МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН САЛБАРТ АНХНЫ ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ТӨРЛӨӨ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Санхүүгийн зах зээлийн салбарын төлөөллийг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Банк бус санхүүгийн байгууллагын салбарын хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, Монгол Улсын эдийн засагт хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж дараах эрхмүүдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
-“Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цол тэмдгээр Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, “БИД ББСБ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.Алтансүх
-“Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон”-гоор Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, “Транскапитал ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Алтанзул
-“Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон”-гоор “Монголын санхүүгийн групп ББСБ” ХХК-ийн Санхүү удирдлагын албаны ахлах мэргэжилтэн Д.Жавзанпагам
-“Алтангадас одон”-гоор “Бэрс финанс ББСБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Дамдинбазар
-“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч, “Прокредит ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхзул
-“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Ард кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Сүхбаатар
-“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар “Хатан суудал инвест ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Хосгариг нар тус тус шагнагдлаа.
Банк бус санхүүгийн байгууллагын салбар нь санхүүгийн зах зээлд бичил, жижиг бизнес эрхлэгчид болон иргэдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж ирсэн онцлогтой бөгөөд тогтвортой хөгжлийн олон улсын стандартууд, технологийн хөгжлийг түүчээлж санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ. Тус салбар нь 2025 оны байдлаар ДНБ-ий 10 гаруй хувийг бүрдүүлж, улсын төсөвт 197,0 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, давхардсан тоогоор 4.1 сая харилцагчид хүрч үйлчлэн 7000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн дээд цол, одон медаль хүртсэн эрхмүүддээ Бүх гишүүдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.







