Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр Монголбанканд зохион байгуулагдсан “Санхүүгийн хэрэглэгчийн эрх хамгаалалт” хэлэлцүүлэгт хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос оролцлоо.
Хэлэлцүүлгээр банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын туршлага, хуулийн төслийн гол зохицуулалтуудыг танилцуулж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банк, банк бус санхүүгийн байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй санал солилцлоо.
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төсөл нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээний ил тод, шударга байдлыг хангах зорилготой юм.
Тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МББСБХолбооны төлөөлөл орсон бөгөөд тус хуулийн төсөлд санхүүгийн байгууллагын эрхийг тэгш хангах чиглэлээр салбарын дуу хойлоог хүргэн ажиллаж байна.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны зүгээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд салбарын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгын хүрээнд Cerise-SPTF ОУ-ын байгууллагаас баталсан “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах олон улсын стандарт”-ыг Монгол Улсад нэвтрүүлэн гишүүн байгууллагуудын ажилтнууд болон санхүүгийн хэрэглэгчдийг чадавхжуулах сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх боловсон хүчнийг бэлтгэн ажиллаж байна.
Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Банк бус санхүүгийн байгууллагын дагаж мөрдөх ёс зүйн дүрэм”-ийг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ.
Уг дүрэм нь бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг ил тод хүргэх, хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах, өрийн дарамтын эрсдэлийг бууруулах, гомдол саналыг шийдвэрлэх зарчмуудаас бүрддэг бөгөөд тус хуулийн агуулга, зорилготой нийцэж байгаа юм.





