БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МББСБХолбоо Бүх гишүүдийн хурлаа 2026 оны 03 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Холбоо 2026 онд “Харилцагч төвтэй санхүүгийн жил” уриан дор салбарын тогтвортой хөгжлийг дэмжсэн олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлж, холбогдох үйл ажиллагааг гишүүн байгууллагууд болон тэдгээрийн харилцагчид, иргэд рүү чиглүүлэн хэрэгжүүлэх болно.
Холбооны ерөнхийлөгч С.Мөнхзул хурлын нээлтийн үгэндээ “Бид сүүлийн жилүүдэд гишүүдийн хамтаар Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд харилцагчийг хамгаалах олон улсын зарчмыг хэрэгжүүлэн хэвшүүлэх, комплаенсыг хангуулах, эрх зүйн орчныг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг иргэд, ЖДҮ-д хүргэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаа.
Энэ хүрээнд 2025 онд ББСБ-ын ёс зүйн дүрмийг боловсруулан гишүүн байгууллагууд, зохицуулагч болон олон улсын байгууллагатай хамтран харилцагчийг өрийн дарамтаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн, шат дараалан хэрэгжүүлж байна. Түүнчлэн төрийн бүх түвшний шийдвэр гаргалтад салбарын нийтлэг эрх ашгийг тусгуулах, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх шалтгаан нөхцөлийг багасгах чиглэлээр ажилласан.
Мөн гишүүдийн тоог 51%-д хүргэж, Холбооны сургалт, судалгааны суурь баазыг бэхжүүлэх үүднээс өөрийн оффис, сургалтын байртай болж байна” хэмээв.
Түүнчлэн 2026 онд “Харилцагч төвтэй санхүүгийн жил” уриан дор дээр дурдсан үйл ажиллагаануудыг үргэлжлүүлэн үр дүнд хүрч, салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгааг хийж, салбарыг нийгэмд сурталчлан таниулах үйл ажиллагааг иргэд, олон нийт рүү чиглүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг онцлон дурдлаа.
Энэ удаагийн Бүх гишүүдийн хуралд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Бичил санхүүгийн бодлогын зөвлөлийн дарга Ө.Гэрэлт-Од хүрэлцэн ирж, салбарын оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон ББСБ-уудад тулгамдаж буй гол асуудлуудын нэг болох хөрөнгө оруулалтын асуудлыг дундын сан байгуулах замаар шийдвэрлэх нь олон улсын сайн туршлагуудын нэг байдаг талаар дурдлаа.
Хуралд Санхүүгийн зохицуулах хорооны ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн, 2025 онд СЗХорооноос авч хэрэгжүүлсэн бодлогын шийдвэр, арга хэмжээний үр дүнгийн талаар танилцуулж, тухайн шийдвэр арга хэмжээнүүдэд ББСБ-ууд Холбоогоороо дамжуулан идэвхтэй саналаа ирүүлж, түргэн шуурхай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв.
Мөн хууль санаачлагчдын зүгээс салбарын хөгжилд шууд нөлөөлөх тодорхой хуулиудын төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Тэдгээрт СЗХороо болон Холбооноос санал аваад явж байна. Түүнчлэн 2026 оныг ББСБ-ын салбарын хувьд томоохон сорилтын жил гэж харж буйгаа илэрхийлж, 24 жилийн түүхтэй салбарын 51% хувийг өөрийн гишүүнчлэлдээ нэгтгэсэн Холбооныхоо хуралд ирц бүрэн оролцож байгаа нь Та бүхний нэгдмэл байдлыг илтгэж байна хэмээн онцлон тэмдэглэж хэллээ.
Хурлын үеэр “Монгол улсад нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлж, ногоон зээлийг дэмжихийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурах гурван талт арга хэмжээ болж дараах байгууллагууд тунхагт нэгдлээ. Үүнд:
• БСБ ФИНАНС
• НЭЙШНЛКАПИТАЛ ГРУПП
• ТАЙКУН ФИНАНС
• ХӨГЖИХ КАПИТАЛ
• ЕСӨН ШИЖИР ИНВЕСТ
• ВИЛЭНД КАПИТАЛ
• АРВИЖИХ КАПИТАЛ
• АЛТАН ГУУ
Хурлаар Холбооны Ажлын алба 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг нийт гишүүддээ тайлагнасан ба Хяналтын зөвлөлийн гишүүн Н.Урантуяа Аудитын тайлан, Холбооны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, гишүүд хангалттай сайн гэж дүгнэв. Мөн 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг бүх гишүүд 100%-ийн саналаар дэмжиж баталлаа.
Хэлэлцэх асуудлын хүрээнд Холбооны Хуулийн мэргэжлийн зөвлөлийн дарга М.Цогтгэрэл Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зохицуулалтын талаар болон авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг бүх гишүүдэд танилцууллаа.
Хурлын төгсгөлд Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан Монгол Улсын эдийн засгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр илтгэл тавив.
Бүх гишүүдийн хуралд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, Холбооны үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл болон нийт гишүүн байгууллагууддаа талархал илэрхийлье.



















