“ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН САНХҮҮГИЙН КОД” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Монгол Улсад бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ердөө 17 хувь нь банкны зээлтэй байгаа нь санхүүжилтийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулдаг ч эмэгтэй удирдлагатай ЖДҮ эрхлэгчдийн дундаж зээлийн хэмжээ 66.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийн дундаж зээлийн хэмжээнээс 45.6 хувиар бага, жилийн зээлийн хүү нь 0.8 нэгж хувиар өндөр байна.
Тиймээс эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг санхүүгийн саад бэрхшээлийг бодитойгоор шийдвэрлэх, тэгш бус байдлыг бууруулах, жендерийн тэгш хүртээмжтэй бодлого боловсруулах энэхүү санаачилгыг Монгол Улсын хэмжээнд төр, ТББ, олон улсын байгууллага, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр эхлүүлж буй юм.
Монгол Улс дэлхийн 30 орчим улсад хэрэгжиж буй энэхүү санаачилгад нэгдэж буй Төв Ази, Европын бүсийн 4 дэх улс болж байгаа бөгөөд нэгдсэнээр санхүүгийн байгууллагууд хүйсээр ангилсан мэдээлэл цуглуулж, эдгээрт суурилсан бодлого боловсруулах үндэс тавигдах, жендер таксономи, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өгөгдлийн систем зэрэг олон улсын аргачлалыг нутагшуулах, үүгээр дамжуулан зохицуулагч байгууллагуудын өгөгдөлд суурилсан бодлогын чадавх сайжрах, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг хөгжлийн банкуудаас санхүү, техникийн туслалцаа авах суурь бүрдэх юм.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь салбарын 43 байгууллагын хамтаар тус кодод нэгдэхээ илэрхийлж Холбооны ерөнхийлөгч С.Мөнхзул гарын үсэг зурлаа.
Түүнчлэн арга хэмжээний үеэр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт панел хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд уг хэлэлцүүлэгт Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Транскапитал ББСБ-ын Гүйцэтгэх захирал З.Алтанзул, Инвескор ББСБ-ын Хөрөнгө оруулалт хариуцсан захирал С.Тулга нар оролцож өөрсдийн байгууллагад хэрэгжүүлж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт болон туршлагаасаа хуваалцлаа.


