСБ-уудад хийгдэж буй зайны болон газар дээрх хяналт шалгалт, ББСБ-ын нягтлан бодох бүртгэл, холбогдох заавар, тайлан мэдээ ирүүлэх”, Мөнгө угаах терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр” болон “Компанийн засаглал”, “ Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашийг хамгаалах хууль эрхзүйн орчин” зэрэг сэдвүүдээр, “Мөнгө угаах гэмт хэрэг” сэдвээр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны ЭЗГХТГ-ын холбогдох албан тушаалтан сургалт орч бодит кейсүүд дээр ярилцан урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Мөн “ББСБ-ын эрсдэлийн төрлүүд түүний удирдлага”, “Шүүх, шүүхийн шийдвэрийн ажиллагаа”, “ББСБ-ын дотоод хяналт болон дотоод аудитыг бий болгох нь”, “Хөдөлмөрийн харилцаа” зэрэг сэдвээр салбаруудын болон Холбооны мэргэшсэн багш нар нийт 26 кредит цагийн сургалт оров.
Түүнчлэн Холбооны “Харилцагч төвтэй санхүүгийн жил-2025” урианы хүрээнд “Хүний хувийн мэдээллийг хамгаалах нь”, “Тогтвортой санхүүгийн суурь ойлголт, ОУ-ын чиг хандлага”, “Санхүүгийн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах сайн туршлага” сэдвүүдээр Монгол Улсын хүний эрхийн комисс, ТоС холбоо, ЛэндМН байгууллагын сургагч багш нар хүрэлцэн ирж мэдлэг, мэдээллийг олголоо.
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны хамтарсан уг сургалтад амжилттай хамрагдсан удирдлагуудад СЗХ-ны ББСБГ-ын ахлах зөвлөх Д.Болдмягмар, Холбооны ерөнхийлөгч С.Мөнхзул нар гэрчилгээ гардууллаа.
Энэхүү бүтэн 3 өдрийн сургалтад идэвхтэй хамрагдаж өөрсдийн мэдлэг, чадвартаа хөрөнгө оруулсан удирдлагууддаа болон сургалт орсон багш нартаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.










