ББСБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын 2.1.5 дахь хэсэгт заасны дагуу шинээр тусгай зөвшөөрөл авч буй ББСБ-уудын удирдлагуудад зориулсан “Банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал мэргэшүүлэх сургалт”-ыг 2026 оны 9-р сарын 30, 10-р сарын 01,02-ны өдрүүдэд зохион байгуулсан ба энэ удаагийн сургалтад 26 ББСБ-ын 29 гүйцэтгэх захирал, удирдлагууд хамрагдлаа.
Сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газар, Хяналт шалгалт, зохицуулалтын газар, Компанийн засаглал, комплаенсын хэлтэс, Санхүүгийн боловсролын сургалтын алба болон Мөнгө угаахтай тэмцэх албаны холбогдох мэргэжилтэн, төлөөллүүд оролцож, ББСБ-ын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журам, зохицуулалт, хяналт шалгалт, тайлагнал болон холбогдох бусад чиглэлээр практик мэдлэг олголоо.
Мөн салбарын болон Холбооны мэргэшсэн багш, экспертүүд ББСБ-ын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хүний нөөцийн бодлого, ББСБ-ын эрсдэлийн удирдлага, кибер аюулгүй байдал, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах, хүний хувийн мэдээллийг хамгаалах, тогтвортой санхүүжилтийн суурь ойлголт, олон улсын чиг хандлага, ББСБ-ын салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага болон Монгол Улсын эдийн засгийн төлөв, чиг хандлага зэрэг сэдвээр зохих мэдлэг, мэдээллийг олгов.
Нийт 26 кредит цагийн хөтөлбөрөөр зохион байгуулагдсан энэхүү сургалт нь ББСБ-ын удирдлагуудад салбарын зохицуулалт, засаглал, комплаенс, эрсдэлийн удирдлага, тогтвортой санхүүжилт болон эдийн засгийн орчны талаарх ойлголтоо өргөжүүлж, удирдлагын өдөр тутмын болон стратегийн шийдвэр гаргалтад шаардлагатай мэргэжлийн ур чадвараа ахиулахад чиглэгдлээ.
Сургалтад идэвх санаачилгатай оролцож, мэргэжлийн мэдлэг, ур чадвартаа хөрөнгө оруулсан нийт захирал, удирдлагууддаа талархал илэрхийлье.
Та бүхний цаашдын ажил, үйлсэд өндөр амжилт хүсье.





