Санхүүгийн зохицуулах хорооны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” нээлттэй өдөрлөг
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо харилцагчийн эрх ашгийг хамгаалах, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа олон нийтэд танилцууллаа.
Тухайлбал, МББСБХолбоо салбарын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгын хүрээнд олон улсын Cerise+SPTF байгууллагын “Харилцагчийг хамгаалах олон улсын стандарт”-ыг Монгол Улсад нэвтрүүлэх, гишүүн байгууллагуудын ажилтнууд болон санхүүгийн хэрэглэгчдийг чадавхжуулах сургалтыг удирдан явуулах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр ажиллаж байна.
Мөн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран боловсруулсан “Банк бус санхүүгийн байгууллагын дагаж мөрдөх ёс зүйн дүрэм”-ийг хэрэгжүүлэхийг уриалан, холбогдох сургалтын хөтөлбөрийг боловсруулж байна.
Энэхүү Ёс зүйн дүрэм нь харилцагчийн эрх ашгийг хамгаалах, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг ойлгомжтой, ил тод хүргэх, хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах, өрийн дарамтын эрсдэлийг бууруулах, гомдол саналыг шударга, шуурхай шийдвэрлэх зэрэг зарчмуудаас бүрдсэн.
Санхүүгийн хүртээмж нь санхүүгийн салбарыг өсгөдөг бол харилцагчийн итгэл нь санхүүгийн салбарыг тогтвортой хөгжүүлдэг. Нөгөө талаас санхүүгийн үйлчилгээ иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж, олон хүнд хүрэхийн хэрээр харилцагчийг хамгаалах асуудал урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна.
Тиймээс банк бус санхүүгийн байгууллагын салбар харилцагчийн итгэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарч, санхүүгийн боловсролоос санхүүгийн соёл руу чиглэсэн энэхүү өөрчлөлтөд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Түүнчлэн иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, мэдлэг мэдээлэл түгээх зорилтын хүрээнд цахим залилангийн гэмт хэргийг бууруулах, иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой “Хашир бай” үндэсний аяныг Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.







