МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО CERISE+SPTF БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАГЧИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛНА

Cerise+SPTF 2026 Global Meeting олон улсын уулзалт “Finance to Empower & Protect” сэдвийн дор 2026 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Египет Улсын Каир хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү уулзалтад дэлхийн санхүүгийн салбарын нийт 370 гаруй оролцогч, 13 улсын Зохицуулагч байгууллагууд оролцож, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, харилцагчаа чадавхжуулах, харилцагчийн тэсвэрлэх чадварыг дэмжих гэсэн үндсэн 3 чиглэлийн хүрээнд одоогийн нөхцөл байдал, бодит кэйс болон сайн туршлагаасаа хуваалцсан маш үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Монгол Улсаас тус арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, тус газрын мэргэжилтэн Г.Номин-Эрдэнэ мөн Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Мөнхзул болон Лэндмн ББСБ ХК-ийн Борлуулалт, хамтын ажиллагаа хариуцсан захирал Г.Энхжаргал нар оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр МББСБХолбоо нь CERISE+SPTF байгууллагын Гүйцэтгэх захирал Laura Foose, RIFF-Зүүн Өмнөд Ази болон SEPM Pro-ийн захирал Nitin Madan болон Люксембургийн Гадаад болон европын харилцаа, батлан хамгаалах, хөгжлийн хамтын ажиллагаа, гадаад худалдааны яамны Хөгжлийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Anna Letta нартай уулзаж “Харилцагчийг хамгаалах олон улсын стандарт”-ыг Монгол Улсад нэвтрүүлж буй ажлын хэрэгжилт, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон бөгөөд CERISE+SPTF байгууллагатай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцлоо.
Уулзалтаар СЗХ-ноос бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бол CERISE+SPTF байгууллагын зүгээс стандартын хэрэгжилт дээр техник туслалцаа болон төслийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.






